Н.Алгаа: Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан итгэл дүүрэн байгаа
Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч сонгох уралдаант шалгаруулалтад Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” компаниас бүрдсэн консорциум тэнцэж, Засгийн газартай эхний гэрээ хэлэлцээрээ хийгээд байна.
Гэвч одоогоор Монголын үндэсний компаниа төлөөлж 51 хувийг эзэмших “Энержи ресурс”-ийн толгой “ММC”-гийн Хонконгийн бирж дээр гаргасан хувьцааны дийлэнх нь Хятадын төрийн мэдлийн компаниудад харьяалагдаж байгаа учраас “Энержи ресурс” үндэсний компанийг төлөөлөх боломжтой эсэхэд олон гишүүн эргэлзэж буй. Тиймээс Засгийн газрыг төлөөлж ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга хүргүүлсэн.
Тэрээр асуулгын хариуг албан ёсоор өгнө гэж буй ч одоохондоо дараахаас өөр тайлбар өгөөгүй л байна. “Үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулалтыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC, Шинхуа, Сумитомо консорциум хариуцаж байгаа. Таван толгойн өмчлөлийн 51 хувийг буруу зөрүү хараад байна. Улстөрчид энэ талаар олон удаа ярьсан.
Хөрөнгөө гаргаж, бүтээж чадаагүй байж ингэж болохгүй л дээ. Хөтөлбөрөө хэрэгжүүлээд дараа нь 51 хувийг төрд шилжүүлэхээр явж болох хувилбарыг сонгоё гэхээр маргаан дэгдээгээд байгаа нь хууль бус зүйл болж байгаа юм” гэж тайлбарласан.
УИХ-ын гишүүдийн асуулгад хуулийн дагуу сайд ажлын 60 хоногтоо багтаж хариу өгөх ёстой. Тэгэхээр өөрийнх нь ярьснаар Сар шинийн өмнө гэрээ хэлэлцээрээ цэгцэлнэ гэдгээрээ зүтгэвэл ирэх 10 өдрийн дотор хариугаа өгөх ёстой.
Энэ хариултыг УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэн ч сонсох ёстой. Учир нь, ард түмэн Тавантолгойн томоохон хувьцаа эзэмшигчид болоод аль хэдийнэ батлагдчихсан хүмүүс.
Тиймээс хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алгаагаас хэлэлцээрийн явцыг тодрууллаа.
-Таван толгойн ордод хөрөнгө оруулагч сонгох хэлэлцээрийн явц хэр байгаа бол?
Гол нь шийдэх асуудал цөөхөн бий. Таван толгойд “Чалко”-гоос гадна Хөгжлийн банк болон бусад банкууд дээр байгаа өрийг шийдэх ёстой. Дээр нь эд хөрөнгө, ажиллах хүчийг ямар замаар шийдэх, Баруун, Зүүн цанхи дээр байгаа тусгай зөвшөөрлүүдийг яаж нэгдмэл болгох талаар татварын орчны асуудлаар нэлээд өндөр түвшний хэлэлцээр хийхээр төлөвлөж, ажлууд дөнгөж эхэлж байна.
Тэртээ тэргүй олон жил ашиггүй явсан, тавьсан өрөө хувийн компаниудад үүрүүлээд дуусах уу, үүнээс гарах ямар арга зам олох вэ гэдгээ л сайн сонгох хэрэгтэй. Аль, аль талдаа ашигтай шийдэх хэрэгтэй. Мэдээж тийм ашиг сонирхол ойролцоо хэлэлцээр хийхгүй бол асуудал цааш явахгүй мухардалд орох аюултай тул хоёр тал тэвчээртэй хэлэлцээр хийж байна.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан сайд ч гэсэн итгэл дүүрэн байгаа харагдсан. Учир нь, Оюутолгойгоос ялгарах онцлог нь энд төр оролцохгүй учраас хэлэлцээр илүү хурдан шуурхай явах бололцоотой.
Яагаад гэвэл Засгийн газар ямар ч хөрөнгө гаргахгүй. Хувийн компаниудад хөрөнгө гаргахаас гадна хуучин үүссэн бүх алдагдлыг үүрүүлэхээр зүтгэж байна. Нэгэнт тендер, сонгон шалгаруулалт зарлаж байхад нь хүлээн зөвшөөрсөн учраас зарим нэг зөрүүтэй ойлголтыг нэгтгэх тухай ярьж байгаа.
-Хөрөнгө оруулагчийн зүгээс урьдчилгаа мөнгө өгөх талаар ярьж байсан. “Чалко“-гийн өрийг консорциумаас төлнө гэх зэрэг санхүүгийн олон асуудал шил даран хүлээж байна?
Урьдчилгаа гэдэг Засгийн газрын тогтоол дээр тавьсан санаа. Тэгэхээр урьдчилгаа авахын тулд зээл л юм чинь ямар хүүтэй байх, авах нь зөв үү, эсвэл урьдчилгаа авах хэлбэрийг сонгохгүй байх уу гэдэг талаар ярилцаж байна.
Гэхдээ хэлэлцээр яг Засгийн газрын тогтоолын дагуу явагдаж байгаа. Урьдчилгааг бол нөгөө тал төлнө гэсэн байдалтай. Гэхдээ ямар хугацаатай, яаж авах вэ тал дээр хэлэлцээр цааш үргэлжилнэ. Мөн бид энэ урьдчилгааг юунд зарцуулахаа бодох хэрэгтэй. Өрөнд өгчихвөл урьдчилгаа авсан ямар ч хэрэггүй болно шүү дээ.