Ганданг "Бараагүй" дахин төлөвлөлт
Өнгөрсөн онд 560 айлын таван блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг барьжээ.
2015.03.24

Ганданг "Бараагүй" дахин төлөвлөлт

Өвөл зунгүй гал түлж агаар бохирдуулдаг, нүхэн жорлон ухаж хөрсний чанар алдагдуулдаг зэргээр гэр хорооллын иргэдийг буруутгах зүйл олон. Гэхдээ асуудлыг шийдэхийн тулд Хангарьд ордны нөхдүүд багагүй зүйл амжуулаад байгаа нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн” төсөл.

Улаанбаатар хотын 24 байршилд 547.8 га, 16109 нэгж талбар бүхий газарт 80 мянган айлын орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Анх 2013 онд хэрэгжүүлж эхлэхэд нь шүүмжлэх хүмүүс олон байсан ч өнгөрсөн онд л гэхэд дахин төлөвлөлтийн үр дүн гарч 560 айлын таван блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг ашиглалтад оруулсан.

Гэвч энэ жил улс, нийслэлийн төсвөөс санхүүжих хөрөнгийн хэмжээ нэлээд хувиар танагдсан тул Нийслэл төсвөө тэлэхээр болсон. Анхны хоёр жилд нийт 147.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил 18.5 тэрбумыг төсөвлөсөн. Ийм учраас хот өөрт байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ дуудлага худалдаанд оруулахаар болж үүнээсээ 43.2 тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр тусгасан.

Ер нь жилийн дотор 4000 орчим айлтай дахин төлөвлөлтийн гэрээ хийсэн Улаанбаатарт өрнөж буй гэр хорооллын дахин төлөвлөлт аль ч улсад байгаагүй өндөр хурдаар урагшилж буйг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саяхны ярилцлагадаа онцолсон. Тэрээр “Токиод 7.6 га газрыг дахин төлөвлөхийн тулд нэгэн компани газрын эзэдтэй 12 жил зөвшилцөж байж гэрээ хэлэлцээр хийсэн. 50 тэрбум ам.долларын хөрөнгийн эргэлттэй тус компани гэрээ байгуулсныхаа дараа дөрвөн жилийн дотор Токиодоо л жишиг хорооллыг босгож чадсан.

Нийслэлийн хэмжээнд нийт 24 байршилд дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.

Харин Сөүлд газрын байрных шиг талбайг дахин төлөвлөхийн тулд гурван жил иргэдтэйгээ хэлэлцээр хийсэн байдаг. 10 айлын газрыг чөлөөлүүлэхийн тулд гурван жил тохиролцсон байгаа юм. Сөүл хотод хүн амын төвлөрлийг бууруулахын тулд хамгийн хямд үнэтэй байр бүхий таван дагуул хотыг бий болгосон. Ингэснээр гэр хороолол багасч, хүмүүс нь дагуул хотууд руу шилжиж эхэлсэн” хэмээсэн.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зарим газруудыг дахин төлөвлөлтөнд хамруулах гэтэл тухайн газрын эзэд санаандаа орсон мөнгөө хэлчихээд ердөө ч тоодоггүй хүндрэл учруулдаг гэдгийг дахин төлөвлөлтийн компаниуд хэлдэг. Жишээ нь 100 айл байлаа гэхэд 95 нь зөвшөөрсөн бол үлдсэн таван хувь үгүй гэдэг.

Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийг хамгийн түрүүнд Гандан орчмоос эхлэж, эртний загварыг агуулсан жишиг хороолол босох байсан гэж Нийслэлийн удирдлагууд хэлсэн. Учир нь энэ хавь газрын бохирдол хамгийн ихтэй, дээрээс нь хотын өнгө үзэмжээ ч бодсон дөрвөн талаасаас зам, барилгажилтанд шахагдаж байгаа ч иргэд нь дөрвөн тал болчихоод нэг нэгнээ үгүйсгээд байсан учраас больсон гэдэг.

Өөр нэг нь 100 айлын “Гэзгийн худаг” гэдэг газарт дахин төлөвлөлт явуулах ажил урагшлахгүй байна. Хотын мэргэжилтнүүд хоёр ч удаа очиж иргэдтэй нь уулзахад хоёр хуваагдчихаад барилцаж авах гээд байсан тул орхисон. Энэ талаар “Иргэд өөрсдийн эзэмшлийн газраа дахин төлөвлөлтөд хамруулах сонирхолгүй байгаа бол хэрхэвч хүчилж болохгүй.

Ийм эрх зүйн орчин ч байхгүй учраас зарим газарт дахин төлөвлөлт явуулах боломжгүй байна” гэдгийг хотын дарга хэлсэн. Ямартай ч энэ онд эхний ээлжийн 12 байршилд барилга угсралт, инженерийн шугам, сүлжээний ажил үргэлжлэн хийгдэнэ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII, XIII, XIV, XVI хороо зэрэг байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 11000 айлын орон сууц баригдана. Харин хоёрдугаар ээлжийн найман байршилд инженерийн шугам, сүлжээний зураг төслөө батлуулах, иргэдтэй байгуулсан гэрээний дагуу газраа чөлөөлөх, зарим барилгын суурийг тавьж, угсралтын ажлыг эхлүүлнэ.

Сүүлд баталсан дөрвөн байршлын хувьд энэ оны эхний хагаст иргэдтэйгээ зөвшилцөж, гэрээ хэлэлцээ хийгдэнэ. Үүний дараагаар төсөл хэрэгжүүлэгч компаниуд албан ёсоор зураг төслөө батлуулж, газар чөлөөлөх ажлаа эхлүүлэх аж.

Ерөнхий агуулгаар “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэлээд сайн хэрэгжиж байгаа гээд хэлчихвэл үнэнээс тийм ч хол зөрөхгүй биз. Ер нь дахин төлөвлөлт хэрэгжсэнээр хүний эрх зөрчигдөөд, олон айл хохироод байгаа асуудал байхгүй. Харин ч компаниуд иргэдтэй тохирсон гэрээний дагуу барилга баригдаж дуусах хүртэл өөр орон сууцанд байлгаж, төлбөрийг нь жилээр төлөн ая тухтай байдлыг хангадаг. 

Анхнаасаа иргэд компани хоёрын тохиролцоонд төр оролцохгүй гэдгээ төрийхөн хэлсэн. Хэрвээ оролцоод тогтсон үнэ зохиогоод өгчихвөл заримд нь ашигт, нөгөөд нь ашиггүй учраас уг асуудлыг тухайн компани, иргэн хоёрт үлдээсэн байна. Дашрамд хэлэхэд энэ ондоо 720 хүүхдийн багтаамжтай дөрвөн цэцэрлэгийг дахин төлөвлөлтийн хүрээнд барина гэлээ.