Хүнсний нэмэлтийн хэрэглээ дэлхийд
Эдүгээ дэлхийд 2000 орчим хүнсний нэмэлтийг хэрэглэж байна
2014.12.27

Хүнсний нэмэлтийн хэрэглээ дэлхийд

Эдүгээ дэлхийн олон эрдэмтэд хүнсний нэмэлтийн талаарх маш их судалгааг хийж байна. Эхлээд ямар нэгэн хүнсний нэмэлтийг амьтан дээр туршиж үзээд шинжээчид өөрийн дүгнэлтийг гаргадаг.

Хүнсний нэмэлтийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх тал дээр Европын холбоо, тэр дундаа Герман улс нэлээдгүй амжилтад хүрчээ. 1953 онд Европын холбоо өнөөг хүртэл ашиглаж буй хүнсний нэмэлтийн хаяг, шошгоны системийг бий болгосон нь хүнсний нэмэлтийн түүхэн дэх чухал үе болжээ. Уг системийн дагуу аль ч хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээр “Е” гэсэн тэмдэглэгээ байх ёстой гэж заажээ. Е гэдэг нь ердөө “Европ” гэсэн үгний эхний үсэг аж. Е үсэгний ард бичигддэг тоонуудын хувьд гэвэл чухам ямар төрлийн нэмэлт болохыг заадаг. Тэмдэглэгээний ийм системийг хэтэрхий урт нэр бичихгүйн тулд бодож олжээ. Тухайлбал “этилендиаминтетраацетат кальци-натри” гээд биччихвэл хэнд ч гэсэн уншихад төвөгтэй. Тухайн бүтээгдэхүүн Е кодтой байгаа тохиолдолд аюулгүй байдлын бүх үзүүлэлтийг хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн үг.

НҮБ-ын ХХААГ буюу ФАО, ДЭМБ-ын хамтарсан “Алиментариус” нэртэй тусгай комисс Дэлхий даяар дагаж мөрдөх ёстой “Хүнсний нэмэлтийн нийтлэг стандартыг” гаргадаг. Нийтлэг стандартад зөвхөн хамтарсан комиссын хяналт, шинжилгээгээр орсон хүнсний нэмэлтүүдийг зөвшөөрдөг.  Уг стандартад нийт 23 бүлэг нэмэлтийг тусгасан байна. 

Европын холбоо

Европын холбооны улсуудад аливаа нэмэлтийг үйлдвэрлэлд ашиглахын өмнө маш нарийн шинжилгээнд оруулдаг. Энэ ажлыг Европын холбооны Хүнсний бүтээгдэхүүний Шинжлэх ухааны хороо гэгч (SCF) байгууллага хариуцдаг.  

Уг шинжилгээг эмнэлгийн орчинд болон лабораторид амьтан дээр хийсэн туршилтуудын үр дүнд үндэслэж хийдэг.  Амьтан дээр туршихдаа тухайн амьтанд хэд хэдэн удмаар нь амьдралынх нь турш ямар нэгэн нэмэлтийг тасралтгүй өгөх маягаар хүнсний бүтээгдэхүүнд ашиглаж болох тунг тогтоодог. Хүний организмд нэг өдөрт нэвтрэхэд ямар нэгэн хор нөлөөгүй хүнсний нэмэлтийн тэрхүү хэмжээг “ADI” гэж нэрлэдэг.

Хэрэглэгч ямар нэгэн химийн гаралтай нэмэлт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэвэл түүний бие дэх ADI хэмжээнээсээ хэтэрч болох учир Европын холбооны хууль журмын дагуу хүн амын хүнсний нэмэлтийн хэрэглээг давхар судлахыг шаарддаг. Хэрэв ADI ямар нэгэн байдлаар тунгаасаа хэтэрсэн байвал хүнсэнд агуулагдах хэмжээг нь бүр бага болгодог. 

Удаан хугацааны судалгааны үр дүнд Европын холбооны Хүнсний бүтээгдэхүүний Шинжлэх ухааны хороо 1988 онд хүнсний нэмэлтийн талаарх суурь үзэл баримтлалыг боловсруулж, дараа нь түүнд үндэслэсэн хууль дүрмүүдийг баталсан байна.  Тухайлбал 1994-1995 онд амт оруулагч, будагч болон бусад нэмэлтийн талаарх үзэл баримтлалыг батлан гаргажээ. 

Өнөөдөр хүнсний нэмэлтийн хэрэглээ улам өсч байна. Жил бүр Европын холбоо хэд хэдэн нэмэлтийг зөвшөөрсөн нэмэлтүүдийн жагсаалтад шинээр оруулдаг. Олон арван жилийн хэрэглээний явцад хүнсний нэмэлт нь хүнсний чанарыг сайжруулах, хадгалалтыг уртасгах,  амт, үнэр сайжруулахад ашигтай гэдэг нь нэгэнт батлагджээ.  Харин ямар нэмэлт хэрэглэх вэ гэдэг бол өөр асуудал юм. 

АНУ

АНУ-ын хувьд хүнсний асуудлыг 1938 онд баталсан Хүнсний бүтээгдэхүүн, эм, гоо  сайхны хэрэгслийн тухай холбооны хуулиар зохицуулдаг.  Дараа нь 1958 онд хүнсний нэмэлтийн талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ямар нэгэн хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн өмнө Хүнсний бүтээгдэхүүн, эмийн асуудал хариуцсан газраас зөвшөөрөл авахаар хуульчилж өгчээ.  Түүнээс гадна үйлдвэрлэгчээс тухайн хүнсний нэмэлт ямар ч аюулгүй гэсэн баталгааг шаарддаг. 

Гэхдээ хоёр төрлийн нэмэлтийг зохицуулах шаардлагагүй гэж үздэг.  Нэгдүгээрт 1958 оны нэмэлт, өөрчлөлтөөс өмнө аюулгүй гэж зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтүүд.  Тухайлбал мах нөөшлөхөд ашигладаг нитрит натри болон нитрит кали. Хоёрдугаарт 1958 оноос өмнө шинжлэх ухааны баримтуудаар аюулгүй гэж тогтоогдсон хүнсний нэмэлтүүд. Жишээ нь сахар, давс, төрөл бүрийн амин дэмүүд.

Түүнчлэн үйлдвэрлэгчид өөрсдийн санаачлагаар тухайн хүнсний нэмэлтэд шалгалт хийж өгөхийг хүсч болно. 

Гэсэн хэдий ч АНУ 1958 оноос хойш дээр дурьдсан хоёр бүлэг нэмэлтийг ч бас судлах болжээ. Хэрэв шинжлэх ухааны шинэ баримт нотолгоогоор сэжигтэй болж ирвэл аюулгүй гэдгийг нь ахин тогтоох хүртэл хүнсний бүтээгдэхүүнд ашиглахыг хориглох хуулийн заалт бий.