Ц.Батсүх: Дотооддоо хүнсний нэмэлтийг байгалийн нөөц, эсвэл технологийн аргаар гаргах боломж бий
ШУТИС-ын багш, эрдэмтэн судлаач, профессор Ц.Батсүх
2014.12.23

Ц.Батсүх: Дотооддоо хүнсний нэмэлтийг байгалийн нөөц, эсвэл технологийн аргаар гаргах боломж бий

ШУТИС-ын багш, эрдэмтэн судлаач, профессор Ц.Батсүхтэй ярилцлаа.

- Хүнсний нэмэлт талаас нь аваад үзвэл Монголчууд хэр зэрэг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна вэ?

Монголчууд нэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Энэ нь юуны өмнө бид импортын бүтээгдэхүүний хараат улс болсонтой холбоотой. Хүнсний салбарт хэрэглэж байгаа хүнсний түүхий эдийн зонхилох нь импортынх. Харь газар үйлдвэрлэж байгаа хүнс болон түүхий эдийг ямар аргаар, яаж үйлдвэрлэж байгааг бид мэдэх боломжгүй. Иймээс ирж байгаа аюулыг зайлуулах арга хэрэгсэл, бодлого байхгүй байгаа нь Монголчууд өөрсдийгөө хамгаалах дархлаа байхгүй үндэстэн болсон гэсэн үг.

- Дэлхийн хүнсний нэмэлтийн хэрэглээ? Чиг хандлага хаашаа явж байна вэ? Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид юуг зөвлөж байна вэ?

Дэлхий гэдэг нэрийг Монгол гэдэгтэй адил байдлаар ойлгох нь өрөөсгөл. Бид хүнсний нэмэлтгүй  орчинд амьдарч, хүнсний найдвартай эх үүсвэрээс хангагдсан улс. Өөрсдийн бус өвөг дээдсийн ачаар. Сүү, мах, үр тариа, байгалийн зэрлэг үр жимс, өвс ногоо гээд л хүний иддэг бүх зүйл байна. Эдгээрийг боловсруулах уламжлалт болон орчин үеийн арга бий болж байна.

Хүнсний нэмэлтийг байгалийн нөөц хомсдсон эсвэл үй олон хүнийг тэжээх шаардлагатай үед л бусад улс орнууд ашиглаж байна. Харин бидэнд хүнсний нэмэлтийг өөрийн оронд байгалийн нөөц эсвэл технологийн аргаар гаргаж авах боломж бий.  Иймээс энэ чиглэлээр үйлдвэрлэл  эрхлэгчдийг дэмжих, эрдэм шинжилгээний  туршилт судалгааг хийх шаардлага бий. Импортоор юу нь мэдэгдэхгүй нэмэлтийг оруулж ирээд тэгээд үүнийгээ яаж хянахаа мэдэхгүй байна гэдэг бол хүнсний салбарт ямар ч бодлого, зохицуулалт байхгүй, Монголчууд бид зүгээр л урсгал даган хөвж яваатай адил юм. 

Дэлхий нийтийн чиг хандлага нь экологийн цэвэр, нэмэлтгүй хүнс хэрэглэхэд чиглэж байна. Харин бидэнд энэ төрлийн хүнсний нөөц бий. Гагцхүү үүнийгээ яаж хүн арддаа хүргэх талаар мэдэхгүй байгаа нь өрх гэрийн эзэн гаднаа үй олон мал хүнс адгуулж байгаа мөртлөө үр хүүхдээ хооллох аргаа олохгүй байгаатай агаар нэг мэт.

- Монголын төр хүнсний нэмэлтийн талаар ямар бодлого барих нь зүйтэй вэ?

Хүнсний нэмэлтийн САС-ийн стандарт орчуулагдаад удахгүй стандартын холбогдох зөвлөлөөр хэлэлцэгдэх гэж байгаа болов уу.  Хүнсний нэмэлтийн талаар нэн нямбай бөгөөд нухацтай бодлого боловсруулж ажиллах шаардлагатай. Учир нь хүнсний нэмэлт нэрийн дор хүний биед сөрөг нөлөөтэй химийн гаралтай бодисыг хүнсэнд нэмэх хандлага сүүлийн жилүүдэд Монголд газар авсан. Иймээс хүнсний нэмэлтийн  талаар бодлого боловсруулах, үүний тулд энэ чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Боловсон хүчний баг бэлтгэх шаардлагатай. Хүнсний үйлдвэрийн салбар бүрт. Хүнсний нэмэлт гэж юу болох, ямар төрлийн бүтээгдэхүүнд юу хэрэглэж байгаа талаар энэ баг бүрэн мэдээлэлтэй байх шаардлагатай. Хүний биед сөрөг нөлөөтэй бөгөөд олон улсын хэмжээнд хориглосон нэмэлт манай оронд орж ирж байгаа эсэх, түүнийг үйлдвэрлэгч, гаалийн алба болон хүн ард мэдэж байгаа эсэхэд тандалт явуулах нь ихээхэн үр дүн өгөх учиртай. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн дэргэд  аюулгүй байдлын асуудал эрхэлсэн алба байдаг бол хамтарч  хэрэгжүүлэх
  2. Олон улсын болон хөрш хоёр оронд хэрэглэдэг нэмэлтийн чиглэлээр ямар бодлого баримталдаг хийгээд хэрхэн амьдралд хэрэгжүүлдэг талд туршлага судлах
  3. Хүнсний нэмэлтийн талаар олон нийтэд суртачилгаа, таниулах үйл ажиллагаа явуулах
  4. Дээрхи арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүнсний нэмэлтийн хууль эсвэл хэрэглээний журам гээчийг гаргах нь чухал.
  5. Хүнсний нэмэлтийн хэрэглээг хумих бодлого баримтлах ялангуяа хүнсний аминдэм, уураг, бусад биологийн бодис нэртэй оруулж ирээнд хүнсэнд нэмж байгааг цэгцлэх. Үүний оронд дотоодын нөөцөд тулгуурлаж энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих

- Сүү, сүүн бүтээгдэхүүнд ямар  нэмэлтүүд ашигладаг вэ?

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх нэмэлтийн төрөл, хэмжээ бусад салбараас харьцангуй бага байх талтай.  Учир нь Монголчуудын үндсэн хүнс нь сүү, мах тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг аль болох цэвэр байдлаар үйлдвэрлэхийг зорьж байна. Үүнтэй уялдаж сүүлийн жилүүдэд импортын сүүний оронд өөрийн Монгол малын сүү ашиглах, ферм байгуулах зэрэгт  сүү үйлдвэрлэгч компаниуд ихээхэн хүч тавьж ажиллаж байгаа.  Харин энэ салбарт хэрэглэж байгаа нэмэлтийн бүрэн жагсаалтыг гаргаж улмаар хүний биед үзүүлэх нөлөөллийг тогтоох чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлэх шаардлагатай юм.

- Дотоодын сүү болон импортын сүүний нэмэлт өөр  байна гэж байх уу?

Мэдээж өөр байна. Харь газар хүний гараар хийгдэж байгаа сүү болон бүтээгдэхүүнд чухамхүү ямар төрлийн нэмэлт хэрэглэж байгааг Монголчууд бид мэдэх боломжгүй.

- Хүнсний нэмэлтийн талаархи хэрэглэгчдийн мэдлэгийн талаар?

Салбарын бодлого зохицуулдаг алба, мэргэжилтэн болон үйлдвэрлэгч нар энэ талаар нэгдсэн ойлголт байхгүй байхад хэрэглэгч нарт нэгдсэн зөв мэдээлэл яаж очих билээ дээ.