А.Бакей: Ерөнхий сайд огцорсон ч гэсэн Засгийн газар хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгээд явна
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.
-Ерөнхий сайдыг түр орлон үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Д.Тэрбишдагвыг томилсон нь хуулийн гадуурх зүйл боллоо гээд байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэх юм. Ямар хууль зөрччихөв өө?
Арваннэгдүгээр сарын тавны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Байнгын хорооны хуралдаан тарангуут залгаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж 68 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол нь дөрвөн заалттай. Нэгдүгээр заалт нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай.
Ерөнхий сайдыг огцруулах үед олонхийн санал аваагүй тул хуулийн хүрээнд гарсан заалт гэж ойлгож болно. Хоёрдугаар заалт нь Ерөнхий сайдын түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Д .Тэрбишдагвыг ажиллуулах, гуравдугаар заалт нь бусад сайдууд үүрэг гүйцэтгэхээр туссан. Харин дөрөв дэх заалтад хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох тухай байлаа.
Аливаа хууль тогтоолыг гаргахдаа холбогдох хуулиас иш татаж үндэслэлийг гаргах учиртай. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйл, Засгийн газрын тухай хуулийн 21.3 дугаар заалтыг үндэслэн тогтоолын төслийг УИХ-ын тамгын газрын холбогдох хэлтсийн ажилтнууд, байнгын хорооны ажлын албаны ажилтнууд бэлдсэн юм билээ. Ингэхдээ зүйлчлэлийг буруу хэрэглэсэн тал байна.
-Ямар хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн юм бэ?
Засгийн газрын тухай хуулийн 21.1 дүгээр заалтад Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь УИХ тэдгээрийг томилсноор эхэлж Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно гэж заасан бол шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн томилогдонгуут бүрэн эрх нь дуусгавар болно гэсэн заалт байна.
Харин 21.3-т Ерөнхий сайдын эрүүл мэндийн байдал бусад хүндэт.гэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилогдох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ гэсэн байгаа. Чөлөөлөх, огцруулах гэдэг чинь хоёр өөр утгагүй тул үүн дээр зүйлчлэл буруу гарсан тал бий. Манайхан 21.1-ээр биш 21.3 дугаар заалтаар явуулчихсан байна.
-Үүнийгээ тэгээд яаж засах юм?
Засгийн газрын тухай . хуулийн 6.2 дугаар зүйлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд дараагийн Засгийн газар томилогдох хүртэл өмнөх Засгийн газар бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн утга бүхий заалт бий. Энэ утгаар нь аваад үзэхээр Ерөнхий сайд огцорсон ч гэсэн Засгийн газар хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгээд явна гэсэн үг.
Гагцхүү кабинетийг тэргүүлэх асуудал дээрээ бэрхшээл гарчихаад байгаа юм. Энэ талаар эргэж хуралдъя гэхээр Их хурал дээр дэмжлэг авах уу үгүй юу. Хэрэв авахгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хуулийн дагуу нийцүүлж засъя гэтэл олонхийн дэмжлэг авахгүй бол яах вэ.
Тиймээс миний байр суурь аль болох өнөө маргаашдаа Ерөнхий сайдыг томилох асуудал хамгийн чухал болчихоод байна. Даруйхан Ерөнхий сайдаа томилоод явчихбал энэ асуудал байхгүй болно. Ирэх оны төсөв, төр засгийн ажлаа бодсон ч тэр Ерөнхий сайдыг даруйхан л томилох шаардлагатай.
Тиймээс миний байр суурь аль болох өнөө маргаашдаа Ерөнхий сайдыг томилох асуудал хамгийн чухал болчихоод байна.
-Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд Алтанхуяг гэдэг хүн өргөдөл гаргасан байна гэсэн. Ямар Алтанхуяг байсан юм бол. Арай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг биш биз?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрөө гаргаагүй байх. Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан талаар мэдээлэл алга. Хэрэв тийм бол аяндаа яригдах байлгүй. Нөхцөл байдлыг харж байж шийдэхээс өөр яахав.
-Үндсэн хуулийн цэц асуудлыг хууль зөрчсөн гээд үзвэл Их хурлын дарга огцрох хүртэл арга хэмжээ авдаг гэсэн тайлбар явж байна?
Апиваа зүйлийг юу ч гэж тайлбарлаж болно. Ингэнэ тэгнэ гээд хэлэхэд арай эрт байна даа.
-Тогтоолын төслийг бэлдсэн ажлын хэсгийн алдаа гэж үзэх үү?
Ажлын хэсэг алдсан. Байнгын хороо хуралдаад залгаад шууд чуулган орчихсон болохоор тухайн үед тогтоолын төслийг харах завдал болоогүй юм.
-Танай намаас хэн нь Ерөнхий сайд болчих гээд байна вэ?
Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд тодрох нь ойлгомжтой, Бүлгээрээ ярьж байгаад энэ цаг үед улс орны эдийн засгийг зөв залаад явчих чадвартай хүнийг нэр дэвшүүлэх асуудал байна. Одоохондоо зарим хүмүүсийн нэр явж байгаа тул шууд хэлэхэд эрт байна даа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед улс орноо аваад явчих мэдлэг, чадвартай хүнийг сонгох хэрэгтэй.
-АН-ын бүлэг УИХ-д бүлэгтэй намынхантай зөвшилцөх гээд байна уу эсвэл бие даагч, ИЗНН гээд бүгдтэй нь ярих юм уу?
Ерөнхий сайдаар ямар хүн томилогдох вэ түүнээс хамаарна. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай бүх намтай хамтарч ажиллах уу, бүлэгтэй намуудтай хамтрах уу гэдэг сонголтоо хийх ёстой. Хуулийн дагуу хамгийн олон суудалтай нам нь бусад УИХ дахь бүлэг, намуудтай хамтарч ажиллах талаар зөвшилцөл тохиролцоо хийх хэрэгтэй. Үүнийгээ бүлэг дээр эхэлж ярилцана.
-АН бүлэг яагаад хуралдсангүй вэ?
Хуралдана гэж байсан ч больчихсон. Фракцууд Ерөнхий сайдад ямар хүний нэр дэвшүүлэнэ гэдгээ тохирч байгаа байх.
-Та чуулганы хуралдаан дээр хүнийг таних ганц арга нь албан тушаал гэж мэдэгдсэн. Танай намынхан ч хэн болохоо харуулж албан тушаал руу зүтгэцгээж байна даа...
Фракц гэдэг маань албан тушаалд хүрэх нэг дамжлага болж байна. Явж явж цаана нь холбогдох хуулиудтай ч холбоотой зүйл юм. Бид ийм байдал гаргуулахгүйн тулд нам нь нам шиг төлөвшиж, улс төрчид нь улс орны нийтлэг эрх ашгийн төлөө явдаг дэг соёл төлөвшүүлэхийн төлөө ялангуяа Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй.
Хуралдана гэж байсан ч больчихсон. Фракцууд Ерөнхий сайдад ямар хүний нэр дэвшүүлэнэ гэдгээ тохирч байгаа байх.
Өнөөдөр Ерөнхий сайд өөрийн гэсэн эрх мэдэлгүй байна. УИХ- аас томилсон Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлж, хариуцлага тооцдог байвал энэ асуудал аяндаа голдиролдоо орно. Тийм биш болохоор Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг фракц, нам томилж байгаа тул албан тушаалын төлөөх өрсөлдөөн хурцдаж байгаа юм. Энэ цоорхой дээр тоглолт явагдаж байна.
Хуулинд өөрчлөлт хийхгүй бол 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн энэ байдал давтагдана. Нэг талаар буруутгах нөгөө талаас зөвтгөх ч аргагүй л байгаа юм..
-Дөрөв хоногт төсвөө баталж амжих уу?
Энэ долоо хоногийн төлөвлөгөөгөөр маргаашнаас (өнөөдөр) эхлэн зөвхөн Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулган хоёрыг хуралдуулж аль болох хуулийн хугацаанд төсвөө хэлэлцэж баталъя гэсэн хуваарь гаргасан. Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг амралтын өдрүүдээр ч гэсэн ажилласан юм билээ.
Тэд гайгүй санал боловсруулсан бол батлаад явчих боломж бий. Төсвийнхөө хажуугаар Ерөнхий сайдаа тоймлоод явчихбал улс төрийн болон төрийн үйл ажиллагааны ойлгомжгүй байдал цэгцрэх голдиролд орох гээд байна.