ЭСРЭГ БАЙР СУУРЬ

С.Баяр: Надад ямар нэг улсад эзэмшдэг байшин, хаус нэг ч байхгүй

2015.04.14
Сонин: Өдрийн сонин
Дугаар : 31238
С.Баяр: Надад ямар нэг улсад эзэмшдэг байшин, хаус нэг ч байхгүй
Ерөнхий сайд асан С.Баяр

Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д долоон хаус эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ тухай С.Баяртай холбогдож энэ талаар болон Оюу толгойн гэрээний асуудлаар тодруулга авсныг хүргэж байна.

-Та хаана явна вэ. Таныг олох, тантай холбогдох гээд удлаа?

-Би Германы Baden-Wurttemberg мужийн хөдөө тосгонд явж байна. Загас үржүүлгийн төслийнхөө дагуу эндэхийн нуур цөөрөм, гол горхийг үзэж сонирхож явна.

-Та УИХ-ын гишүүн Г.Уянгын хийсэн мэдэгдлийн талаар сонссон уу?

АНУ-д байгаа миний алдарт долоон хаусын тухай юу. Сонссон, уншсан. Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна.

-Тэр долоон байшинг таных гэж нотлох баримт, зурагтайгаа гарсан байсан?

-Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.

-Та тодорхой хэлэхгүй юу?

-Мэдээж миний хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой. Манай улсад урьд нь хийгдэж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ олон сая ам.долларын авилгын хаялагатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугидаг хүмүүс бий. Тэд Оюутолгойн асар том гэрээг зүтгүүлсэнийхээ шанд маш их авилга авсан байж таарна гэж нотлох гээд бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна. Гэрээний төслөө зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдийг хүрлээ. Тооцоо талаасаа буруутгаж чадахгүй болохоор “тоншсон” болгож харагдуулах гээд байдаг. “Тоншсон” нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга олдоно гэж үздэг бололтой.

-Оюутолгойн гэрээ яагаад байнга хөндөгдөөд байна вэ?

-Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно. Тэр хэрүүлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна. Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж үздэг бол тэр бүхийг бүгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна.

-Та хэзээ Монголд ирэх вэ. Таван толгойн гэрээ бас нэлээдгүй асуудал, шуугианыг дэгдээгээд байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Эндэх ажлаа дуусгачихаад хэд хоногоос очно. Таван толгойн хувьд би яг одоо элдэв юм ярих бодол алга. Нэг удаадаа нэг л толгойн тухай сэдэв хөндөе.

Г.Уянга: С.Баяр АНУ-д долоон тансаг хаустай

2015.04.14
Сайт: Time.mn
Дугаар : 31237
Г.Уянга: С.Баяр АНУ-д долоон тансаг хаустай
УИХ-ын гишүүн Г.Уянга

УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнд Golomt.org гэх цахим хаягнаас Ерөнхий сайд асан Г.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хуасийн талаарх нэлээн дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэл ирсэн байна.

Тиймээс тэрээр уг мэдээллийг олон нийт болоод хууль хүчний байгууллагынханд дуулгасан нь энэ аж. “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ нь С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр бүртгэлтэй хаусуудын талаарх мэдээллийг олж сурвалжилж, ийнхүү буух эзэн, буцах хаягийн хамтаар тараалаа.

Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг гэнэ. Мөн бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд аж. С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсныг доорх баримтуудад хавсаргажээ.


38ХҮНДЭМЖИВ
Дэмжих
67ХҮНДЭМЖИВ
Дэмжих