Гадаа гэр барьж байгаад албан тушаалд очдог, УИХ-ын гишүүн болдог буруу жишиг тогтчихлоо
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Хаврын чуулганаас олон асуудлыг шийдэх байх гэсэн хүлээлт их байна. Гэтэл чуулганы эхний өдрөөс л эдийн засаг сэргэхэд нэмэр болно гэж байсан Таван толгойн асуудал гацаанд ороод эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?
Миний хувьд ч ялгаагүй ард түмэнтэйгээ адилхан ажил хэрэгч чуулган болоосой гэсэн хүлээлттэй байгаа. Оюу толгой, Таван толгойн томоохон төслүүдээ урагшлуулах шаардлагатай. Би ч гэлтгүй манай гишүүд ч гэсэн ийм бодолтой байх шиг байна. Хоёр том төслөө хөдөлгөе гээд хуулиас гадуур явж болохгүй. Хамгийн гол нь хуулийн хүрээнд асуудлуудаа шийдээд явах нь зөв.
Монгол Улс хуультай гэдгээ мартаж болохгүй. Засгийн газар хариуцлагатай байж Таван толгойг Оюу толгой шиг болгочихгүйн тулд хичээх ёстой. Оюу толгой өмнө хөдлөөгүй биш хөдөлсөн. Өнөөдөр харин өгөөж нь ямар байгаа билээ гэдэг дээр ард түмэн дүгнэлтээ хийж байгаа байх. Таван толгой ч гэсэн таг зогсчихоогүй явж л байна. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч байна уу гэвэл үгүй. УИХ-ын дарга хуулийнхаа хүрээнд асуудлыг тавьсан болов уу.
Монголын ард түмэн Таван толгой ордоос 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Таван толгойн нэг толгойг нь хувийн компани ашиглаж байгаа бол дөрвөн толгой нь улсын мэдэлд байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаас Хятадын төрийн өмчийн оролцоотой компаниуд явж байгаа. Таван толгойн асуудлыг хурдан хэлэлцээд хөдөлгөх ёстой гэсэн байр суурьтай явна даа, би. Засгийн газар нь бид хариуцлагаа хүлээгээд явж чадна гэж байгаа бол өөр хэрэг.
-Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдэгдлийг хараад байхад УИХ Засгийн газрынхаа эсрэг зогсчихов уу гэлтэй харагдсан. Шийдлийн Засгийн газрын үр дүнг та хэрхэн харж байгаа вэ. Хүсээд байсан Ардын намтайгаа хамтарчихсан шүү дээ?
Шийдлийн Засгийн газар байгуулна гээд намууд хамтарч эхлэхэд л би ард түмний амьдрал ахуй, валютын ханш, инфляцийн түвшингээр ажил хэмжигдэнэ үү гэхээс дүр эсгэснээр үр дүн харагдахгүй гэдгийг хэлж байсан. Энэ байр суурин дээрээ ч байгаа. АН, МАН аль аль нь ийм ийм юм хийнэ. Ингэчихвэл сайхан болно гээд оруулж ирсэн. Тэрийг нь баталчихсан шүү дээ. Дахин хэлье. Засгийн газрын үр дүн иргэдийн амьдралаар л хэмжигдэнэ. Та нар гараад хар. Засгийн газар байгуулагдаад 100 хоног болчихсон байна. Шаардлагын хэмжээнд хүрэхгүй байнаа.
-Энэ хаврын улс төр бол Засгийн газрыг огцруулах, МАН даргаа солих гээд нэлээдгүй зүйл дээр бор шувуу нисч байна...
Хэд хоноод Засгийн газраа огцруулдаг нь тийм ч зөв зүйл биш. Анх Засгийн газар байгуулагдаж эхлэхэд нь л огцруулна гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо ч гэсэн тэд л ярьж байгаа биз.
Хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг нь харах л хэрэгтэй. Хамтарснаас өөр боломжит дараагийн хувилбар байна уу. Би бол одоохондоо зөв хувилбарыг олж харахгүй л байна.
-Өнгөрөгч долоо хоногт АН 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Фракцгүй ардчилсан намтай болж байгаагаа намын дарга нь мэдэгдсэн. Танайх шиг ил байдаг нам фракцгүй болно гэдэгт эргэлзэж байна. Ил байсан фракц далд хэлбэрт ороод бүр л хэцүүдэх юм биш үү?
Намын даргын хэлсэн үгийг албан тушаал, хөрөнгө мөнгөний тал дээр фракцалж хандахаа больё гэдгээ АН-ын 25 жилийн ойн баярын хурал дээрээ хэлсэн гэж бодож байна. Намын даргыг үг хэлж байхад залуучууд орж ирээд лоозон бариад, орилоод байсныг зөв зүйтэй зүйл гэж харахгүй байгаа. Тэр бол баярын хурал байсан. Аав, ээжийнхээ 80, 90 насны ойн баяр дээр ирчихээд отгон хүү нь янз бүрийн юм яриад байвал ямар харагдах вэ. Би л хувьдаа гадны хатгаасаар тийм зүйл хийсэн болов уу гэж бодсон. Яагаад заавал баярын хурал дээр гэж. ҮЗХ, намын хурал дээр ч юм уу хэлж болох байсан.
Өмнө нь ч гэсэн яагаад тавьж болоогүй юм. Энэ бүхэн манай намд нээлттэй. Заавал баярын хурал дээр нь тэгээд л байж байдаг. Ардчилсан намыг муухай болгож харагдуулах гэсэн юм уу. Хараад байхад аль ч намд нам дагаж гүйдэг залуучууд бий. Үүнийг нь буруу гэж байгаа юм биш. Гэхдээ зөв зүйл дээр, ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Хамгийн гол нь өөрийгөө нээж харуулах ёстой байсан. Даргын цүнх барьж гүйж байгаад албан тушаалд очих, мөнгөтэй болох гэсэн сонирхолтой болжээ.
-Хаа сайгүй л тийм байна...
Аль болох зовлон туулалгүй лифтээр өгсчих гээд байх юм. Гудамжинд явж байсан нэг нөхөр хэн нэг хүний хамаатан байж таараад нэг л өдөр том албан тушаалд очиж, том машин унадаг болсонд иргэд дургүйцэж байна. Хүн гэдэг чинь эхлээд сурч боловсроод улс орондоо юм хийж бүтээх ёстой. Ардчиллын 25 жилийн хугацаанд амар хялбараар амьдрах гэсэн, рекет шантаажаар зовлонгүй амьдрах гэсэн хүмүүс их болсон байна.
Дургүй байна гэх нэрээр гадаа гэр барьж байгаад албан тушаалд очдог, УИХ-ын гишүүн болдог буруу жишиг тогтчихлоо. Үнэхээр сурч боловсорсон залуус нь харагдахгүй хэрнээ амар хялбараар амьдарчихъя гэсэн хүмүүсийг өөхшүүлдэг нам ч байж болохгүй. Ер нь бол мэдлэг чадвартай залуучууд нь тэгж явахгүй л дээ.
-АН үнэхээр фракцгүй явж чадах юм уу?
Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Намын даргын хэлсэн үг бодлогын шинж чанартай байсан гэж ойлгосон. Улс эх орон, ард түмэн, намд хэрэгтэй зүйлийг ярьсан. Өмнө нь нам, улсын ажил тусдаа байсан бол одоо тийм биш байхаа больж байна гэдэг утгаар хэлсэн байх. Фракц бүр алга болчихгүй байх. Харин одоо бол хэрээс хэтэрчихээд байна гэдгийг хэлсэн. Цаг хугацаа харуулах байлгүй.
-УИХ-аар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Гишүүд байгуулах цаг болсон, болоогүй гэдэг дээр маргаж байна. Таны хувийн байр суурийг сонирхъё?
Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байхад зарим гишүүд соёлт хүн төрөлхтөнд байх ёстой ч гэх шиг юм ярьж байна лээ. Тэгж болохгүй ээ. Гэхдээ казиног дагаад муу муухай бүхэн хадны мангаа мэт ороод ирнэ гэж ч бодохгүй байна. Казино олон оронд байдаг. Өөрийнхөө олсон жаахан хуримтлал, төр түмний мөнгөөр гадагшаа явж тоглоод алддаг явдал байсан.
Таван жилийн өмнөхөөсөө манай нийгэм өөр болсон. БНСУ-д гэхэд ард түмний хүүхдүүд очиж ажиллаж амьдарч байна. Тэглээ гэхэд тэр улсад казино алга л байна. Зарим гишүүдийн зүгээс дэргэдээ байгаа бэлэн хоолыг халбагадаад идэж чадахгүй байна гэсэн. Энэ нь юу гэж байна вэ гэхээр тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ын мөнгөтэй хүмүүс байна.
Улсад нь тоглох эрхийг нь хаачихсан тул тэр хоолноос халбагад гэж байгаа юм. ОХУ гэхэд алс дөрвөн газрааказино байгуулж хөгжүүлнэ гэж байна. Казиногийн буруу зүйлийг нь засч залруулаад оруулаад ирж яагаад болохгүй гэж. Байгуулсны дараа улсын төсөвт нэмэртэй ч юм бил үү. Заавал хоёрыг байгуулна гэж байхаар эхлээд нэгийг байгуулаад үзэж болно. Төрийн 34 хувийн оролцоотой байж ч болох юм. 34 хувьдаа хяналтаа тавиад гадны иргэд нь ирээд тоглог л дээ. Монгол иргэдэд ч гэсэн хязгаар тавиад оруулж болно. Тэртэй тэргүй манайхан гадагшаа яваад тоглож байна.
-Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль хаврын чуулганаар батлагдана. Хуулиудын тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
Мажоритар, пропорциональ системийн аль алинд нь авах юм бий. Энэ хоёр системээр сонгуулиа явуулж ирсэн нь ололт амжилттай байсан. Үүнийгээ бид алдаж болохгүй. Ардчиллын 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага нь бидний үнэт зүйлсийн нэг байх нь гарцаагүй. Энэ бүхнээсээ ухралгүй, намууд өмчтэй байх уу, үгүй юу гэх мэтээр жил бүр ийм олон сонгууль хийгээд байх нь зөв юм уу гэдгээ шийдээд явах нь зөв.
Ер нь сонгуулийн нэг дор нь явуулаад хэдэн жилдээ сонгууль гэж улс төрждөггүй баймаар байна. Хаврын чуулганаар боломжийн хууль гаргачихвал сайн л байгаа юм. Хэрэв баталж чадахгүй бол намрын чуулган руу орлоо гэхэд намчирхал, улс төржилт нь дэвэргээд хаячих нь лдаа.
Өнөөдөр ардчиллыг сонгосон манай ард түмэн ардчилал гэдэг бол алдаагаа засдаг боломж гэдгийг харах ёстой. Хэрэв алдаагаа засч чадахгүй байгаа бол ардчилсан засагтай газар амьдарч байна гэж хэлэхэд хэцүү. Ардчилсан нам ч гэсэн алдаагаа засаад явж чадвал жинхэнэ ардчилсан нам л гэж хэлнэ. Бид ардчилсан оронд амьдарч чадаж байгаа бол амьдрал ахуй өдрөөс өдөрт дээшлээд явах ёстой л доо.
-Та чуулганы завсарлагаанаар Баянхонгор аймагт ажиллаж байна гэсэн. Иргэдийн бухимдал хэр байна вэ. Юу захиж байсан бэ?
Баянхонгор аймагтаа очиж ажиллаж байхад өнтэй өвөл болж урин хавар ирж байна гээд малчид нуруу тэнэгэр байна. Сүүлд орсон цас бусад аймгуудад хүндхэн нөхцөл байдал бий болгосон ч манай аймагт шар тос боллоо. Малчид бол амьдрал хүндэрлээ, тартагтаа тулчихлаа гэсэн зүйлийг ярихгүй байна лээ.
Харин аймгийн болон сумын төвийнхөн валютын ханшийн савлагаа, инфляцийн өсөлт амьдралд нь нөлөөлж байгаа нь мэдрэгдлээ. Өнөө жил ноолуурын үнэ тийм ч боломжийн биш байна. Өмнө нь 20 мянган төгрөг бариад гарахад тор дүүрээд ирдэг байсан бол одоо тал тортой орж ирж байх жишээтэй. Яаралтай эдийн засгийн арга хэмжээ авах ёстой гэдгийг захиж байсан.