Нийслэлийн дахин төлөвлөлтийн ажилтай гишүүд танилцана
Өргөдлийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, дахин төлөвлөх; орон сууцжуулах асуудлаар өчигдөр өргөтгөсөн уулзалт хийлээ.
Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.
Ажлын явц, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлаар Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахаар 24 байршил баталсан бөгөөд одоогийн байдлаар 16109 нэгж талбар бүхий 1547.8 га 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж буй юм байна. Байнгын хорооны гишүүд ирэх сард дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим газраар явж, байдалтай нь танилцахаар болсон юм.