Р.Бурмаа сайдын мишээл
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. Бурмаа ойрын хэдэн сар бараг л инээгээгүй санагдана.
Тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдийн сүүлийн хэдэн жил угжирсан хэрүүл тэмцлийг зохицуулахаар оролцоотохсон биш Газар тариалан холбооны тэргүүн Л.Цандэлэгээс эхлээд дуучин С.Жавхланд хүртэл “Ажлаа мэддэггүй, мэдлэггүй, чадваргүй”-гээрээ дуудуулж, эмэгтэй хүнийхээ хувьд хүндхэн ачаа үүрсээр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Ядаж байхад улс орны эдийн засаг элгээрээ хэвтчихснээс болж тариалан эрхлэгчдэд өгөх ёстой мөнгөнөөс ихээхэн танагдсан нь ууртай, ширүүн тариаланчдын цөсийг хөөргөж, хөөрхий Р.Бурмаа сайд л буруутнаар тодорсон.
Сайдтайгаа салам хэрүүл үүсгэсэн тариачид төв талбай дээр буудай асгаж “Тэр Бурмаа гараад ир. Энэ буудайнаас ид. Монголын хөрсөнд ургасан буудай цавуулаг байна уу, хуурай байна уу, амтлаад үз" гэж ирээд сүйд хийх дөхсөн билээ. Энэ мэтчилэн Р.Бурмаа сайдын урмыг хугалах, уруулыг унжуулах явдлууд өнгөрсөн намраас үргэлжилсээр хавартай золгоод байгаа. Одоо удахгүй нөгөө тариачид нь “Энэ хавар бид ганц үр цацахгүй” гэж жагсаж цуглаад дахиад л хөөрхий сайдыг зовоох болов уу.
Харин өчигдөр Р.Бурмаа сайд ойрд баясаа- гүйгээрээ баясаж, мишээгээгүйгээрээ мишээжээ. Учир нь БНСВУ-ын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзтал эрхэм Элчин сайд Монголоос мах импортлох хүсэлтэй байгаагаа дуулгаж Р.Бурмаа сайдыг байдгаар нь баярлуулжээ. Ийм сайхан мэдээ сонссон сайд ойрд инээгээгүйгээрээ инээж, дотор нь уужирчээ. Тэгээд ч өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тул Р.Бурмаа сайд аз жаргалтай байхаас ч өөр яах билээ.