Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ баг байгуулагдлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадралын 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Шигшээ баг байгуулах тухай” А/43 тоот тушаалаар 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын нэрс тодорсон билээ.
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах XI удаагийн тэмцээн нь ОХУ-ын “Санктпетербург” хотноо явагдах бөгөөд уг тэмцээнд манай улсаас 8 тамирчин багийн ахлах дасгалжуулагчийн хамт оролцох болсон байна. 2013, 2014 онуудад зохион байгуулагдсан ГУТОТС-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож 2 төрөлд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан. Шинээр бүрдсэн шигшээ багийн тамирчид 03 дугаар 23-ны өдрөөс эхлэн нэгдсэн бэлтгэлдээ хамрагдаж байгаа бөгөөд улирал тутам 14 хоногийн нэгдсэн цугларалт, дасгал сургуулилтыг ОБЕГ-ын “Аврагч” бэлтгэл сургуулилтын төвд хийж гүйцэтгэх ажээ. Энэ улирлын бэлтгэл сургуулилтыг ХСИС-ийн багш, ОУ-ын хэмжээний мастер, Онцгой байдлын дэд хурандаа С.Баттөмөр удирдан ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна.