2020 онд Нийгмийн даатгалын сан дампуурах эрсдэлтэй
Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар
2014.11.14

2020 онд Нийгмийн даатгалын сан дампуурах эрсдэлтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ удаад Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Монголын өнөөгийн ахмадуудын байдлыг танай холбоо хэрхэн дүгнэдэг вэ. Ямар асуудал тэдэнд тулгамдаж байна?

Манай улсад 1960-аад оноос хойш хүн амын огцом өсөлт бий болсон гэж үздэг. 2020 он гэхэд огцом үеийн өсөлтийн хүмүүс маань тэтгэврийн насанд шилжинэ. Өөрөөр хэлбэл ахмад настнуудын авах арга хэмжээ бодлого, хуулийг маш тодорхой болгохгүй бол асуудал үүсэхээр байгаа юм.

Үүнд нэгдүгээрт нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, хоёрдугаарт тэтгэврийн бодлогыг маш оновчтой болгох хэрэгтэй. Тэтгэврийн зөрүү, нэмэгдэл зэргийг авч үзэхдээ бодлогын түвшинд тодорхойлон, харин хэдэн төгрөгөөр нэмэхийг тусад нь шийдэх учиртай.

Манайх нийгмийн даатгалын тогтолцоо эв санааны шинжтэй учир хуваарилалтын зарчмаар явж байгаа. Гэтэл энэ тогтолцоогоор 2020 он гэхэд тэтгэврээ тавьж чадахгүйд хүрч, даатгалын сан дампууруулах эрсдэлтэй.

 Тиймээс Европын орны хуримтлалын санг бий болгох хэрэгтэй. Асар өндөр хөгжсөн орнууд их хэмжээний хуримтлалыг бий болосон байдаг. Энэ асуудлыг бид удаа дараа тавьж байсан. Яам, тамгийн газар бэлэн хуулийн төсөл байгаа ч шийдэгдэх түвшинд очоогүй л байна.

-Тэгэхээр таныхаар бол хэрхэн шийднэ гэсэн үг вэ. Та анх Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн гэж сонссон?

Хамгийн гол нь үндсэн гурван зарчмыг барих хэрэгтэй. Үүнд суурь тэтгэврийн тогтолцоотой больё, тэтгэврийн нас хүрэнгүүт иргэн болгон хатуу тогтсон тэтгэвэр авч байдаг.

Харин үүнд нэмэгдээд хэрвээ өөрөө нийгмийн даатгалд даатгуулаад шимтгэл төлөөд хуримтлал үүсгэсэн бол тэрийгээ авна гэсэн. Гурав дах нь, нэмэлт даатгалын тогтолцоо буюу өөрөө сайн дураар хувийн хэвшилд даатгуулсан бол тэндээс тэтгэмжээ авах боломжтой гэсэн үг.

 Гэтэл өнөөдөр тийм эрх зүйн орчинг бүрдүүлээгүй учраас хүмүүс тэтгэврээ бага байна гэдэг нь аргагүй.  1960 оноос хойш төрөгсдөд нэрийн данс нээсэн тэнд одоо бэлэн бодит мөнгө байхгүй, хий хоосон данс, ажилласан жил, шимтгэлийн мөнгө бичээстэй байдаг. Тиймээс одооноос анхаарч, байгалийн баялгаас хүмүүст хуваарилах зарчим дээр үндэслэж тэндээс хичнээнийг хуримтлалын санд өгөхөө шийдэж, хагас хуримтлалын тогтолцоо руу орох ёстой.  

-Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ямар дүгнэллт хийдэг. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай юу?

Өнөөгийн хууль тогтоомжид зааснаар тэтгэвэрт гарсан хүмүүс ажиллаж болно гэсэн заалттай бөгөөд ямар нэгэн байдлаар хориглоогүй. Гэхдээ хөдөлмөрийн зохистой зохицуулга, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх, дахин мэргэжил эзэмшүүлэх, олон жилийн турш хуримтлагдсан баялаг туршлага, мэдлэг чадварыг залуу үед дамжуулах, сургах чиглэлийн орчин хомсдолтой учир сайжруулах шаардлагатай.

Энэ талаар ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогод тусган, оруулах хэрэгтэй. Өнөөдөр засгийн газраас Ахмад мэргэжилтний сүлжээ гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайжруулж, салбар бүрээр нь төрөлжүүлэх хэрэгтэй гэж боддог.

Уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, барилга, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрээр нь ахмадуудыг зөвлөхөөр ажиллуулж, төрөөс урамшууллын системээр нь зохицуулж өгөх хэрэгтэй. Хөшүүрэг байх ёстой. Үүнийг мөн хуулиараа аж ахуй нэгж байгууллагуудтай холбож, компани байгууллагуудын үүрэг байдлаар оруулах нь зөв. Тодорхой норматив, шалгуурыг зааж өгөх хэрэгтэй.

-Дахин мэргэжил эзэмшүүлэх  тал дээр ямар бодолтой байдаг вэ. Манайд 55-60 нас хүрээгүй тэтгэвэрт гарч буй олон хүн байдаг?

Эрт тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг дараагийн дахин мэргэжил эзэмшүүлэхэд сургахад анхаарах нь зайлшгүй асуудал.  Өөрөөр хэлбэл төр засгаас үүнд чиглэсэн хөрөнгө мөнгийг нь гаргах ёстой.

Тухайлбал урлаг, цэрэг цагдаагийн хүмүүс мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоод тэтгэвэрт гарч байгаа учраас тэр хүмүүсийн дараагийн нийгмийн харилцаа, хөдлөмөрийн харилцааг нь хуулиар зохицуулж өгөх ёстой.

Энэ дагуу бодлого гаргаж, хуулиа гаргаад дэмжих хэрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар ийм бодлого байхгүй учраас гаднах үзэмжээр нь  гайгүй нэгнийг нь байгууллагын зөвлөхөөр ажиллуулж, чадахгүй нэгэн нь янз бүрийн л ажил хөдөлмөр хийж байна.  

Өнөөгийн манай Ахмад настны нийгмийн хамгааллын хууль сайн болсон ч өнөөгийн эрэлт хэрэгцээ, амьдралын орчныг хангаж чадахгүй болсон учир өөрчилж сайжруулах хэрэгтэй. Нийгмийн харилцааны орчныг бүрдүүлээгүй учир зарим нэг ахмадууд гэртээ тэтгэврээ хэзээ нэмэгдэхийг хүлээгээд л сууж байдаг.

-Хуулийн өөрчлөлт ахмадын эрхийг хамгаалсан ямар зүйлүүдийг оруулаасай гэж бодож байна вэ?

Халамж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр гээд бүх чиглэлээр нь тусгасан Ахмад настны тухай хууль гээд хууль болгож өөрчлөх хэрэгтэй. Ер нь ахмадын хуулийг өөрчилье гэдэг санал олон ахмадуудаас ирдэг. Бид мөн санал цуглуулаад ажиллаж байгаа.

-Ахмадууд юуг хүсч байна вэ?

Хөдөлмөр эрхэлмээр байна. Ахмад настны чөлөөт цагийг өнгөрүүлэх талаар арга хэмжээг аваач, ахмад настанд зориулсан спорт арга хэмжээг зохион байгуулаач, уралдаан, цэнгүүн, эмнэлгийн жижиг нөхөн сэргэх үйлчилгээг бий болгооч гэж хүсдэг. Түүнчлэн ахмадууд харьяалагүй байна, арга хэмжээнд хамрагдаж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьдаг. Мөн амралтын рашаан сувилалын үнийг бууруулж, тоог нь нэмэгдүүлж өгөөч гэж хүсдэг.  

-Ярилцсанд баярлалаа.