Ц.Даваасүрэн: АН энэ улс орныг яагаад ч олигтой авч явж чадахгүй
УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн
2015.03.09

Ц.Даваасүрэн: АН энэ улс орныг яагаад ч олигтой авч явж чадахгүй

УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцав. Бие даагч гишүүдийн хувьд Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаад ирсэн бөгөөд ирэх хаврын чуулганы бэлтгэл ажилдаа ороод явж байгаа гэв. 

-УИХ дахь нам, эвслийн бүлгийн гишүүдээс илүүтэй бие даагчдын зөвлөлийн гурван гишүүн ойрын үед нэлээн идэвхтэй ажиллаж байна. Шинэ 2015 оны эхээр УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүд шинэ нам байгуулах гэж байна гэж багагүй яригдсан. Тэр асуудал юу болсон бэ?

Цахим ертөнцөөр бид­­нийг дэмжигчид болон бас эсэргүүцэгчдийн зүгээс ч тийм яриа нэлээн тараах шиг болсон. Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сард мэргэжлийн судалгааны нэг байгууллага олон нийтийн дунд санал асуулга явуулсан байсан. Тэр судалгаагаар УИХ дахь бие даагчдын зөвлөл хамгийн өндөр рейтингтэй гарсан байсан.

Жишээлбэл АН-аас нэг функт, МАН-аас таван функт илүү санал авч тэргүүлсэн байна лээ. Энэ байдлуудыг судалж үзсэн олон хүн “Та нар шинэ нам байгуулаач ээ, элсэж оръё” гэсэн санал ихээхэн тавьж байгаа юм. Гэхдээ бидний хувьд яг одоогоор шийдсэн зүйл байхгүй. Ингэлээ гээд өнөөдрийн тулгамдсан байдлаас гарах өөр гарц харагдахгүй бол сонголтоо хэзээ ч хийхийг үгүйсгэх аргагүй юм.Эцсийн эцэст монгол­­чууд бүгдээрээ ирээдүйдээ итгэлтэй амьдардаг нийгэмд амьдрах эрхтэй шүү дээ.

Гэтэл өнөөдрийн хувьд нийгэм тэр чигээрээ цөхрөл, итгэл эвдэрсэн байдалтай амьдарсан болж байна л даа.Тэгэхээр Монголын нийгэмд үүсээд байгаа энэ тэгш бус хуваарилалт, шударга бус явдал, тодорхой хүлээлт үүсгэсэн асуудлуудыг нэг тийш болгох эрх ашгийн үүднээс улстөрийн гурав дахь хүчнийг хүчтэй үгүйлж, нэхэж байгаагаас ийм яриа гарч, тодорхой саналууд дэвшүүлж байна гэж ойлгож байгаа. 

Ялангуяа манай хөд­өөгийн иргэд энэ талаар асууж, лавлаж зарим нь бүр шаардаж байна лээ. Манай Хөвсгөлийн сонгогчид “За чи, энэ хоёр том намын аль нэг рүү нь оров оо, тэгвэл өөрийгөө Титаник руу үсэрлээ л гэж ойлгоорой. Энэ хоёр нам өнгөрч байгаа шүү” гэж хатуухан хэлж байсан. Товчхондоо манай иргэдийн олонх нь энэ хоёр намыг живж байгаа онгоцтой зүйрлэж байна л даа. Ер нь бол энэ хоёрт үнэхээр ард иргэд цөхөрчихсөн юм билээ. Одоо юу ч гэж худлаа амлаж, сайхан ирээдүй амлаад энэ намуудад дахиж итгэхгүй болсон байна.

Бүр өнгөрсөн хорин хэдэн жил АН-ыг ёстой цээжээрээ хамгаалдаг байсан жинхэнэ улаан хамгаалагч гэмээр хүн хүртэл “Өө одоо ах нь энэ намд ерөөсөө итгэхээ больсон. Одоо ер нь нам гэж гүйхгүй” гээд толгой сэгсрээд сууж байхтай ч тааралдаж л явлаа. Тэгэхээр манай иргэдийн тодорхой хэсэг нь нам гэж туйлширч гүйгээд байхаа больсон байна. Ер нь заавал улстөрийн намаар хуваагдаж бүхнийг хайрцаглаад байх нь явцгүй болчихлоо шүү дээ. 

За яах вэ, дэлхийн улс орнуудыг харахад улстөрийн намгүй орон гэж байхгүй л дээ. Зүгээр балар гүн ойд амьдардаг хагас зэрлэг хүмүүст нам гэсэн ойлголт байхгүй нь тодорхой. Тэгэхээр хүн төрөлхтний бодож олсон зам нь улстөрийн нам хүчнүүдэд Засгийн эрхийг ээлжлэн өгч улс орныхоо хувь заяаг даатгасаар ирсэн байна. Гэхдээ тэглээ гээд болохгүй байгааг нь бурхан шиг толгой дээрээ байнга залаад байна гэсэн үг биш юм. Хамгийн гол нь намыг ямар хүмүүс авч явж байна гэдэг нь гол асуудал шүү дээ. Миний хувьд хуучин байсан МАН-ын жирийн гишүүдийн үнэт зүйлийг өнөөдөр ч үнэлж, хүндэлж явдаг. Өнөөдрийн тухайд хэдхэн олигархын гарт орчихоод л улс орон, олон түмний төлөө явах зарчмаасаа хазайгаад байгаа юм л даа.

Хэрвээ МАН маш том шинэчлэл хийж чадвал хамгийн том улстөрийн хүчин мөн. Харамсалтай нь тэр том шинэчлэлийг одоогоор хийх боломжгүй нь өдөр тутмынх нь үйл ажиллагаанаас харагдсаар л байна. Харин АН-ын тухайд яагаад ч энэ улс орныг олигтой авч явж чадахгүй нь тодорхой болчихсон. Учир нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихэнгүүтээ хоёр гараа өргөөд “За МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулахгүй бол үнэхээр яагаад ч чадахгүй боллоо” гэдгээ зарлаж, өнөөдөр ямархуу байдалтай явж байгааг Монголын ард түмэн харж л байна шүү дээ.

Гэтэл МАН ч бас 2008 онд “АН-тай нэгдэхгүй бол болохоо байлаа” гээд л С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулж байсан л даа. Ингэж хамтрахын цаана тухайн намуудын жинхэнэ үнэнч, итгэл үнэмшлээ насаараа дагаж мөрдөж яваа гишүүдийнхээ итгэл рүү ус цацаж, тэднийгээ гудамжинд хөөгөөд гаргачихаж байгаа юм.

Зүгээр өнөөдөр МАНАН үүсгэсний хамгийн сайн тал нь Монголын ард түмэн энэ хоёр намын жинхэнэ үнэн төрхийг нь хаашаа ч бултах газаргүй болтол нь таньж мэдэрч байна. Монголын төр өнөөдөр цөөнхийн эрх ашгийг улайран хамгаалж, ямар булхайтай шийдвэрүүд гаргаж байгаа нь Цагаан сарын битүүний орой луйврын шийд­­вэрүүдийг яаравчлан бат­­ласнаар тодорхой харагдлаа л даа. АН-д ч, МАН-д ч өнөөдрийн булхай луйврыг илчилж, зоригтой шүүмжилдэг шударга улстөрчид бий.

Гэтэл Монголын төрийн тогтолцоо маань цөөнхийн эрх ашгийг улайран хамгаалдаг аалзны торонд орооцолдчихоод яаж ч чадахгүй дороо дэвхцээд байгаа болохоор яаж ч чадахгүй байна. Өнөөдөр бид С.Баярцогтын асуудлыг хэдэн удаа гаргаж тавив. Эрх баригчид түүнийг хэдэн удаа хаацайлан хамгаалаад гарч байна вэ. Гэхдээ бид хаврын чуулган эхлэнгүүт энэ нөхрийн асуудлыг дахин оруулж тавина. 

Яг үнэндээ УИХ-ын 76 гишүүний ихэнх нь намынхаа удирдлага, шийдвэрээс арай өөр бодол санаатай явдаг юм шиг надад санагддаг. Тэглээ ч гэсэн нөгөө л намын эрх ашиг гэгчид яах аргагүй дөнгөлүүлчихээд чирэгдээд яваад байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би ч тийм л замыг туулж, сүүлдээ сонголтоо хийсэн. Би өөрийгөө Хөвсгөлийн ард түмний төлөөлөл гэдгийг намаас дээгүүр тавьж чадсан учраас ямар ч дарамт шахалт, ганцаардуулалтаас айлгүй сонголтоо хийсэн.

Тэр үед гурван гишүүн МАХН-д орсон чинь зүв зүгээр явж байсан намайг хамаатуулаад намаас хөөчихсөн. Тухайн үед яагаад намайг хөөж байгаа юм гэсэн чинь “Харин тийм нэг ийм юм болчихлоо. Гэхдээ одоо ямар ч арга байхгүй” л гэсэн. Яг ийм дарамт өнөөдөр ч маш хүчтэй байгаа юм. Сая хамгийн сүүлд битүүний оройн тэр шийдвэрүүд гарахад ч АН-ын зарим гишүүнд их хүчтэй дарамт, шахалт ирсэн дуулдаж байна лээ. Өөрийнхөө хүсээгүй кнопоо дарж байгаа тэдгээр гишүүдийн хажууд бид гурав бол харьцангуй эрх чөлөөтэй л дээ.

Саяхныг хүртэл сонгодог парламент буюу олонх, цөөнхийн харьцаатай байхад бид гурвын кноп зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан нь үнэн. Нэг жишээ хэлэхэд саяхан Онцгой албан татварын хувийг тогтооход нэг ам.долларыг 1450-аар тогтоолоо шүү дээ. Өөрөөр хэлбэл архи, тамхи, спирт, түлш, шатахуун оруулж ирдэг компаниудын хувьд Онцгой албан татвар төлөхдөө жирийн бусад компаниуд шиг 1950-аар биш 1450-аар нэг ам. долларыг тооцож тооцоо хийх үнэхээр луйврын шинжтэй хуулийг оруулаад батлуулчихаж байгаа юм.

Тэгэхэд би Төсвийн байнгын хороон дарга байхдаа энэ хуулийг хоёр удаа буцааж байсан. Намайг байнгын хороон даргыг өгснөөс гурав хоногийн дараа энэ хуулийг дахин оруулж ирээд л хүчлээд баталчихсан. Тэгэхээр өнөөдрийн төр, засаг яг хэний эрх ашгийг улайран хамгаалж, ичиж зовох юмгүй луйвар хийгээд байгаа нь маш тодорхой харагдаж байна шүү дээ.

Иймэрхүү булхай луйврын шинжтэй олон асуудалд бид гурав хатуу байр сууринаас хандаж, нэг ёсондоо эд нарт гай болоод хаагаад суудаг л байсан. Харин одоо бол яах аргагүй МАНАН олонхиороо түрээд бүх луйвар булхайгаа чөлөөтэй батлаад байх боломжтой болчихлоо л доо. Бид хоёр ч удаа Монголбанкны Н.Золжаргалыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Үндсэндээ ам.долларын ханшийг өсгөсөн явдал бол өнөөдрийн эдийн засгийн хямралын гол эх үүсвэр болсон юм шүү дээ.

Яг үнэндээ ам.долларын хяналтгүй өсөлтөд Монголоос гадагш нь экспорт хийдэг хэдхэн том компанийн захиалга явж байхыг ч үгүйсгэж болохгүй. Тэдэнд ам.доллар өсөх тусам олох ашиг нь нэмэгдэнэ шүү дээ. Яагаад гэвэл ганцхан ам.долларын зөрүүгээс л 500 төгрөг зүв зүгээр дансанд нь орж ирээд байхад хэн ийм ашгаас татгалзах вэ дээ, тийм биз. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал томоохон экспортлогч компаниудын халаасанд оржээ гэж хардах бүрэн үндэслэл байсан юм. 

Тэрийг тэр нэр хоч өгөөд хэсэгхэн хүн л хэлэх байх даа. Популизм гэж маш их ярих болсон. Тэр ч байтугай төрийн ордонд популизм гээчийнхээ тухай нээлттэй хэлэлцүүлэг ч хийж байх шиг. Гэтэл улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг өөрийнхөө өчүүхэн эрх ашгаас дээгүүр тавьсан хүмүүс нь популист болоод, цөөнх буюу өөрсдийнхөө эрх ашгийг улайран хамгаалж байгаа хүмүүс нь эх орончид болдог цаг юм байлгүй дээ.

Гэхдээ ард түмэн гэдэг тэнэг биш шүү дээ. Тэртэй тэргүй хэн нь бэ, хэн нь юу хийгээд явна гэдгийг аль эрт дүгнэж цэгнээд үнэлэлтээ хийчихсэн байгаа. Яах вэ популист ч гэнэ үү, юу ч гэсэн хамаагүй. Бид эд нарын хийгээд байгаа булхай, луйвартай хойшид ч чадлынхаа хэрээр тэмцэх л болно. 

-Өнөөдөр УИХ-д албан ёсны сөрөг хүчний дуу хоолой үнэхээр үгүйлэгдэж эхэллээ. Хойшдоо энэ байдлаас гарах гарц харагдана уу?

Ер нь их хэцүү болсон. АН-ын хувьд 1996 оны сонгуулиас л бизнесийн олигархиудын гарт орчихсон. Тэр үед яах аргагүй мөнгө дутсан юм шиг байгаа юм. Харин МАН бол 2000 оноос олигархи бүлэглэлд эрх мэдлээ алдсан. Одоо эд нарт улстөрийн намын үнэт зүйл, хувь улстөрчийн тууштай үзэл бодол гэж юм байхгүй. Харин бидний үед хувь хүний мөн чанарыг үнэлсэн шиг үнэлдэг байсан юм шүү.

Өнөөдөр АН нь МАН-аас огт ялгагдах зүйлгүй хатуу гишүүнчлэлтэй коммунист нам болчихлоо л доо. Хэрвээ ардчилсан нам мөн л юм бол үзэл баримтлалаа ч эргэж харах цаг болчихсон. Одоо дэлхийд БНХАУ, Куба, Вьетнам улсуудын коммунист нам л ийм хатуу гишүүнчлэлтэй байгаа. Намын ийм хатуу гишүүнчлэлээр ард түмнээ хоёр, гурав хуваачихаад сууж байгаа энэ тогтолцоог ч яаралтай эргэн харж өөрчилж шинэчлэхгүйгээр Монголын улстөр шинэчлэгдэхгүй. Ард түмний амьдрал ч олигтой сайжрахгүй. Товчхондоо Монголын ардчилал мөнгөний ардчилал болчихлоо. 

-Бие дааг­­чид мэд­ээлэл хийх болгондоо Оюу­толгойн асуудлыг ярь­даг. Яг хамгийн сүүлийн байд­­лаар Оюутолгойн асуудалд шинэ зүйл байна уу? 

Товчхондоо Оюу­­толгойгоос олигтой юм харалтгүй болсон. Бид Рио Тинтогийн олж байгаа 10 төгрөгийн ашгаас 50 мөнгө л авсан болж байгаа. Оюутолгойн асуудлыг эхнээс Б.Бат-Эрдэнэ аварга Фортуна Н.Батбаяр, Д.Ганхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Ш.Сайхансамбуу гээд зургаа, долоон гишүүн л эсэргүүцэж байсан юм. Гэтэл ихэнх нь замын дундаас үзэл бодлоо гайхмаар өөрчилсөн. Харин Б.Бат-Эрдэнэ аварга л үзэл бодолдоо тууштай зогсож байх шиг байгаа юм. 

Өнгөрсөн жил Оюутолгой хоёр их наядын борлуулалт хийсэн бол Монгол Улсын төсөвт 100 хүрэхгүй тэрбум төгрөг төлсөн байсан. Тооцоо ёсоор 160 орчим тэрбум төгрөг төлсөн гэгдэж байгаа ч 60 гаруй тэрбумыг нь өрөндөө суутгаад л 100 хүрэхгүй тэрбум төвлөрүүлсэн дуулдаж байсан. Рио Тинтогийн олж байгаа 10 төгрөгийн ашгаас 50 мөнгө л авч байгаа хэрнээ ичих ч үгүй “Монголын талд 53 хувийн ашигтай гэрээ байгуулсан” гэж өнөөдөр улайм цайм мэлзээд байсан этгээдийг УИХ нь цээжээрээ хамгаалсаар л байна.

Одоо бол С.Баярцогт аргагүйн эрхэнд үнэнд гүйцэгдчихлээ шүү дээ. Оюутолгой энэ жил 3.9 их наядын борлуулалт хийнэ. Гэтэл татварт тооцогдох дүн нь 320 тэрбум байгаа. Энэ нь 10 хувьд нь ч хүрэхгүй. Гэтэл үүнийхээ талыг нь өрөндөө өгнө. Яагаад гэвэл өөрийнхөө баялгийн 34 хувийг өндөр үнээр зээлээд авчихсан. Ийм л гэрээ хийсэн этгээдүүд өнөөдөр ямар ч гэм шийтгэл хүлээхгүй сайд, дарга хийгээд л явж байна.

Гэтэл Оюутолгойгоос дөрөв дахин бага баялагтай Эрдэнэт өнөөдөр 100 мянган хүнтэй хотыг тэжээгээд, Монголын эдийн засагт ямар үүрэгтэй оролцож байгааг л бодоод үзээрэй. Эрдэнэт нөөц ашигласны татвар буюу роялти 18 хувийг төлж байгаа. Харин Оюутолгой тавхан хувиа хэл амгүй шиг төлөхгүй л байгаа шүү дээ. Ийм гэрээ байгуулчихаад ичихгүй яваад байгаа хүмүүсийг яах ёстойг үнэхээр сайн ойлгохгүй л байна. Эд нар өнөөдөр гарцаагүй үнэнд гүйцэгдэхээрээ “Оюутолгой шууд бусаар маш их өгөөж өгч байгаа” гэж мэлзэж эхлээд байна. 

-Сая ер нь Гацууртын ордыг юу болгочихов оо?

Товчхондоо маш муухай луйвар хийсэн. Эхлээд урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнээс гаргахын тулд стратегийн ордод хамруулна, 20 хувийг нь Монголын төр авна гээд оруулаад ирсэн. Дараа нь нөгөө 20 хувиа нөөц ашигласны төлбөр таван хувиар солино гэчихэж байгаа юм. Үндсэндээ энэ таван хувь гээд байгаа нь нэг хувь ч болж болох луйвар явж байгаа байхгүй юу. Үгүй ер нь Монголын УИХ-ын гишүүд яаж тэгж гадныхны эрх ашгийг үхэлдэн хамгаалаад байгааг үнэхээр яаж ч бодоод ойлгохгүй байна. Ийм хүмүүсийг 2016 оны сонгуулиар бараа сураггүй болгооч ээ гэж ард түмнийхээ оюунд найдах л үлдэж байна. Үнэхээр энэ улс орон орших уу, эс орших уу гэдэг салаа замын үзүүрт ирчихээд байна.