С.Эрдэнэ: Ахмадууд маань гавьяаны биш, "гайны амралтанд" суудаг болчихоод байна
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
- Засгийн газар Ахмадуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?
Ахмад настнууд хэдийгээр нийгэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруулсан боловч өнөөдөр хүртэл гэр бүлийн дунд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Тэдний оруулж буй хувь нэмрийг мөнгөөр хэмжиж үнэлбэл чамгүй дүн харагдах байх. Хүүхэд харах, өвчтөн асрах, ач гучаа сургууль цэцэрлэгт нь зөөх, сурган хүмүүжүүлэх, хоол хийх, цэвэрлэх гээд хөдөлж байгаа цагтаа байнга л хөдөлмөрлөж, нэг ёсондоо өртөг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулдаг хүмүүс.
Гэхдээ ахмадуудыг зөвхөн уламжлалт зан заншлын дагуу гэр бүлийн хүрээнд ач гучаа харсан нэртэй гэрийн хорионд байж, хүүхэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байх уу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой.
Өнөөдөр ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьслыг дагаж хөгжих шаардлагатай байна, цахим ертөнцтэй харьцаж, чийрэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал, ахмадын спортын төрлүүдээр хичээллэх хэрэгцээтэй байдаг. Гэтэл бодит байдалд зуны цагт сүүдэр бараадаж гадаа нарлахаас өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн чадавхи бараг алга гэж үзэж болно.
Энэ онд Монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгууллаа. Мөн ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр батлан гаргалаа. Монгол Улсад 220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байнгын ажлын байранд манаач, жижүүр,багш, эмч, төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ эрхэлж байна.
Бусад ахмадуудын дунд биеийн болон оюуны өндөр чадвартай олон ахмадууд байгааг ажиллах хүчний багагүй нөөц гэж үзэж Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ахмад мэгэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд 193 ахмад мэргэжилтнийг түр ажлын байртай болгосны дээр ахмадын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг олон ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж байна. Ахмадын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл насжилт- настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.
Цаашдаа ахмад настны эрхийн асуудлыг холбогдох хуулинд тусгахаар ажиллаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд өндөр настандаа анхаарал халамж тавихгүй байх, гадуурхах, дарамт хүчирхийллийн дор байлгах, тэднээс харилцаагаа таслах, сураггүй алга болох хаях явдлууд гарах болж эцэг эх, үр хүүхэд, Монгол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зураг харагдах боллоо.
Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ахмадууд маань гавьяаны биш, “гайны амралт”-нд суудаг болчихсон. Тэд маань тэтгэвэртээ гараад л хүүхэд харахаас эхлээд үнэ хөлсгүй, нэргүй хөдөлмөр эрхлэж, хажуугаар нь тэтгэврийн зээлд баригдаад амьдрал нь өмнөхөөсөө дээрдсэн юм байхгүй.
- Тэтгэврийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
Ахмад настны аж амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогын цөм нь ахмадуудын тэтгэврийн хэмжээг хангалттай байлгах, эдийн засгийн чадамжтай байлгах асуудал билээ. Ахмадуудаа орлогын баталгаагаар хангаж, ядуурлаас сэргийлэх нь нэн тэргүүний анхаарууштай бодлого. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийгмийн даатгал, халамжийн хуулиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй.
Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас өнөөдөр тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүргэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна.
Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч хэмжээ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Улс төрийн сонгууль болох хугацаатай уралдаж тэтгэврийг үе үе нэмэгдүүлдэг, тэр нь үнэ ханшийг өсгөх шалтгаан болдог гээд учир дутагдалтай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирсэн.
Зүй нь бол тэтгэврийн хэмжээг үнэ ханшийн өсөлттэй уялдуулан, ханш өөрчлөгдөх үед түүнийг нөхөхүйц байдлаар автоматаар нэмэгдүүлдэг улс төрөөс хараат бус зөв бодлогыг нэвтрүүлэх учиртай. Ийм ч учраас улсын төсвийн орлогын бололцоонд үндэслэн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн ахмадуудын тэтгэврийн хэмжээг 2013 оны инфляцийн төвшинг нөхөхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн.
Хэдийгээр энэ нэмэгдлийн хэмжээ бага хэдий ч цаашид эдийн засгийн боломж сайжрахын хэрээр аажим нэмэгдүүлэх бодлого барина гэж үзэж байна. Манай салбарт 2013 онд хийсэн томоохон ажил гэвэл “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу нийт 494.8 орчим мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцлоо. Үүнээс 64.0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2014 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн нөхөн тооцуулсан жилээс хамааруулан мөн нэмэгдүүлсэн.
- Алс хэтдээ Ахмадын хөгжлийн талаар ямар бодлогыг гол чиглэлээ болгох вэ?
Цаашид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг илүү өргөн хүрээтэй болгож ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн боловсролын асуудлуудыг тусгасан байдлаар шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна.
Ахмадуудын дунд мэдлэг чадвараа залуу үедээ өвлүүлэх замаар хөгжилд хувь нэмрээ оруулж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх санаачлагыг улам дэмжиж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сэтгэл ханамжийн баталгааг дээшлүүлэх, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ахмадын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хөдөө алслагдсан бүсэд амьдарч буй ахмадуудад нийгмийн суурь үйлчилгээг хүргэх механизмыг боловсронгуй болгох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг зорьж байна.