Б.Бямбасайхан: Бизнес эрхлэгчдийн хувьд Ерөнхий сайд яахав, баг нь чухал
Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан
2014.11.18

Б.Бямбасайхан: Бизнес эрхлэгчдийн хувьд Ерөнхий сайд яахав, баг нь чухал

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хэрхэн харж байгаа бол?

Процесст нь оролцож чадахгүй нь мэдээж учраас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид болгоомжтойгоор ажиглаж байна. Гол санаа нь их энгийн. Дараа жил том төслүүд хэрэгжих ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах учиртай. Төлбөрийн балансын хямралыг зогсоож эерэг болгох шаардлага бий.

Үүн дээр маш ухаалаг бодлого хэрэгжүүлэх цаг ирсэн. Засгийн газар, төсөв санхүү хариуцаж байгаа яам, Монгол банк маш чухал үүрэгтэй ажиллах ёстой гэсэн үг. Тэгж байж макро эдийн засгийн бодлого гэдэг юм зөв тийшээ тогтвортой явна. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа зүйл бол ердөө энэ. Харамсалтай нь өнөөдөр тэр орчин нь алга. Бизнес хийж буй улсын хувьд энэ тогтворгүй байдлаа сайжруулахын тулд улстөр нь өөрчлөлт хийж эхэллээ гэж харж байна.

Өмнө нь болохгүй байсан эдийн засгийн бодлогуудыг өөрчлөх, өөрөөр хэлбэл реформ хийгдэх байх гэсэн хүлээлт автоматаар үүсч байна л даа. Мөнгөний болон төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг нэг мөр сайжруулах арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ ч үүднээс хүлээлт өндөр болоод байгаа юм.

-Өнөөдөр Ерөнхий сайд хэн болох вэ гэдгийг л яриад байна. Таны ярианаас Ерөнхий сайдаас гадна төв банкны тэргүүн, Сангийн сайдын суудалд хэн сууж, ямар өөрчлөлт хийх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүссэн гэж ойлголоо?

Ер нь эдийн засгийн болон улс төрийн бодлого дандаа багийн тоглолт байдаг. Багийн тоглолтоор үр дүн нь харагддаг. Зөв баг томилох байх гэсэн хүлээлт үүссэн гэж онцолж хэлмээр байна. Засгийн газрыг солино гэхээр сайн баг ирж ажиллах нь гэсэн хүлээлт үүссэн. Бизнес хийж байгаа хүний хувьд Монголын Ерөнхий сайд хэн байх вэ гэдгээр асуудал шийдэгдэхгүй.

Олон сайн хүн ажиллаж байж зөв бодлого гарна. Тэгж байж реформ хэрэгжинэ. Энэ жил эдийн засаг долоон хувиар өслөө. Дараа жил тэдээр өснө гэж төсөөлөх гэхээр боломжгүй нөхцөл үүссэн. Өсөлтийг янз бүрийн моделоор хэмжиж үздэг.

Гэхдээ ямар бодлого хэрэгжих юм, хэн тэр бодлогыг нь хэрэгжүүлэх бол гэдгийг мэдэхгүй байгаа учраас дараа жилийн эдийн засгийн өсөлтийг төсөөлөхөд хэцүү.

Компаниуд бизнес төлөвлөгөөгөө ч хийж чадахгүй, бүх юм хүлээлтийн байдал руу орчихлоо. Үүнээс үүдэн гарч байгаа бас нэг үр дагавар бий. Хүн бүр л гадаадаас хөрөнгө оруулалт хурдан татъя гэж яриад  байгаа.

Хурдан татахын тулд Монголынхоо эдийн засгийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж бизнес төлөвлөгөөгөө хийж хөрөнгө оруулалтаа татна. Тэр процесс нь зогсчихоод байна. Өөрсдөө ойлгохгүй байж яаж бусдад ойлгуулах билээ.

Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.
-Хэрвээ өмнө ажиллаж байсан засгийн бүтэц тэгтлээ өөрчлөгдөхгүй бол яах вэ, бизнес эрхлэгчдийн хүсээд байгаа өөрчлөлт хийгдэх болов уу?

Алдаатай бодлогууд хэрэгжүүлсний үр дагаврыг нь бид харлаа. Ямар алдаатай бодлого хэрэгжүүлснээ тодорхойлчихлоб. Одоо тэрийгээ засах гэж байна. Алдаатай бодлогуудаа засахын тулд шинэ бодлого хэрэгжүүлэх чадавхитай хүмүүс зайлшгүй шаардлагатай. Хагас дутуу өөрчлөлт гэдэг өөрчлөхгүй байснаас илүү дор ч байж мэднэ.

Ийм нөхцөл байдал өнөөдөр нэгэнт үүссэн. Бидний нэг гол алдаа гэвэл юмыг дандаа дутуу хийж байна л даа. Зөв бодлого эхлүүлдэг, зөв хуулийн концепц баталдаг. Гэхдээ дуустал нь хийхгүйгээр орхичихоод байна. Эдийн засагт нэг л юм хэрэгтэй.

Эхлүүлсэн реформыгдуусгаж чаддаг байх нь чухал. Үүнийг хийж чадах чадавхтай улсыг бид хүлээж байна. Дахиад хэлэхэд макро эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, мөнгөний бодлого.төсвийн бодлогыг голлож хэрэгжүүлэх тулгуур гурван хүн маш чухал учраас үүн дээр хүлээлт үүссэн.

-Өмнөх засгийн хувьд юун дээр алдсан юм бол?

Зах зээлийн нөхцөл байдлыг хэтэрхий эерэгээр төсөөлөөд тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Тэр бодлого алдаатай байсан нь ойлгомжтой болчихлоо. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл эргээд сайжрах учраас Монголын эдийн засгийг хурдан хугацаанд сэргээнэ гэсэн бодлоготойгоор үечлэлийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авсан.

Хоёр хавцлын хооронд гүүр барьж байгаагаар төсөөлье л дөө. Гүүрээ бариад явж байтал нөгөө талын хавцалд арай хүрэлгүйгээр гүүр барьдаг материал нь дуусчихсан гэсэн үг. Маш аюултай нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Нэгмөсөн нурах аюул үүсч байна. Гүүр барих материал нь хөрөнгө оруулалт.

Хөрөнгө оруулалт орж ирж экспорт сайжирсан бол барьж эхэлсэн гүүрээ дуусгах боломж байсан. Энэ тохиолдолд бизнесүүд сайжирч, эдийн засаг тогтвортой өсөх боломж байсан юм. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжүүлсэн бодлого маань алдаатай байсан нь нотлогдлоо. Тийм учраас төсвийн, төлбөрийн балансын хямрал болоод байгаа юм. Одоо гүүрээ унагаахгүйгээр барихын тулд шинэ инженерийн баг шаардлагатай.

Өмнө эхлүүлсэн гүүрний бүтээн байгуулалт тэртэй тэргүй дуусахгүй. Гүүрийг шинээр барих шинэ архитектор эдийн засагт хэрэгтэй болж байна. Тэр нь мөнгөний бодлого, төсвийн бодлоготой маш чухал холбоотой.

Ингэж байж макро эдийн засгийн орчин тогтворжино. Бизнес хийж байгаа улс 2015 он ийм дүр зурагтай өрнөх нь гэсэн тодорхой төсөөлөлтэй болчихвол тэр дүр зурагт нь багтаад учраа олчихно. Гэтэл өнөөдөр яг ямар байх нь ойлгомжгүй харанхуй байна.

-Засаг эмхрэхгүй цаг алдвал хамгийн түрүүнд хохирол амсах хүмүүс нь мэдээж бизнес эрхлэгчид байх...?

Өдийд ажиллаад, орлого ашгаа олоод явж байх ёстой компаниудын хувьд маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр хүлээлт үүснэ. Хүлээлт үүсэхээр компаниас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүст ч муугаар нөлөөлнө. Эдийн засагт итгэх итгэл алга болж байгаа нь хамгийн гол эрсдэл.

-Бизнесүүд шинэ засгаас яг юу хүлээж байна?

Бизнесүүдийн хүлээж байгаа хэдхэн зүйл бий. Том төслүүдээ шийдээд хурдан явуулаач гэж хүсч байна. Том төслүүдийн араас хөрөнгө оруулалт орж ирээд шинэ ажлын байр бий болоод явна. Үүнийг дагаад компаниуд ажилтай, орлоготой болж ирнэ. Тэр хэрээр макро эдийн засгийн орчин тогтворжино. Мөн төр хувийн бизнестэйгээ өрсөлдөхөө болих хэрэгтэй.

Хүлээлт үүсэхээр компаниас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүст ч муугаар нөлөөлнө. Эдийн засагт итгэх итгэл алга болж байгаа нь хамгийн гол эрсдэл.
-Та эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн гол цэг дээр бизнесүүдийг төлөөлж ажилласан хүн. Ер нь төр бизнесээ хэр сонсдог юм байна, бизнесүүдийн санаа оноог гаргах шийдвэртээ хэр тусгадаг юм шиг санагдсан бэ?

Төрөөс эдийн засгийн чигийн бодлого шийдвэрүүд гарахдаа бизнес хийж, баялаг бүтээж байгаа буюу татвар төлж буй улсуудынхаа хүсэл бодлыг шингээж өгдөггүй юм байна. Өмнө байсан системийн маань гол доголдол л доо.

Яамны түшмэл бодлогын концепцийг бичээд яамныхаа түвшинд хэлэлцүүлнэ. Яам нь засагт оруулж, засаг нь их хурлаар батлуулж байна. Энэ явцад бизнесийн салбар, татвар төлөгчдөөс ихэнх тохиолдолд санал авдаггүй.

-Бизнес эрхлэгчдийн санаа, оноог авлаа гэдэг шүү дээ?

Санал авсан ч гэсэн саналыг аваад л өнгөрдөг системтэй болчихсон юм байна. Энэ системийг өөрчлөх шаардлага ирсэн гэж бодож байна. Ямар ч Засгийн газрын гаргасан шийдвэрийг татвар төлөгчид, бизнес хийж буй улсдаа ямар үр нөлөө үзүүлэв гэдгээр нь хэмжиж үздэг. Хамгийн эхлээд анхаардаг хэмжүүр гэж ойлгож болно.

Бизнесүүдээсээ санал авдаг болох өөрчлөлтийг эдийн засгийн шийд гаргадаг процесстоо оруулж өгөхгүй бол нэг бол популист шийдвэрүүд гардаг. Эсвэл дарамталсан маягийн шийдвэрүүд гардаг. Бизнесүүдээ сонссон шийдвэр гарвал өнөөдрийн татварын тогтолцоо эрүүлжинэ.

Тэгэхгүйгээр зөвхөн татвар хураадаг нь татварынхаа бодлогыг боловсруулаад батлаад яваад байвал дандаа хураадаг талаасаа харах нь тодорхой. Уг нь татварын бааз нь томорч, өөрөөр хэлбэл компаниуд нь улам томроод байвал тэр хэрээр их татвар цуглуулна шүү дээ. Энэ талаас нь харах хэрэгтэй.

Эдийн засгийг том зургаар нь хардаг болохын тулд компаниуд шийдвэр гаргах процессын хамгийн эхэнд байх ёстой. Бид тэрийг л хийхийг зорьж ажилласан. Одоо ч гэсэн энэ зөвлөгөөгөө шинэ сайд, дарга нарт өгнө гэж бодож байна.

-Зарим улстөрч шинээр байгуулагдах засаг удахгүй өөрчлөгдөнө гэх зэргээр байр сууриа илэрхийлээд эхэллээ. Засаг хэврэг байх нь эдийн засагт, бидний хүсэн хүлээж буй гадаадын хөрөнгө оруулагчдад яаж нөлөөлөх бол?

Засаг тогтворгүй байхын горыг өнөөдөр бид амсч байна. Бүх зүйл хүлээлтийн байдалд орчихлоо. Монголынкомпаниуд ирээдүйд итгэхгүй байна. Тийм учраас хэзээ ч хэн ч тэр, энэ дарга нь солигдоосой гэж хүсэхгүй. Байгаа хүнтэй нь ажиллана. Тэр хүн нь ухаантай зөв бодлого ямар байхыг биднээс асууж байгаад эдийн засгийнхаа чухал бодлогуудыг боловсруулж баталбал аль аль талдаа хэрэгтэй.

Тэг хэрээр эдийн засаг мөнгөний бодлого сайн явна. Нөгөө талдаа бизнесийн өсөлт ч сайжирна. Ингэж чадвал Монголын эдийн засаг өсөх боломжтой. Хурдтайгаар өсч байсан эдийн засаг руугаа буцаж орохыг ч үгүйсгэхгүй. Хэнтэйгээ хамтрах нь улстөрийн шийдэл. Хамгийн гол нь тогтвортой байх ёстой.

Дахин хэлэхэд макро эдийн засгийн тогтворжуулах бодлогын реформыг хийхэд шинээр бүрдэх баг сайн ажиллаасай гэж хүсч байна. Ирээдүй ойлгомжтой харагдвал бусдыг нь бизнес өөрөө хийчихнэ.

Засаг тогтворгүй байхын горыг өнөөдөр бид амсч байна.
-Гадаад зах зээлийн нөхцөл байдал таагүй байсан ч гэсэн үү ?

Гадаад зах зээлийн нөхцөл ямар ч байж болно. Дотоодын нөхцөл байдал ойлгомжтой болчихвол тэрэндээ таарсан менежментээ хийгээд явах бололцоотой. Ажлын байраа хангаад явахыг хүснэ. Үнэн хэрэгтээ ямар ч бизнес эрхлэгч ажлын байраа цомхтгохыг хүсдэггүй.

Сайн баг гарч ирж макро эдийн засгийн реформуудаа хийж, том төслүүдээ хэрэгжүүлж, концепцийн чухал зүйл өмчийн эрх гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож хамгаалж, бизнестэйгээ өрсөлдөхгүйгээр, хүний хувийн өмч рүү халдахгүйгээр ажиллах л төрийн хийх зүйл.