Ж.Эрдэнэбат: Сургууль, цэцэрлэг барихад төсвийн долоон хувийг л зарцуулдаг
МАН-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалт өчигдөр болж, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэд шийдлийн Засгийн газартай яагаад хамтран ажиллах болсон талаараа, мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг 2.5 жилийн өмнөхтэй харьцуулан мэдээлэл өгөв.
Ингэхдээ шийдлийн Засгийн газартай сандал, ширээ, албан тушаалын төлөө бус иргэдийн амьдрал, эдийн засгийг сайжруулахын тулд хамтарсан гэдгээ хэллээ. Тухайлбал, хоёр жил гаруйн өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан бол өдгөө 6.8 хувь болж, 2.6 дахин буурсан байна. Мөн Монгол Улсын өр ДНБ-ий 58.3 хувьтай тэнцэх болжээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “2012 онд шинэчлэлийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын бонд гаргасан. Энэ бол ОХУ-аас зээлсэн их өр буюу 11 тэрбумын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Ийм хэмжээний мөнгөөр юу хийснийг эргэж харах хэрэгтэй.
Түүнчлэн манай нам засгийн эрх барьж байхад ам.долларын ханш 1340 төгрөг байсан бол одоо 1900 төгрөг давлаа. Өнгөрсөн онд бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 109.7 мянгад хүрсэн нь 2012 оныхоос 78.8 хувиар өссөн байна. Мөн 2012-2014 онд 54 мянга орчим аж ахуйн нэгж хаалгаа барьсан. 2012 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянга, тэтгэвэр 230 мянган төгрөг байсан.
Харамсалтай нь өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд цалин, тэтгэвэр 7-8 хувиар л нэмэгдсэн. Шийдлийн Засгийн газар гурван их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах нэрээр цөөн компанид давуу эрхээр өгсөн. Гэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буураагүй, 20-80 хувиар өссөн” гэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээллээр 2014 онд 16.6 мянган иргэн 17.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан аж. Энэ нь 2012 оныхоос тэтгэмж авагчдын тоо 56 хувиар, тэтгэмжид зарцуулсан мөнгөний хэмжээ 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ‘Тэтгэвэр авагчдын 65, ажиллагсдын 35 хувь нь цалингийн зээлтэй байна. Банк дахь хадгаламжийн хэмжээ буураагүй ч нийт хадгаламжийн 85 хувь нь эзэмшигчдийн дөрвөн хувьд л ногдож байна. Энэ нь орлогын ялгаа их байна гэсэн үг. 2012 онд 162.000 байсан төрийн албан хаагчид одоо 180.000 болжээ.
Бид засагт орсноор нэгдүгээрт, улсын гурван талт хэлэлцээрийг амжилттай зохион байгууллаа. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сард тодорхой хэмжээгээр нэмэхээр болсон. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг ажилласан жилтэй нь дүйцүүлэн олгохоор журмыг шинэчилсэн.
Мөн Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн онд л гэхэд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоос болж 26 хүн амиа алджээ” гэсэн бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат “2012 онд манайд жилд 4.5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол одоо 600 сая ам.доллар болж буурсан.
Энэ бол том компанийн долоо хоногийн орлого. Өнөөдрийн байдлаар төсвийн 60 хувийг цалин, тэтгэвэр, халамжид зарцуулж байна. Харин эргэж төлөх зээлийн төлбөрт төсвийн 12.7 хувийг зарцуулдаг хэрнээ үүний бараг 50 хувьтай тэнцэх мөнгийг буюу долоон хувийг л сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад зарцуулдаг. Үлдсэн 19 хувийг урсгал зардал буюу төрийн үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг эмнэлгийн халаалт, цахилгаанд зарцуулж байна” гэв.