Б.Энхтунгалаг: Хүнсний нэмэлтийн талаар нарийвчилсан судалгаа байдаггүй
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг
2014.12.31

Б.Энхтунгалаг: Хүнсний нэмэлтийн талаар нарийвчилсан судалгаа байдаггүй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдлын талаар ярилцлаа.

Хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдлын олон улсын зохицуулалт нь ямар шатлалттай явагддаг вэ ?

Хүнс болон малын тэжээлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх олон улсын эрх зүйн зохицуулалтыг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссын дэргэд дэх Хүнсний нэмэлтийн олон улсын хороо гаргадаг. 

Энэ хороо жил болгон хуралдаж хүнсэнд хэрэглэх нэмэлтийг зөвшөөрөгдөх хэмжээгээр баталдаг. Үүнийг батлахын тулд ДЭМБ-ын дэргэд дэх Хүнсний нэмэлтийн шинжээчдийн хороо тусгай баг бүрдүүлж шинэ хүнсний нэмэлтийг гаргахдаа олон жилийн турш клиник, биомакро зэрэг туршилтуудыг явуулж хүний биед ямар нэгэн биологийн хувьд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаад хэрвээ зөрчилгүй бол үйлдвэрт нэвтрүүлдэг.

Үүгээр олон улс дахь хүнсний нэмэлтийн чанар аюулгүй байдал ийм зарчимаар зохицуулагддаг. Бүр нарийвчилбал нэг кг хүнсэн дэх хүнсний нэмэлтийг тодорхойлж тухайн нэмэлттэй бүтээгдэхүүнийг хүн тодорхой хугацаанд хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн кг бүрт нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг давхар тодорхойлж судалдаг юм.

Манай улсын хувьд долоон жилийн өмнө стандартаар хяналтаа тогтоож байгаа. Гэтэл энэ хугацаанд тэдгээр нэмэлтээс тодорхой хэсэг нь хасагдах эсвэл шинэ нэмэлтээр орлуулагдсан байж болно. Үүнийг хэрхэх вэ ?

Уг нь тэр стандартыг жил болгон шинэчлэх ёстой. Ер нь хүнсний тухай хуульд зааснаар  тухайн улс оронд хэрэглэгдэх хүнсний нэмэлтийн жагсаалтыг гаргахын тулд бүртгэл мэдээллээр зохицуулалт явагдах ёстой. Үүнийг хуулинд заасны дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хариуцаж, хүнсний нэмэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоохыг Үндэсний аюулгүй байдлыг “Лавлагаа” лаборатори тогтоон Эрүүл мэндийн яам зохицуулах дэс дараалалтай байх ёстой.

Гэтэл хууль батлагдаад хоёр жил болчихсон байхад бүртгэл мэдээллийн асуудал шийдэгдээгүй байна. Түүнчлэн үйлдвэрт санамсаргүй тохиолдлоор үйлдвэрлэгч хүнсний нэмэлтийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж, түүнийг нь хэрэглэгч хүнсэндээ хэрэглэсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь одоохондоо бүдэг бадаг байна.

Гэтэл хууль батлагдаад хоёр жил болчихсон байхад бүртгэл мэдээллийн асуудал шийдэгдээгүй байна.

Харин жил болгон шинэчлэгддэг стандартыг бид давхар шинэчлээд хасагдсан болон нэмэгдсэн нэмэлтийн талаар үйлдвэрлэгч нартаа мэдээллэх зарчмаар ажиллах хэрэгтэй.

Ард иргэдийн хувьд Е кодын талаар нилээд буруу ойлголттой байна. Үүнийг зохицуулахын тулд хяналтын байгууллага, үйлдвэрлэгчид,төрийн бус байгууллагууд хэрхэн уялдаатай ажиллах ёстой вэ ?

Ер нь хүнсний нэмэлтийн талаар нийтлэг нэг ойлголт байгаа нь хүнсний нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. Гэхдээ хүнсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг  хариуцна гэж заачихсан учраас хэрэглэгчид үйлдвэрлэгч нарт итгэх хэрэгтэй. Харин үйлдвэрлэгч чанарын баталгаатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлтийг ашиглах нь чухал.

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хэрэглэгчид зөвлөхдөө та сонголтоо зөв хий гэдэг. Нэгэнт хуулиндаа үйлдвэрлэгч хариуцлага хүлээх тухай заачихсан тул хэрэглэгч сонголтоо зөв хийх хэрэгтэй. Учир нь Монголд байгаа лабораторын хүчин чадал  муу, хүнсний нэмэлт нь хүнд яг ямар хор нөлөө үзүүлээд байгаа талаар ч дэлгэрэнгүй судалгаа алга. Тиймээс бидний хувьд олон улсад баримталдаг стандартыг мөрдөх нь чухал.

Ер нь хүнсний нэмэлтийн талаар Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хэрэглэгчид рүү чиглэсэн ямар арга хэмжээг авч байгаа вэ ?

Нийгмийн эрүүл мэндийн төв 2007 онд Монгол улсад хэрэглэж байгаа хүнсний нэмэлтийн талаарх судалгааг хийсэн. Тухай судалгаагаар 13 төрлийн хүнсний нэмэлт хэрэглэгдэж байгааг тогтоосон. Харин хүн ам рүү чиглэсэн мэдээллийг хуулинд заасны дагуу холбогдох журмыг гарган иргэд рүү хүргэсэн. Түүнчлэн хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, чанарын талаар өөрсдийн албан ёсны вэб хуудсаар дамжуулан хүргэж байгаа.