Ж.Эрдэнэбат: Засгийн газар 2.8 их наяд төгрөгт баталгаа гаргаад байгаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн алдагдал хийгээд өрийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгөх бол. Хууль баталж, алдаагаа засч ажиллаж байна гэх ч үр дүнтэй нь цөөн байгаа юм биш үү?
Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ баталсныг бүгд мэдэх байх. Энэ хуулиар эрх зүйн орчинг бүрдүүлчихлээ, одоо эдийн засаг сайжрах ёстой гэдэг зүйл ярьдаг. Харамсалтай нь, өнөөдөр сайжирсан уу, үгүй юу гэдэг нь тодорхой харагдахгүй, статистик тоон мэдээлэлд ч туссан зүйлгүй байна. Энд ямар хүчин зүйл нөлөөлөөд байгааг бодох хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулалт маань өөрөө манай улсад орж ирж буй валютын урсгалын хамгийн өгөөжтэй, ач холбогдолтой нь. Үүнийг нэмэх нь Засгийн газрын гол зорилго. Бидний хувьд ямар ч байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөгөө баталсан. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яваа учраас тодорхой мэдээллүүд тэр үедээ гарах байх.
Ер нь, бид олон зүйлийг хийж, хэрэгжүүлнэ гэж ярьдаг боловч өнөөдөр хүртэл ярихаас хэтрээгүй нь олон. Одоо хийх хэрэгтэй, томоохон төслүүдээ урагшлуулах хэрэгтэй. Яриад л яваад байхаар эдийн засаг сэргэнэ гэж байхгүй шүү дээ. Юм хийж байж, эхлүүлж л гэмээнэ эдийн засгаа сэргээнэ гэдэг байр суурьтай байгаа.
-Төсвөө тодотгоод удаагүй ч орон нутагт төрийн албан хаагчид цалингаа авалгүй олон сар боллоо гэх яриа байна. Үүнд ямар хариу өгөх вэ?
Тийм зүйл ерөөсөө байхгүй. Сангийн яам санхүүжилтийг цаг хугацаанд нь, бүрэн олгож байна.
-Энэ жил цалин, тэтгэврийг нэмэхээр болсон ч хэдий хэмжээгээр, хэрхэн нэмэгдэх нь тодорхойгүй байна?
Цалин, тэтгэврийн хувьд бага цалин, бага тэтгэвэр гэдэг гол зарчим баримталж байгаа. Түүнээс биш яг иргэдийн хүсч, хүлээж байгаа шиг ихээр нэмж чадахгүй гэдэг нь бодит байдал шүү дээ. Ямар ч байсан тодорхой хэмжээнд нэмэх эх үүсвэрийг УИХ-аас тодорхой зааж өгсөн, ажил тэр шугамаараа өрнөнө. Гэхдээ нөгөө талаас нэмлээ, нэмлээ гээд 5-10 мянган төгрөг л гэдэг хандлага тийм ч зөв биш. Нөхцөл байдалдаа тааруулж нэмж байгаа нь энэ, цаашдаа эдийн засаг өргөжөөд сэргээд ирэхээр илүү арга хэмжээнд шилжинэ. Хамгийн бага цалин, тэтгэврийг 15 орчим хувиар, тэрнээс арай дээгүүр түвшинд 10 орчим хувь, хамгийн өндөр цалин, тэтгэврийг тав хүртэл хувиар нэмэх байх.
-Монгол Улсын өрийн хэмжээг хуулиар шинэчилсэн. Үүгээрээ нэмж зээл авах бололцоогоо хаасан гэдэг. Цаашид яаж ажиллана гэсэн үг вэ?
Өрийн дээд хязгаарыг шинэчилж тогтоосноор шинэ зээл авах орон зайгүй болчихсон. Үндсэндээ 2015 онд төсвийнхөө алдагдлыг санхүүжүүлэх дотоод бондыг гаргаад, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрсэн гэсэн үг. Тэгэхээр гадаадын санхүүгийн байгууллагуудаас өгдөг томоохон хөгжлийн зээллэгүүдийг авах боломжгүй болсон.
Засгийн газарт маш олон зээлийн материал хүлээгдэж байгаа. Аль нэг гэрээнд нь миний бие гарын үсэг зурахад л Монгол Улсын өр болчих нөхцөл бүрдсэн учраас хөгжлийн зээлийн гэрээ хүлээн авах бололцоогүй.
-Тухайлбал, ямар төсөл, хөтөлбөр хүлээгдэж байгаа вэ, тэдгээрийн мөнгөн дүнг хэлж болох уу?
Япон улсын санхүүжилтээр олон улсын нисэх буудал барьж буй. Нэмээд боловсролын систем, бүртгэлийн системийг боловсронгуй болгох хийгээд эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчлэх гэх зэрэг олон төсөл бий.
Дээр нь, Азийн хөгжлийн банкны, Европын сэргээн босголт банкнаас ч цөөнгүй төсөлд хариу өгч чадахгүй байгаа. Гэхдээ бид Өрийн удирдлагын тухай хуулиа боловсруулж, УИХ-д оруулсан. Үүгээрээ өрийн дээд хязгаарыг бага зэрэг өөрчлөх заалт бий.
Хэрэв үүнийг баталчихвал зээл авах бага ч гэсэн орон зай бүрдэнэ. Уг орон зайгаа Монгол Улсын Засгийн газар арилжааны зээлд биш урт хугацаатай, хөгжлийн зээлд зориулах төлөвлөгөөтэй байгаа юм. 30-40 жилийн хугацаатай, жилийн хоёр хүрэхгүй хувийн хүүтэй зээл авна.
-Ер нь, манай улс тэдгээр байгууллагуудаас тавьдаг зөвлөмж, шаардлагын хаана явна вэ?
Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон байгууллагаас дэвшүүлж буй санал, шаардлага, зөвлөмж бидэнд хэрэгтэй. Гэхдээ тэр бүгдийг биелүүлж, шаардлагад нийцүүлж байгаа юу гэвэл хараахан үгүй. Ямар ч байсан 70 орчим хувийг биелүүлж чаддаг.
Жишээ нь, эдийн засгаа агшаах хэрэгтэй гэсний дагуу тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Гэхдээ үүний үр дүн даруйхан гарч, бодит нөхцөл байдалд нь огцом хүргэнэ гэдэг маш хүнд. Тийм болохоор аажимхан, алгуураар хөдөлж, нэг талаас төсөвт орох урсгалаа багасгана, нөгөө талаас зарлагаа илүү няхуур авч үзнэ. Ийм чиглэл рүү л явах ёстой.
-ОУВС-гийн “stand by” хөтөлбөрт манай улс орох гэж байна гэх юм. Тийм шийдвэр гараагүй биз дээ?
Олон улсын валютын сангийн “stand by” хөтөлбөр манай улсад өмнө нь хэрэгжиж байсан учраас танил сонсогддог байх. Гэхдээ өнөөдөр хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг УИХ л гаргана. Монгол Улсын Ерөнхий сайд захидал илгээгээд валютын сангийнхан манай эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгнө үү гэснийг л ярьж байгаа.
Хэрэв манай улс “stand by” хөтөлбөрт орчихвол эдийн засгаа нэлээд хэмжээгээр агшаах шаардлага гарна, төсвөө ч хумихаас аргагүй болно. Эдийн засгийн онолоороо тэр хөтөлбөрийн дараа нөхцөл байдал сэргэх учиртай. Ер нь, тал бүрээс нь ярилцаад, УИХ, Засгийн газар зөвлөлдмөөр байгаа юм.
-Хэдийгээр улсын өрийг өнөөдрийнхөөр нь хуульчилсан ч танай нам Засгийн газарт нэгдээд өрийн таазаа нэмсэн нь бусад намтай байгуулсан гэрээнд харшлахгүй юу?
Хэвлэлийнхнээсээ ганц зүйл хүсмээр байгаа юм. Монгол ардын нам Засгийн газарт орж ирснээрээ өрийн тааз нэмсэн хэрэг биш. Бодит түвшинд нь аваачсан юм. Намайг УИХ дээр “Эрдэнэбат аа, чи хэчнээн тоо хэлдэг юм бэ” гээд шүүмжилж л байсан. Би энэ албанд очоод ямар ч байсан бодит байдлаар улсын өрийн хэмжээ хэдий хэр болчихоод байгаа вэ гэдгийг л тодорхой гаргаж ирсэн.
Үүний тулд нэлээд олон судалгаа, тоо статистик харсан. Судалгаа гарч байх явцад хоорондоо ялгаатай хэд хэдэн мэдээлэл явж л байсан. Өмнө нь ажил эрхэлж байсан хүмүүс 49 хувьтай гэсэн ч харамсалтай нь, бодитоороо 53 орчим хувь байсан. Он давчихаараа 55 хувь боллоо.
Өнөөдөр бид төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд 1.17 их наяд төгрөгийн дотоод бонд гаргахаас аргагүй нөхцөл байдалд хүрчихсэн. Үүнийгээ нэмээд тооцохоор 58.3 хувь болно. Тэгэхээр МАН Засгийн газарт нэгдэхдээ хийсэн гэрээгээ зөрчсөн хэрэг биш шүү. Бодитоор бий болчихсон өрийн хэмжээг хуульд нь нийцүүлж байгаа юм. Одоо шинээр өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулиар өрийн менежментийг боловсронгуй болгоно гэх талуудын ойлголцол тэр гэрээнд бий шүү.
-Өнөөгийн хүндрэл рүү аваачихад Хөгжлийн банкны санхүүжилт, зарцуулалт мэдээж нөлөөтэй. Энэ банкны үйл ажиллагаа одоо ямар байдалтай байна вэ?
Хөгжлийн банк нь Ерөнхий сайдын шууд харьяалалд байдаг учраас үйл ажиллагаанд нь Сангийн яам хяналт тавих бололцоогүй. Гэхдээ урьд нь эдийн засагт төсвөөс гадуур их мөнгө зарцуулж байна гэх шүүмжлэл гарч байсан. Тэрийг засч, залруулах зорилгоор Хөгжлийн банкны санхүүжилт хөрөнгийн зарцуулалтыг улсын төсөвт оруулахаар хуульд тусгасан. Ингэхээр төсвийн алдагдал маань таван хувьд хүрчихсэн юм.
Гэвч хүчин төгөлдөр хуулийнхаа дагуу үндсэн төсвийнхөө алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд бариад, Хөгжлийн банкны санхүүжилтийн алдагдлыг гурван хувь гэж тооцож байна. Гэхдээ гурван хувь нь зээллэгийн шугамаараа цаанаасаа эргэж төлөгдөх бол хоёр хувийг л дотоодын бонд гаргаж нөхье гэсэн юм.
-Засгийн газрын баталгааны босгыг нэмэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ батлагдчихвал хэдий хэмжээний баталгаа гаргах бололцоо нээгдэх вэ?
Баталгааны хувьд тийм ч их хэмжээтэй байж чадахгүй. Одоогоор Засгийн газар батлан даачихаад байгаа хэмжээ нь 2.8 их наяд төгрөгт хүрчихсэн. Хүчин төгөлдөр хуулиар бол нэмж баталгаа гаргах эрх Засгийн газарт байхгүй. Харин Өрийн удирдлагын тухай хууль батлагдчихвал ДНБ-ий найман хувь буюу тэрбум хүрэхгүй ам.долларын баталгаа гаргах боломж бүрдэх байх. Энэ хуулийн төсөлд баталгааны дээд хязгаарыг ДНБ-ий 20 хувиар тогтоож өгсөн. Хэрэв энэ баталгаа хэмжээ, хязгааргүй эрх зүй, хуулийн орчинтой болчихвол Грекийн жишгийг давтана л даа. Тэгэхгүйн тулд Өрийн удирдлагын тухай хуульд босго тогтоосон.
-Засгийн газрын баталгаа нь чухам хэнд, ямар хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?
Өнөөдөр монголчуудын хувьд дотоодын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгийн эх үүсвэр босгоход маш хүнд байна. Банкны системийн байгууллагуудад, үндсэндээ нийт банкинд эргэлддэг мөнгөний 30-40 хувийг Засгийн газар өөрөө аваад дотоод бонд босгочихсон. Энэ нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг шууд хумьчихсан хэлбэр.
Монголын бизнес эрхлэгчид хаанаас мөнгө олох вэ гэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагад хандана. Ингээд очихоор бие даасан ганц компанид хэрхэн итгэл үзүүлэх вэ гэдэг нь үнэхээр бүрхэг. Компанид битгий хэл улс маань итгэл хүлээх чадвар маш муутай байна гэж гадаадын үнэлгээний байгууллагууд сануулж байна. Ийм нөхцөлд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор үнэхээр энэ компани, бизнесмэний ард Засгийн газар нь батлан дааж байгаа шүү гэдгийг ойлгуулахад л хэрэгтэй зүйл.
Үнэхээр энэ бизнес уналаа гэхэд гарах эрсдэлийг Засгийн газар хамт үүрнэ гэх байдлаар итгэл үнэмшлийг нь олж үндэсний үйлдвэрлэгч, дотоодын бүтээгчдээ хөгжүүлэх л бодлого юм.
-Сангийн яамнаас төсвийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа биз дээ.
Шилэн дансны тухай хууль хэрэгжээд сар гаруй хугацаа боллоо. Шинэ зүйл хэрэгжиж байгаа учраас ард иргэд маань энэ талаар дутуу дулимагхан ойлголттой байна. Мэдээж цаашдаа төрийн байгууллагуудын ажил үйлчилгээнээс улбаатай шүүмжлэлүүд гарч, түүнийг хэлэлцэн, засч залруулах бололцоо нээлттэй.
Ер нь, хуулийнхаа хэрэгжилтийг улам сайжруулаад, ард иргэддээ илүү нээлттэй болгох чиг үүрэг нь Сангийн яаманд оногдож байгаа. Үүнийгээ хэрэгжүүлж ажиллана аа.
-Удахгүй Сар шинийн баяр болох гэж байна. Одонгийн мөнгө, ноосны урамшууллын мөнгийг баяраас өмнө өгөх үү?
Үр тарианы урамшууллын мөнгийг өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр шилжүүлсэн. Ноосны урамшууллын мөнгийг тав дахь өдөр нь шилжүүлсэн байгаа. Цалин, тэтгэврийн болон халамжийн мөнгөнүүд цаг хугацаандаа саатсан зүйлгүй гарч байна. Эхчүүдийн одонгийн мөнгө ч гэсэн бүрэн санхүүжилттэй.