Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай
УИХ-ын гишүүн Л.Болд
2014.10.20

Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай

УИХ-ын чуулганаар нэр бүхий зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та Гадаад харилцааны сайдын ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь ажлаа өгөхөөс тань өмнө уулзаж, гадаад харилцааны сал­барын сүүлийн үеийн амжилт, ололтын талаар ярилцахаар төлөвлөж байлаа. Иймд энэ салбарын ажил, асуудлаас яриагаа эхэлье. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Мон­гол Улс ASEM-ын чуулга уулзалтыг эх орон­доо зохион байгуулах эрх авлаа гээд нэлээн шуу­гилаа. Үүний ач хол­бог­­дол нь чухам юунд байна?

Aзи, Европын уул­­залт буюу ASEM-ын дээд төвшний 10 ду­гаар уулзалт хэдхэн хоногийн өмнө Итали улсад болж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилттай оролцож, дараагийн дээд төвшний уулзалтыг Монголдоо зохион байгуулах эрхийг батал­гаажууллаа.

Дээд төвшний уулзалт зохион байгуулах эрх авах асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраа санал нэгтэй дэмжсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Мөн үүний цаана олон хүний хамтын хөдөлмөр, хүчин зүтгэл бий. Хамгийн гол нь 2016 онд болох өндөр төвшний энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд үлдсэн хугацаанд хүч чармайлт гарган ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Энэ уулзалтаар дэлхийн 50 гаруй орны төр, засгийн тэргүүн Монголд нэг дор цуглана гэдэг нэр хүндийн төдийгүй өндөр хариуцлагын асуудал юм.

Бид өнгөрсөн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын сайд нарын хурлыг эх орондоо зохион байгуулсан нь өмнө хүлээн авч байгаагүй томоохон арга хэмжээ байсан. Тэгэхээр түүнээс ч өргөн хүрээний том хурлыг зохион байгуулахад урт хугацааны тасралтгүй ажиллагаа, бэлтгэл шаардагдана.

Үүнийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өсөх юм. Мөн Монгол Улс Онлайн эрх чөлөө олон улсын эвслийг 2014-2015 онд даргалж байгаа бөгөөд эвслийн сайд нарын хурлыг ирэх оны тавдугаар сард эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Түүнээс гадна Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хурлыг Монголд хийх тухай мэдээлэл бас байна?

Тийм ээ. Энэ хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ярилцсан. Хэдийгээр он дуусах дөхөж буй ч энэ ондоо багтаан хийх, шийдвэрлэх олон хариуцлагатай ажил гадаад харилцааны салбарт хүлээгдэж байгаа. Салбарын сайд солигдсон ч Ардчилсан намын бодлого үргэлжлэн хэрэгжээд явах учраас гадаад харилцааны салбарын ажил энэ хэвээр эрчтэй урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Тухайлбал хориод жил хүлээж буй Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-т гишүүнээр элсэх асуудалд бодитой ахиц өнгөрсөн хоёр жилд гарсан, тэр ололтоо ахиулж үр дүнд хүрэх асуудал байна.

Ирэх сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн төвшинд оролцоно, өнгөрсөн онд анх удаа Гадаад харилцааны сайдын төвшинд урилгаар оролцсон. AПЕК-ыг энэ жил БНХАУ дар­галж байгаа. Монгол Ул­сыг гишүүнээр элсэх байр суурийг дэмжинэ гэд­гээ бүх түх төвшинд илэрхийлсэн. Үүнд ихээ­хэн найдлага тавьж байгаа.

-Та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өндөр үр бүтээлтэй ажилласан сайдын нэг. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрч, энэ талаар нэг хэсэгтээ яригдана гэдгийг ч ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг ажил хүлээлцэх үеэр онцолсон байсан. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг хэдхэн хоногийн зайтай хүлээн авсан гээд ойрын хугацаанд давтагдахааргүй амжилтууд бий. Таны хувьд хийсэн ажлуудаасаа онцлон дурдвал?

Сүүлийн арван жилд хэрэгжсэн айлчлалын тооноос давж гарах хэмжээний олон айлчлал, тэр дундаа өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг өнгөрсөн хоёр жилд зохион байгуулсан байна. Хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг хүлээн авсан, хоёр долоо хоногийн хугацаанд хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулсан зэрэг амжилтууд бий.

Ирэх сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн төвшинд оролцоно.

Түүнчлэн хоёр хөршийн тэргүүний айлчлалын араас залгуулаад Монгол, ОХУ, БНХАУ гурван орны төрийн тэргүүний гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Үнэхээр ч хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг дагаад улс төр, эдийн засгийн олон асуудал нааштайгаар шийдэгдсэн.

Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, компани, нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хоёр орны худалдааг эрчимжүүлэх, дэд бүтэц, зам тээвэр, уул уурхай, барилга, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хоёр талаасаа хэлэлцэн нэгдмэл ойлголцолд хүрч, ажил урагшилж эхэллээ. Ард иргэдийн хамгийн ихээр хүлээж байсан ОХУ-д визгүй зорчих асуудлыг шийдвэрлэлээ.

Ирэх сарын 14-нөөс эхлээд монгол иргэд хойд хөршид визгүй зорчих боломжтой болж байна. Өмнөд хөрш маань ч бидний хувьд мөн стратегийн чухал түнш. Манай улсын экспортын дийлэнх хувь Хятадын зах зээл, худалдан авалтаас хамаардаг. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр шийдэгдсэн хөнгөлөлттэй зээл, тусламжаас гадна хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм.

Хувийн хэвшлийн хооронд л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллар болохоор байгаа.

Хоёр хөршийн харилцаанд энэчлэн ихээхэн ахиц гарсанаас гадна ер нь Гадаад харилцааны яамны газар, хэлтсүүд чиглэл бүртээ сайн ажилласан гэдгийг энд онцлон дурьдъя. Ази, номхон далайн орнуудын харилцаа болон Америк-Монголын хамтын ажиллагаа, тэрчлэн Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсан.

НҮБ-ын үйл ажиллагаанд Монголын оролцоо, байр суурь өсөн нэмэгдсэн, ЕАБХАБ-д гишүүнээр элссэн. ASEAN, АПЕК, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гээд бүс нутгийн яриа хэлэлцээний механизмуудтай хам­тын ажиллагаагаа ойртуулж, оролцоо байр сууриа нэмэгдүүлсэн.

Ерөнхийлөгчийн санаа­чилсан “Улаанбаатарын диалог” яриа хэлэлцээний механизмыг бий болгох чиглэлд Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан олон чухал хурлыг Улаанбаатартаа зохион байгуулсан, НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зэрэг олон ажлыг урагшлууллаа.

-НҮБ-ын гурван гол байгууллагын хоёрт нь гишүүн болохоор Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа?

Тийм ээ. 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн сон­гуульд бид нэрээ дэвшүүлсэн. Эдгээр сонгуульд Монголыг дэмжиж байгаа орнуудын тоог энэ хугацаанд нэмэгдүүлж чадсан. Тиймээс их ачаалалтай ч гэлээ сэтгэл зүрхнээсээ ажилдаа хандаж миний бодлого, үйл ажиллагааг дэмжсэн Гадаад харилцааны яамны нийт хамт олон, дипломатууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Энэ ажлууд дундаас иргэдийн амьдралд ойр шийдвэр, бодлого юу байв аа?

Шинэчлэлийн Зас­гийн газрын хөтөлбөрт тусгагдсан зорилтын нэг нь иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг илүү тааламжтай хялбар болгох явдал. Хамгийн сүүлд ОХУ-д визгүй зорчих эрхтэй боллоо. Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ-ын визийг нөхцөлийг тодорхой хэмжээнд хөнгөллөө. Шинээр Герман, Франц, Итали, Серби гээд 10 гаруй оронд визийн хөнгөлөлттэй зорчих эрхтэй болсон.

Тийм ээ. 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн сон­гуульд бид нэрээ дэвшүүлсэн. 

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортоор хориод оронд, дипломат болон албан паспорт бүхий иргэд нэмээд 25 оронд визгүй зорчих эрх нээгдээд байгаа юм. Мөн Монголын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрыг Бразил, Индонези, Бусан, Истанбул, Бишкек зэрэг долоон оронд шинээр байгуулж, богино хугацаанд үйл ажиллагааг эхлүүлсэн.

Мөн Монголд шинээр Польш, Унгар, Болгар, Беларусь зэрэг орнууд Элчин сайдын яамаа нээхээр болсон бол Европын холбоо болон Итали, Индонези, Бразил, Тайланд, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Саудын Араб, Арабын Эмират зэрэг орнууд Элчин сайдын яамаа нээх асуудлаар яриа эхлүүлсэн нь урагштай явж байгаа.

-Та Гадаад харилцааны сайдаар томилогдсоныхоо дараахан “Иргэн бүр Элчин сайд” гэдэг санаачлага дэвшүүлсэн. Мөн саяхан “Иргэн төвтэй гадаад бодлого” гэдэг үгийг онцолсон байсан. Эдгээр нь таны итгэл үнэмшлийн нэг хэсэг байх. Гадаад харилцаа гэдэг итгэл үнэмшил, ур чадвар ихээхэн шаардагддаг ажил гэх нь ч бий?

Миний хувьд олон жилийн өмнө оюутны дипломын ажлаа гадаад харилцааны сэдвээр бичиж байлаа. Түүнээс хойш төрийн, олон нийтийн, улс төрийн гээд олон шатанд ажиллахдаа гадаад харилцаанд түлхүү анхаарч, сэтгэл зүрхээ зориулж ирсэн байдаг юм. Аливаа харилцааны эх үндэс нь итгэл үнэмшил дээр суурилж, ур чадвар дээр түшиглэн хөгждөг. Гадаад харилцаа ч тэгэхээр ялгаагүй. “Иргэн бүр Элчин сайд” гэсэн ойлголт байх ёстой.

Хэдийгээр гадаад харилцаа гэдэг бага зардлаар эдийн засгийн өндөр ашиг хүртэж болох салбар ч гэлээ байнга л худалдаа хийе, хөрөнгө оруулья гэж ярьдаг салбар бас биш юм. Нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах арга зам юм. Тэгэхээр бид гурван саяулаа энэ салбарт санаа тавьж байж, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах хүн амтай хоёр хөрштэй, дэлхийн бусад гүрнүүдтэй эн зэрэгцэж гадаад харилцаагаа хөгжүүлэх ёстой.

Бид улсаараа энэ үүргийг хүлээж, эх орныхоо нэрийн хуудас болж, иргэн бүр гадагшаа хандаж, харилцаж байж үүнийг хөгжүүлнэ. Харин үүнийг нь Гадаад харилцааны яам дэмжиж, тусалж, сурталчилж чадах юм бол үнэхээр нэг хүний хөдөлмөрийг арван хүний хөдөлмөртэй тэнцэх үр дүнд хүргэнэ. Тийм ч учраас сайдаар ажиллах хугацаандаа хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа сайн дурын нэгдэл, нийгэм­лэгүүдийг түшиглэн ажиллахад анхаарсан.

Өнгөрсөн есдүгээр сард хилийн чанад дахь монголчуудынхаа чуулга уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгуулж, санал санаачилгыг нь дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, дуу хоолойг төрийн бодлогын төвшинд хүргэх алхмыг хийсэн. Хилийн чанадад Монгол хүний эрх нь зөрчигдөх тохиолдолд тусламж үзүүлэх, иргэний эрхийг нь хангах, төрийн үйлчилгээг хүргэх зэрэгт бэлэн ажилладаг байхыг л би ажил авсан даруйдаа Элчин сайдууд, дипломатууддаа сануулж, үүрэг болгож байлаа.

Би ажлын үр дүнг нэгдүгээрт үүгээр л хэмжинэ. Үүний дараа хэчнээн гэрээ, хэлэлцээр байгуулав, хэчнээн айлчлал зохион байгуулав гэдгийг ярина гэж хэлсэн. Ингэж эрх ашгийн дарааллыг эрэмбэлж өгсөн. Эндээс л иргэн төвтэй гадаад бодлого эхлэх ёстой юм.

-Монгол Улсын гадаад бодлого гэдэг тусгаар тогтнолын баталгаа гэж та дээр хэллээ. Тэгвэл энэ салбарын бодлоготой холбоотой шийдвэрийг гаргах механизм их чухал байж таарна. Монгол Улс гадаад ертөнц нэг байр суурь, имижтэй байх нь чухал байх?

-Тийм ээ. Аймаг, нийс­лэл, сум хороо, байгууллага бүр, цаашлаад иргэн бүр гадаад харилцаатай болсон өнөөгийн нөхцөлд нэгдмэл байдал тун чухал сэдэв болж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж, 2013 оны 01 тоот зөвлөмжөө гаргасан.

Ингэхдээ төрийн гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа нэгдсэн зохицуулалттай, нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх зарчмыг зөвлөмжид тусгасан юм. Харин дараагийн шатанд энэхүү нэгдмэл байдлыг шийдвэр гаргах төвшинд хэрхэн хангах вэ гэдэг чухал асуудал болж байна.

Өнгөрсөн хавар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон хоёр ч ажлын хэсэг ажиллаад нэгдмэл байдлыг шийдвэр гаргах төвшинд хадгалах хууль шаардлагатай гэж дүгнэсэн юм. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, Дипломат албаны тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг илүү тодорхой болгох зорилготой Төрийн гадаад харилцааны хуулийн төслийг яам боловсруулаад байгаа.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа нийт 60 орчим улсын гадаад харилцаагаа зохицуулдаг эрх зүйн баримт бичгүүдэд харьцуулалт хийж тоймлон судалсан. Энэ хуулийн маань ноён нуруу буюу гол үзэл баримтлал алдагдалгүй батлагдаж тууштай мөрдлөг болговол манай улсын гадаад бодлогод үр өгөөжөө өгөхөөс гадна дөрвөн жил тутам өөрчлөгдөж байдаг улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлого нөлөөлөхгүй зөвхөн Монгол Улсын эрх ашигт тууштай үйлчлэх байх гэж бодож байна.

-Та одоо сул гишүүн болчихлоо. Засагт хяналт тавьж ажиллана биз?

-Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд өмнө нь удирдаж байсан батлан хамгаалах болон гадаад харилцааны салбарын бодлого, үйл ажиллагаатай цаашид ч холбоотой ажиллаж таарна. Одоо эдгээр салбарт хийсэн ажлаа ярихаас илүүтэй энэ салбарт хүлээгдэж буй асуудлуудыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар дэмжиж ажиллахыг чухалчилж байна.

Сүүлд эрх авсан ASEM-ын дээд хэмжээний уулзалт л гэхэд маш өндөр төвшний бэлтгэл ажил, сахилга батыг шаардана. 2016 оны сонгуулийн дараа болох хурал учраас засаг, төр солигдох гэх мэт улс төрийн шалтгаанаар эдгээр ажил цалгардах вий гэсэн болгоомжлол бас байна. Мэдээж засаглалын зарчмын хувьд УИХ гүйцэтгэх засаглалдаа хууль, журмын хүрээнд хяналт тавьж ажиллах болно. Мөн Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар энэ чиглэлээр хийх ажил бий.

-Цаг үеийн шинжтэй зарим асуултыг танд та­ви­маар байна. Та ямар ч асуудлыг, тэр дун­даа өөртэйгээ холбоо­той асуудлыг ч улстөржүүлэхгүй, хэтэрхий чимээгүй өнгөрөөдөг. Энэ удаад ч бас ажил, бодлого л яриад байх юм. Гэтэл танаас сайдын суудлыг авахын тулд л Гадаад харилцааны яамны нэрийг өөрчилж хууль гаргаж байна гэж УИХ-ын гишүүд хэлж байсан шүү дээ?
 Гадаад харилцааны яам гэдэг бол угаасаа хуулиараа эдийн засгийн гадаад харилцааг багтааж ирсэн.

Би сайдын ажлаа өгч байгаа ч үүний цаана ямар нэг хариуцлагын, улс төрийн асуудал яригдаагүй болохоор, хийх ажлаа нэр төртэй хийсэн болохоор сэтгэл тайван байна. Харин ч хүнд ачаанаас чөлөөлөгдөж байгаа мэдрэмж төрж байна. Ямар нэг ажлыг, тэр дундаа өндөр хариуцлагатай ажил, үүргийг гүйцэтгэхэд олон талын дэмжлэг чухал байдаг. Тийм дэмжлэггүйгээр ажиллах амар биш гэдгийг би сайн мэддэг. Намын бодлого, шийдвэрээр би ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь хэвийн л зарчим. Цаашид Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг УИХ-аас дэмжиж ажиллана. Харин энэ улс төрийн шийдвэрээс хамаараад төрийн ажил хохирдог, ажлаа хийж байгаа хүмүүст төвөг, саад учирдаг байж л болохгүй.

Яамны нэрийн тухайд ямар зорилгоор өөрчилсөн бэ гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз ээ. Ер нь бол шинэ нэр маань олон улсад байдаг нийтлэг жишгээс ангид, Гадаад харилцааны яам гэдэг тусгаар улсуудад л байдаг сонгодог утгыг нь бүдгэрүүлсэн явдал болсон нь үнэн. Цаашид нэрийг нь өөрчлөх шаардлагатай. Гадаад харилцааны яам гэдэг бол угаасаа хуулиараа эдийн засгийн гадаад харилцааг багтааж ирсэн. Үүнийг нэрэнд нь тодотгож, монгол төрийн гадаад бодлогыг гадаад ертөнцөд явцууруулж ойлгуулах нь буруу.

-Та “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого” гэж ярьж байсан. Энэ утгаараа харин ч дээрх бүтцийн өөрчлөлт, шинэ нэрийг дэмжих байх гэж бодож байлаа?

-Монголын хувьд гадаад харилцаанд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нь хамгийн чухал. Нөөц бололцоогоо бүрэн шавхаж ажиллах шаардлагатай байгаа. Нэг жишээ ярихад миний сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй гурван удаа уулзалт хийсэн. Эхний хоёр нь харилцан айлчлал байсан бол сүүлийнх нь ASEAN-ы уулзалтын үеэр болсон яриа хэлэлцээ байсан юм. Энэ уулзалтуудаар би түүнд транзит тээвэр гэх мэт арав, хорин жилээр хүлээгдсэн асуудлууд яагаад чухал болохыг ойлгуулж чадсан нь сая БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлал амжилттай болоход нөлөөлсөн.

Улс төрийн утгаар энэ асуудлыг бид тохиролцож чадсан хэрэг. Хэрэв би Гадаад харилцаа болоод эдийн засгийн сайд нэрээр түүнтэй энэ сэдвээр ярилцсан бол ноён Ван И Гадаад хэргийн сайдын төвшинд хэлэлцэх, сонсох байсан эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн агуулгаар хандах биш харин эдийн засгийн сайд нарын хэлэлцэх асуудал гээд хойш тавих, үүнээс болоод уг асуудал сунжрах нөхцөл үүсэхээр байсан юм. Ийм утгаар нь би “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого” гэж хэлсэн юм.