Д.Батцогт: Ахмадын бие даасан хуультай болох цаг болсон
УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.12.03

Д.Батцогт: Ахмадын бие даасан хуультай болох цаг болсон

УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ахмадын хуулийн шинэчлэл, төрөөс ахмадын талаар барих бодлогын тухай ярилцлаа.     

- Өнөөдөр Монгол улсын төр ахмадынхаа талаар ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?

Төрөөс ахмад настнуудад үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна. Цагийн аясаар хүн бүхэн л өндөр настай болж, тэдэнд зайлшгүй нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай болдог.            

Шинэ Үндсэн хууль батлагдаж, бидний хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг бол тэтгэврийг зөвхөн улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог өөрчилж, Нийгмийн даатгалын багц хуулиудыг батлан ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог хуваарилалтын тогтолцоог нэвтрүүлсэн явдал юм. Улсын Их Хурал 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг мөрдүүлсэн.  

Тэтгэврийн даатгалын хуваарилалтын зарчим хэрэгжсэнээс хойш хөдөлмөрийн насны, эдийн засгийн идэвхитэй хүн амын 63 орчим хувь нь тэтгэврийн албан журмын даатгалд хамрагдаж байна. Ялангуяа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалд хамрагдаагүйгээс тэдний ирээдүйн нийгмийн баталгаа алдагдаж, тэтгэврийн сан орлогоороо зарлагаа нөхөхгүй, тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Энэ нь ахмад настнуудын амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа нь тэтгэврийн шинэчлэл хийх шаардлага, эрэлт хэрэгцээ байгааг тодорхойлж байна.

Ахмадууд хаана амьдарч байна вэ?

Өнөө үед төрөөс ахмад настны талаар үндсэн хоёр бодлого баримтлах ёстой. Үүнд: нэгдүгээрт, зайлшгүй асрамж, халамж шаардлагатай настнуудыг төрөөс халамж, хамгаалалдаа авах. Энэ нь асрамж, үйлчилгээний төвөөр үйлчлэх  юм уу, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд халамж, хамгааллыг үйлчилгээ үзүүлэх боломжийг хангана гэсэн үг.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн чадамжтай ахмад настныг хөдөлмөрийн нөөц гэж үзээд тэдэнд тэтгэврийн бус орлогоо нэмэгдүүлэх, хөгжих боломж, бололцоогоор хангах явдал юм. 

- Одоо хэрэгжиж буй Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэх талаар яригдаж байна. Таны бодлоор юу юуг хамгийн түрүүнд хуулинд оруулах хэрэгтэй вэ?

Тийм ээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Дээр дурдсан хууль бол зөвхөн нийгмийн хамгааллын чиглэлийн харилцааг зохицуулсан. Цаашид ахмад настны  бие даасан хуультай болж юуны өмнө ахмад настны болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, тэдгээрийн эрх ашгийг хамгаалагч төрийн бус байгууллага, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй байна.

- Тэтгэвэрт гарна гэдэг “Гавьяаны амралт биш гайны амралт” гэж ярьдаг. Ахмадууд хангалттай эрүүл мэндийн үйлчилгээ авах, боломжоороо хөдөлмөр эрхлэхийн тулд ямар нөхцөл, механизмыг бий болгох хэрэгтэй вэ?

Энэ яриа хөдөлмөрийн чадамжтай ахмад настнуудыг хөгжих, хамт олонтой байх, хөдөлмөр эрхлэх боломжийг төрөөс олгоогүйтэй холбоотойгоор тэдний эрх нь зөрчигдөж ач, зээгийнхээ хүүхдийг харах маягаар, бүдүүлгээр хэлбэл “гэрийн хорионд” орсонтой холбоотой гэж бодож байна.

Ахмадуудад сэтгэл ханамж өгсөн эрүүл мэндийн үйлчилгээ бий болох эрх зүйн орчныг бүрдүүлчихвэл тэр үйлчилгээг хувийн хэвшлийнхэн аваад явах боломжтой.

Ахмадын эдлэх ёстой эрх

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой зорилт тавьсан. Энэ хүрээнд 2014 онд хөдөлмөр эрхлэлтийн сангаас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан тэнд бүртгэлтэй 3-аас доошгүй гишүүнтэй тэтгэврийн насны ахмад, мэргэжилтнүүдийн баг, бүлэг болон ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд хамрагдаж байна. Төсөлд  нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталсан байгаа. Ахмад мэргэжилтний баг, бүлгийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах төслийг нэг сая хүртэл төгрөгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжиж байгаа. Уг төсөлд 2014 оны эхний хагас жилийн дүнгээр 146 зөвлөх багийн төсөлд 500 шахам ахмад мэргэжилтэн, Монголын ахмадын холбоо, Монголын чөлөөт ахмадын холбоо, Таны зүтгэлийн төлөө ТББ, Ачлалт дэлхий ээж зэрэг ахмадын 4 ТББ хамрагдсан байна.

Мөн “Монголын ахмад  мэргэжилтнүүдийн Үндэсний  сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгуулж Ахмад мэргэжилтнүүдийг зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр”-ийг Хүн амын асуудлаарх Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга нарын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан тушаалаар баталлаа. Тэгэхлээр 2015 оноос ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд тодорхой өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн болон  бусад санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, гол нь салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, удирдлага, хяналт, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна.