Баян ядуу хоёрын цалингийн ялгаа 4 дахин ихэслээ
МУИС-ийн Хүн ам зүйн сургалт, судалгааны төвийн багш, доктор, профессор А.Солонготой монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний ялгаатай байдалд юу нөлөөлж байгаа талаар ярилцлаа. Тэрээр 2014 онд “Цалингийн тэгш бус байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”-ийн талаарх судлагааг МУИС, Эдийн засгийн тэнхмийн ажилтан, эдийн засгийн онолын магистр Г.Нямбаяртай хамтран хийжээ.
-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дээр оролцооны түвшин нь ямар байдалтай байна вэ.
Монгол улс 1990-ээд оны төрөлтийн тогтвортой бууралтын нөлөөгөөр харьцангуй залуу, эдийн засгийн идэвхтэй хүн амтай болж хүн амын насны бүтэц эдийн засгийн өсөлтөд нэн таатай нөхцлийг бий болгоод байна.
Тодруулбал, хүн амын тооллогоор хөдөлмөрийн насны хүн ам 1989 онд нийт хүн амын 54,1 хувийг эзэлж байсан бол 2000 онд 60,7 хувь, 2010 онд 69 хувь болтлоо өсчээ. Энэ нь эдийн засгийн утгаараа хүн ам зүйн чухал ач холбогдол бүхий үзүүлэлт бөгөөд хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг харуулдаг.
Харамсалтай нь ажиллах хүчний оролцооны түвшин 1990-ээд оны эхэн үед 79 орчим хувьтай байснаа өнөөдөр 61,9 хувь /2013 он/ болтлоо буурсан төдийгүй хүйсийн ялгаа нэмэгдэж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинд /58,4 хувь/, эрэгтэйчүүдээс /69 хувь/ доогуур байна.
Энэ хоёрын зөрүү нь 11 пункт гэсэн үг бөгөөд томоохон ялгаатай байгаа юм. Уг нь ойролцоо байх ёстой.
-Эмэгтэйчүүд ажил хийх нь багассан гэсэн үг үү. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн ялгаа хэдэн төгрөг байна вэ?
Ажилгүйдлийн хүйсийн ялгаа тодорхой насны бүлгүүдэд илт мэдрэгдэж байна. Ялангуяа ахимаг насны буюу 45 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байна.
Ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмж болох дундаж цалин 2006 оноос эхлэн хурдацтай өсч байгаа боловч дундаж цалингийн зөрүү хүйсийн хувьд мөн нэмэгдэж байна.
10 гаруй жилийн өмнө дундаж цалингийн зөрүү 10 орчим мянган төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр 40 орчим мянган төгрөгөөр ялгаатай болжээ.
2002 онд эрэгтэйчүүдийн дундаж цалин 138’000 төгрөг байсан бол эмэгтэйчүүдийнх 120 мянга байсан. 18 мянган төгрөг ялгаатай байсан. 2007 онд эрэгтэй 178’800 төгрөг, эмэгтэй 155’400 төгрөг болж зөрүү 23 мянга болсон.
Харин 2012 онд эрэгтэйчүүд 219’000 төгрөг болоход эмэгтэй 177’000 төгрөгийн дундаж цалинтай болсноор зөрүү 45 мянган төгрөгийн ялгаатай болж нэмэгдсэн. Зөрүүтэй байдал ихэссэн гэсэн үг.
-Цалингийн тэгш бус байдалд юу чухам юу нөлөөлж байна. Тэр шалтгаанууд зайлшгүй юу эсвэл зарим жендэрийн үндэсний шинжээдчийн хэлж байгаачлан хүйсийн байдлаас болж ялгаатай байна уу?
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүргээ гүйцэтгэх, түүнд зарцуулж буй цаг эрэгтэйчүүдээс их байдаг нь эмэгтэйчүүдийн ажлын туршлага, ажилласан хугацаанд сөргөөр нөлөөлж байна.
Цалингийн ялгаатай байдалд юу нөлөөлж байгааг судалсан. Үүнд хүмүүсийн нас, гэрлэлтийн байдал, боловсролын түвшин, туршлага, ажилласан хугацаа ялгаатай байдал, мөн хүйсийн байдлыг авч үзсэн.
Бодит цалингийн ялгааг ажиллагсдын нас, хүйс, гэрлэлтийн байдал, боловсролын түвшин, ажилласан жил 43,5 хувиар тайлбарлаж байна. Ажиллагсдын нас нэмэгдэхэд цалин 7,9 хувиар өсч байна. Гэрлэсэн хүмүүс гэрлээгүй хүмүүстэй харьцуулахад 10.5 хувиар илүү цалин авч байна.
Боловсролын түвшин болон ажилласан хугацаа ихсэх тусам цалингийн ялгаа мөн ихсэж байна. Эмэгтэйчүүдийн дундаж цалинг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 19,6 хувиар бага байгаа нь хүйсийн ялгаа цалингийн ялгаанд нөлөөлжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүйсийн ялгаварлал байна гэсэн үг.
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулинд адил ажил, адил цалин гэсэн зарчим бий. Гэтэл хүйсийн ялгаа цалинд нөлөө үзүүл байна гэдэг чинь асуудал юм биш үү?
Монгол улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн цалин хөлсний ялгаварлалыг хуулиар хамгаалсан байдаг ч амьдрал дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс доогуур цалин авч байна. Ажиллагсдын хүйсийн байдал нь тэдний боловсрол, ур чадварын түвшинтэй эн тэнцэхүйц цалингийн ялгаанд нөлөөлж байна.
Энэ нь эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Тэгш шан хөлс олгох тухай 100-р конвенцийг тус тус ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд судлагаа, нотолгоонд суурилсан жендэрийн мэдрэмжтэй бодлогын өөрчлөлт хийх үндэслэл болж байна.
Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах тухай хуулийн 11.3.4-т зааснаар, адил хөдөлмөр буюу адил чанарын ажил эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил тэгш цалин хөлс олгох, ижил нөхцөл тогтоохотой холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэсэн заалтуудыг оруулсан.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нотолгоонд суурилсан арга хэмжээнүүүдийг төлөвлх, нөөцигй хуваарилах нийгмин хэрэгцээ шаардлага бий болоод байна.
-Монголчуудын өрхийн орлогын 60 хувийг цалин бүрдүүлдэг. Гэтэл цалин тэгш бус байдаг. Тэгэхээр яах ёстой вэ?
Өрхийн нийт орлогынхоо 60 гаруй хувийг цалингаар бүрдүүлж буй монголчуудын хувьд орлого/хэрэглээний тэгш бус байдлыг /жини коэффициент хотод -0,34, хөдөөд -0,3 бууруулах гол гарцыг оновчтой тодорхойлох нь чухал.
Нийгмийн баялгийн хуваарилалт дахь жендэрийн ялгавартай байдлыг эрээтй эмэгтэйчүүдийн цалингийн ялгаагаар илэрхийлэх боломжтой.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаатай байхаас гадна хүйс дотроо ч цалингийн ялгаа нэлээд өндөр байна.
- Нийгмийн тэгш бус хуваарилалт, баялгийн тэгш бус хуваарилалтын үр дүн биз дээ. Дундаж давхарга багасаад ядуу нь ихсээд, цөөхөн нь баян гэдэг нь олонхи нь ядуу байх тогтолцоог бий болгоод байгаа юм биш үү, нийгмийн хөгжил, жендэрийн тэгш байдал хаана байна вэ?
Хамгийн бага цалин авч байгаа болон хамгийн өндөр авч байгаа хоёрыг харьцуулахад тэгш бус байдал хэтэрхий нэмэгдээд байгаа юм.
Уг нь бол массаараа дундажид нь орох ёстой. Хэт баян, хэт ядуу хоёрын зааг ялгаа нэмэгдэнэ гэдэг нийгмийн тэгш бус байдлыг бий болгодог. Гэтэл өнөөдөр 4 дахин өндөр ялгаатай байгаа нь хэт их зөрүү юм.
Чинээлэг 10 хувийг ядуу 10 хувьтай харьцулахад цалингийн ялгаа нь бараг 4 дахин ялгаатай байгаа юм. Энэ ялгаа жил ирэх тусам нэмэгдэж байна.