Д.Оюунбаяр: Шинжлэх ухаанаар батлагдаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл
Бамбууш” компанийн ерөнхий технологич Д.Оюунбаяр
2014.12.31

Д.Оюунбаяр: Шинжлэх ухаанаар батлагдаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл

“Бамбууш” компанийн ерөнхий технологич Д.Оюунбаяртай ярилцлаа.

Танай компани бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлтийг хэрхэн ашиглаж байна вэ ?

Хүнсний нэмэлтийг ашиглахдаа бүтээгдэхүүний бие бүтцийг сайжруулахын тулд ашигладаг. Мэдээж ингэхдээ зохих хэмжээ нормын дагуу мөрдөж үйл ажиллагаандаа тусгадаг. Жишээ нь сайжруулагчыг гурилынхаа жингийн 0.5-1.5 хувьд нь хэрэглэнэ гэсэн стандартын дагуу л ажиллаж байна.

Ингэснээр бүтээгдэхүүний амт чанар, өнгө үзэмж нь сайжирч байгаа юм. Үүнээс хамгийн чухал нь технологийн дамжлагыг богиносгох зорилготой юм. Манай үйлдвэрлэлт нэг бүтээгдэхүүн гарахад 7-8 дамжлага гардаг бол хүнсний нэмэлтийг ашигласнаар нэг талдаа хугацаа хэмнэж байгаа юм.

Ер нь хэрэглэгч нарын хувьд хүнсний нэмэлт болон Е кодын талаар хэр мэдлэгтэй байгаа вэ ?

Мэдээж үйлдвэрлэгчид болон хяналтын байгууллагын мэргэжлийн хүмүүс нь сайн ойлголттой байгаа. Гэтэл хэрэглэгчдийн хувьд Е тэмдэглэгээ нь танил биш. Нийт хүн амын 50 орчим хувь Улаанбаатар хотод амьдран энэ чиглэлийн мэдээллээ авлаа гэж бодоход, түүнээс гадна хөдөө орон нутагт байгаа хэрэглэгч нарыг мэдээллээр хангах хэрэгтэй байна. Үүнээс үүдээд олон нийтийг хамарсан хүнсний нэмэлтийн талаарх таниулах суртчилгааг хийх шаардлагатай.

Хүнсний нэмэлтийг ашиглахдаа бүтээгдэхүүний бие бүтцийг сайжруулахын тулд ашигладаг.
Хүнсний нэмэлттэй бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлдэг үү ?

Мэдээж үүнийг мэргэжлийн хүмүүс хэлэх ёстой. Гэхдээ бүх бүтээгдэхүүнд нормын дагуу хүнсний нэмэлтээ ашиглавал эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Учир тухайн нэмэлт шинжлэх ухаанаар батлагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас ямар нэгэн асуудал байхгүй. Мөн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам зэрэг газрууд иргэдээ зөв мэдээллээр хангах чухал.

Үйлдвэрлэгч нарын хувьд хэрэглэгч рүүгээ чиглэсэн ямар арга хэмжээг авбал дээр вэ. Мэдээж нэг Е кодын бүтээгдэхүүндээ тавихаас өөр ямар арга байж болох вэ ?

Бидний зүгээс хэрэглэгчид рүү хандсан бүтээгдэхүүний өдөрлөг зохиох, бүтээгдэхүүнийг сурталчилах хэлбэрийн арга хэмжээг авбал зохилтой. Түүнчлэн хяналтын байгууллага болон мэргэжлийн холбоодуудын хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулж хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлж болох юм.

Үүнийг хийхдээ амаар, бичгээр, дүрс бичлэгээр үзүүлж болно. Гэхдээ хамгийн чухал нь тасралтгүй мөртлөө богино хугацаатайгаар давтамжтайгаар иргэдэд хүргэх хэрэгтэй. Хамгийн чухал нь иргэдийг хүнсний нэмэлтийн талаарх төөрөлдлөөс нь арилгах хэрэгтэй.

Үйлдвэрлэгчийн зүгээс хүнсний нэмэлт импортлогч нарт хандаад юуг хэлмээр байна вэ ?

Тухайн аж ахуй нэгж хүнсний нэмэлтийн талаар маш их мэдлэгтэй байж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэвшилтэд технологоор хийсэн нэмэлтүүдийг дотоодын үйлдвэрлэгч нар хүргэх хэрэгтэй. Үүнд анхаарлаа сайн хандуулаасай гэж хүсэж байна