Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү
2015.03.23

УИХ-ын гишүүн Г.Батхүү Ха Са Юныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөрийн баатар, Шинэ тосгон хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, Хүлэмжийн аж ахуйг үүсгэн бий болгосон Ха Са Юныг хүлээн авч уулзав.

Ноён Ха Са Юн нь ядуу дарчиг амьдралаас дэлхийн тэрбумтнуудын жагсаалд бичигдэж чадсан хөдөлмөрч нэгэн билээ. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Ха Са Юныг Монгол Улсад цаг зав гарган хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, шинэ тосгон хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаа Монгол Улсын тариаланч иргэдэд арга туршлагаасаа зааж зөвлөж байгаад баяртай байгаагаа дуулгасан юм.

Түүнчлэн өөрийн амьдралыг хэрхэн зөв авч явах, яаж амжилтанд хүрсэн зэргээсэээ олон хүнд зааж сургаж, Монголчуудтай ойрхон хамтарч ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр Монголын баг, сумдын холбоо нь орон нутагт 300 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулаад түүний арга туршлага ийм олон сувагаар дамжин тархаж байгааг дуулгасан юм. Мөн Монгол-Солонгосын эдийн засгийн форумыг байгуулан амжилттай ажиллаж байгааг хэлээд энэхүү форумаар дамжуулан Солонгос Улсын шинэ технологийг нэвтрүүлэх зорилготой юм. Үүнд Ха Са Юны амжилтанд хүрсэн туршлага ч багтаж, түүнийг түгээх ажлыг төр засгийн зүгээс дэмжиж ажиллах боломжтой болж байгааг хэлэв.

Ха Са Юн сайхан амьдарч болдог юм гэдгийг олон хүнд мэдүүлэх юмсан гэдэг сэтгэл зүрх надад маш их байдаг. Ялангуяа Монголын ард түмэнд энэ туршлагаасаа хуваалцах бодол их байна гэлээ. Тэрээр ирэх жил ногоо тариалах үеэр буюу хаврын улирал Монголд ирж тариаланчдад өөрийн заавар зөвлөмжийг өгөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлээд, энэ үеэр хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэрээр өнөөдөр Баруунхараа сумын иргэдтэй уулзалт хийж, газар тариалан эрхлэгч айлын ногооны талбайд зочлох юм байна.

Уулзалтын төгсгөлд Ха Са Юны хөдөлмөр бүтээлийг үнэлж Монголын баг, сумдын холбооны дээд шагнал болох Монгол Улсын манлай одон гардуулан өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.