Ж.Батсуурь: Ахмадын эрхийг хангасан хууль эрхзүйн орчин, ахмадын төвүүд олноор байгаасай гэж бодож байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.12.03

Ж.Батсуурь: Ахмадын эрхийг хангасан хууль эрхзүйн орчин, ахмадын төвүүд олноор байгаасай гэж бодож байна

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Ахмадын эрх ашгийг хамгаалах үүднээс, зөвхөн халамжийн талаас нь харах бус эрүүл мэнд, боловсрол, ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмдээ оролцох эрхийг нь хэрхэн хангах ёстой гэж бодож байна вэ?

Яг өнөөдрийн байдлаар манай улс олон улсын түвшинд хүрч, бүх ахмадууддаа эдлэх ёстой эрхүүдийг эдлэх боломжийг олгосон бүх хууль эрх зүйнг бүрдүүлж хараахан чадаагүй байна. Бид халамжийн асуудлыг их ярьдаг. Халамж хамгаалал эдлэх талаас нь нэлээд асуудлыг ахмадуудад янз бүрийн тэтгэлэг, тэтгэмж хэлбэрээр олгож байгаа.

Бид одоо ахмадын асрамжийн газруудыг нэлээд хэмжээгээр байгуулж, хэд хэдэн аймгуудын дундын асрамжийн газрыг бий болгох замаар ахмадуудын амьдрах орчин нөхцлийг өндөр түвшинд сайжруулахаар ажиллаж байна. Сүүлийн үед ахмадын эмнэлэг, сувиллын газруудад нэлээд анхаарал тавьж, хөрөнгө зарж байгааг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ олон улсын түвшинд яригддаг бусад эрхүүдийг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй учир бүрдүүлэх тал дээр хууль санаачлагчид болон засгийн газар идэвхтэй ажиллах байх гэж бодож байна.

-Тухайлбал ямар эрхийг нь хангаасай гэж бодож байна вэ?

Хамгийн нэгдүгээрт бие даан амьдрах эрх гэж ярьдаг. Үр хүүхдийнхээ халамж, анхааралд тодорхой хэмжээгээр байгаа ч гэсэн та гэрээс гарч болохгүй шүү, хүүхэд харж байгаарай, ийш тийшээ явж болохгүй, аливаа шийдвэрт оролцуулдаггүй, үгийг сонсч, саналыг нь авдаггүй гэх зэрэг асуудал айл өрхийн хэмжээнд, төр засгийн хэмжээнд, байгууллагын хэмжээнд  ч мөн анхаарал татсан асуудал.

Тэгэхээр олон улсад ахмадуудыг өөрийнхөө үе тэнгийнхэнтэй нь уулзуулж, өнгөрсөн сайхан дурсамжаа хуваалцах боломжийг нь бүрдүүлсэн олон сайхан төвүүд байдаг юм билээ.

Би дорноговь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн ордны барилга барьж байгуулаад тэнд ахмадуудад нэг өрөө гаргаж өгч цагийг өнгөрөөх боломжоор хангаж байсан. Тэд маань үдийнхээ ундыг ээлжилж хийж ирээд шатар, даам тоглоод нэг хэсэг цаг  хугацааг өнгөрөөдөг.

Өдөржин гэртээ уйтгарлаж байгаа хүмүүс өвчин зовлонгоо  л илүү мэдэрдэг. Тиймээс орчныг бүрдүүлэх асуудал чухал. Бас оролцооны эрх гэж ярьдаг. Хүүхдүүд нь ч гэсэн аав ээжтэйгээ ярилцаад аливаа асуудлыг шийдэхэд санаа оноог нь асуудаггүй. Түүнтэй адилхан бүхий л салбарын хүрээнд тэр боломжийг хомсдуулдаг.

Түүнчлэн нэр төрийг нь хүндэлдэггүй, залуу үе хайхрахгүй байх тохиолдол бий. Ямар нэгэн эмзэглэл тээж явдаг. Тэгэхээр залуу хойч үе бид ахмадуудыг эмзэглэл тээж явахаас нь хамгаалах ёстой. Бид анзааралгүйгээр ахмадуудыг хамгаалах ёстой.

Ахмадуудын төлөө “За” гэж хэлье гэсэн бодлогыг гаргаж тавьсан.

Би дорноговь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа байнга баримтлах ёстой зарчмыг төрийн байгууллагын ажилтнууддаа танилцуулж байсан. Түүндээ ахмадуудыг бид үргэлж хайрлаж, хүндэлж хамгаалж ахмадуудын төлөө “За” гэж хэлье гэсэн бодлогыг гаргаж тавьсан.

Бид зөвхөн өөрсдийнхөө аав ээжийгээ бус, ахмад хүмүүсээ дээдлэх ёстой. Хэлсэн үгийг нь үл тоомсорлож болохгүй. Ахмадыг гомдоож болохгүй. Сэтгэлийн дэмжлэг байнга хэрэгтэй. Ямар нэгэн урам хайрлаж байх хэрэгтэй.

-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

Нас зааж ажилд авдагт ахмад битгий хэл залуу хүмүүс хүртэл гомдож явдаг. 40 нас хүрсэн хүмүүсийг авахгүй гэхээр их гомдоллодог. Ахмад настай болсон ч гэсэн өөрт нь таарч тохирсон ажлыг нь хийлгэх бодлогыг барьж, хөдөлмөрлөх хууль эрх зүйн орчноор нь бүрэн хангаж өгөх ёстой.

Өдөрт цөөн цагаар ажиллах, чадал чансаанд нь тааруулж ажиллуулах хэрэгтэй. Дан ахмадуудыг ажиллуулдаг байгууллага ч байж болно. Манай бизнесменүүд бас сэтгэх хэрэгтэй. Солонгос улсад гэхэд ахмадуудыг цуглуулаад захиалгаар ахмадын төвүүдэд гэр орноороо хүртэл үсний боолт хийлгэх ажлуудыг хайрцаг хайрцгаар нь аваад хийлгэдэг. Тиймэрхүү байдлаар зохицуул болно.  

-Таныг ахмад боллоо гэхэд ямар нийгмийн орчин угтаасай гэж хүсч байна?

Ахмадын эрхийг хангасан хууль эрхзүйн орчин, ахмадын төвүүд олноор байгаасай гэж бодож байна.