УИХ дэндүү гоомой дүгнэлт хийж байна
2015.04.06Дугаар : 31054
Монгол улсын сайд М.Энхсайханы байр суурийг хүргэж байна.
Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурвал огцруулах саналыг өргөн барина гэснийг зөвхөн надад хандаж хэлээгүй байх.
Энэ нь Үндсэн хуультайгаа нийцэж байна уу гэдгийг өөрсдөө сайн харах хэрэгтэй. Цөөхөн хэдэн улстөрчдийн 2016 оны сонгуулийн ажлаас огт өөр гэж би бодож байна.
Ажлын хэсэг бол Засгийн газраас байгуулагдсан. Тэгэхээр ажлынхаа үр дүнг Засгийн газарт тайлагнана. Засгийн газар өнөөдөр хуралдаж, хэлэлцээрийн үр дүнг хэлэлцэнэ. Хэрвээ УИХ ажлын хэсэг байгуулаад хэлэлцээ хийж байсан бол УИХ-д тайлагнана. Ер нь хууль тогтоох эрх мэдэлтэй байгууллага өвөр түрийндээ орчихсон байгаа нь өнөөдөр харагдлаа. Эрх мэдлүүдээ тус тусдаа хариуцдаг байх хэрэгтэй. Засгийн газар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага үүрдэг учраас Засгийн газар эцсийнхээ шийдвэрийг гаргаад УИХ-д оруулдаг.
Засгийн газарт хуулийн орчныг нь үүсгээд эрхийг нь өгсөн. Засгийн газар ажлын хэсгээ байгуулаад шийдэх хувилбараа гаргана. Ажлын хэсэг ажлаа Засгийн газарт, Засгийн газар УИХ-д тайлагнана. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дотоод асуудалд УИХ шууд оролцож байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг.
Засгийн газарт хэлэлцээд эцэслэн шийдэгдээгүй гэрээг УИХ-д албан ёсоор хүргүүлсэн зүйл огт байхгүй. Энэ тэнд явж байгаа ажлын материалуудыг аваад дүгнэлт хийж байгаа нь дэндүү гоомой хэрэг. Бид хэлэлцээрийнхээ явцыг УИХ-д тайлагнаж байсан болохоос эцсийн үр дүнг ажлын хэсэг Засгийн газарт танилцуулна.
Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргана.
Тавантолгойн гэрээний төсөл үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй
2015.04.06Дугаар : 31053
УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийг хүргэж байна.
Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Таван Толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.
Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван Толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Таван Толгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.
Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.
Хэрэв Таван Толгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив