Ардчиллын жинхэнэ баатрууд халамж хүртэх гавьяатай
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу Өртөөлөнхөн цуурайтсаа Өргөн талыг туулаарай
Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна гэсэн мэдээлэл олон нийтэд хүрэв.
УИХ-ын таван гишүүний санаачилсан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгажээ.
Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулсан нь хэрвээ 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг амь, амьдралаа зольж хийлцсэн эгэл жирийн баатруудыг яг олж өгвөл үнэхээр нүдээ олсон заалт мөн.
Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн.
Монгол Улсыг зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжүүлэх түүхэн хувьсгалыг гардан хийлцсэн жинхэнэ баатруудын хувьд энэ удаагийн хууль залгамж шинж чанараа хадгалж байгаа юм. 1990 оны ардчилсан хувьсгалын манлайд явсан жинхэнэ халуун залуу эр зоригтнуудаас одоо тун цөөхөн хүн үлджээ.
Ер нь алсуур юм бүхэн хувирч амьдрал ч биднээс улирч одно. Ёстой л “Амьдын зол, үхсэний хохь” болдог хорвоод аяархан ч гэсэн амьдрал өөрөө биднийг эмтэлж л яваа. Өнөөдөр инээгээд уулзаж байсан нэгэн маргааш байхгүй, өчигдөр зэмлээд үлдэж байсан эрхэм хүмүүн өнөөдөр харвасан сум шиг л холын од руу ниссэн байна. Бид ийм л амьдралыг туулж яваа.
Монгол оронд Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн зорилоготой, зоригтой эрчүүд, ардчилсан хувьсгалын партизанууд “бид хийдгээ хийсэн” гэх шиг л хойно хойноосоо цувран одоцгоосоор одоо хорь, гучаадхан хүн үлдсэн нь гашуун үнэн. Тэд залуу байсан. Тэдэнд алдах юм, айх эмээх зүйл байгаагүй. Тэд дэндүү омголон байснаараа хахир өвлийн хүйтэнд туг, лоозон барин зогсч, хоёр хуруу нь мэдээгүй болтлоо хөлдөж өдгөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриаг тасалдуулахгүй гэж чанга яригчтай холбогдсон утасны холбоосыг чангалан зогсч байсан юм.
Коммунизмын саарал манан дунд 70 жил унтсан монголчуудыг чухамхүү Цагаан морин жилд дуудан сэрээсэн ардчилсан хувьсгалын дууч шувуухай нь “Хонх”-ын С.Цогтсайхан агсан байлаа.
Тэр дэндүү их гавьяа байгуулсан шигээ дэндүү хэнэггүй, дэндүү хайнга амьдраад дууссан. Түүнээс өөр “идэвх санаачлагатай” нэгэн байсан бол өнөөдөр “Улсын баатар” болох байсан нь тодорхой. “Хонх”-ны дуугаар хожсон олон “цагаан захтан” өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гээд малилзаж яваа. Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гээд сууж байгаа олон эрхэм ардчилсан хувьсгал ид дүрэлзэж байхад энд, тэнд номын дуу сонссон шиг таахалзаж явсан нь яалт ч үгүй үнэн.
Чухам тэр л хүнд өдрүүдэд одоо тоотой үлдсэн ардчилсан хувьсгалын партизанууд хаврын хар хавсраганаар хэзээ баригдаж хоригдохоо мэдэхгүй ч хоолойгоо сөөтөл хашгиран тэмцэлдэж, өнөөдрийн төлөө зүтгэж явсан.
Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж “Амьдарч байгаа нийгэм маань нэг л болохгүй байна, өөрчлөн шинэчлэх ёстой” хэмээж амь насаа хайрлахгүй тэмцсэн жинхэнэ эр зоригтнуудын хүчээр Монгол оронд ардчилал ялсан. Тэдэнд халуун амь, чин зоригоос нь өөр алдах зүйл байгаагүй. Тиймдээ ч тэд ухарч няцаагүй, хуурч хуйвалдаагүй.
Тэдэнд өөрийнх нь аминаас илүү Монгол орны маргааш, хөгжил дэвшил хэрэгтэй байсан. Тэд албан тушаал горилж төрөлх зангаа хувиргасангүй. Тэд анх хэн байсан тэр л хэвээрээ хорвоог туулаад дуусч байна. Харин тэд хэний ч өмнө нүүр бардам байх мөнхийн гавьяагаа нэгэнт байгуулцгаасан.
1990-ээд оны эхээр “Волга 24” хэмээх ЗХУ-д улсад үйлдвэрлэсэн машиныг шохоорхон авч байсан хүн өнөөдөр дэлхийд брэнд болсон авто машины цуглуулгатай болсон байна, Ардчилсан хувьсгал буцалж байхад Германд зугаа цэнгэл хөөцөлдаж явсан нөхөр Германы канцлерыг барьж авч үнсээд дараагийнхаа сонгуулийн пиарыг хийж л байсан. Одоо тэр нөхөр том дарга болсон.
Харин энэ бүх сайн цагийн эхлэлийг тавилцсан эр зоригийн эздийн ихэнх нь өнөөдөр алга. Хорин хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хот ийм байсангүй. Монголчууд бидний амьдрал ч ийм байгаагүй. “Өнгөрснөө мартсан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж нэг үг бий.
Хорин жил өнгөрөхөд монголчуудын амьдрал ингэж өөрчлөгдлөө. Амь нас, залуу сайхан насаараа дэнчин тавин тэмцсэн Ардчилсан хувьсгалын партизанууд минь та нар өөрсдөө энэ сайхан бүхнээс хүртэж чадав уу? Ихэнх нь чадаагүй. Тэдэнд хүн чанар, эр зориг, Монголын төлөө бүхнээс илүү цохилох зүрх нь байсан.
Харин хал үзэж, зовлонг сөрсөн эр ганц зүрх цохилж байсныг хаана хаанаа анзаарсангүй, анзаарсан ч хүн ёсоор хүндлэн асарч чадаагүй. Тэд шинэ Монгол Улсыг байгуулахад гүйцэтгэсэн агуу их үүрэг, зориг,сэтгэл шигээ ертөнцөөс буцахдаа ч жинхэнэ эрчүүд шиг чимээгүйхэн буцацгааж байна.
100 мянган хүн оролцсон сүрт их жагсаалыг зохион байгуулалцчихаад шөнийн гурван цагт Баянхошуу руу дуу аялаад алхаж явсан эр хүн өнөөдөр алга. Чанга яригчдыг байрлуулах, зөөж авч явах, жагсагчдын тэргүүн эгнээнд уриалан дуудах гээд хамгийн хүнд хүчрийг нугалж явсан Ардчилсан хувьсгалын партизануудаас өнөөдөр жийп унаж, хауст тансагласан хүн байхгүй. Хорин жил өнгөрсөн ч түүхийн хуудас шарлах болоогүй байна, хэн нь хэн байсныг гэрчлэх хүмүүс захаас аваад байж л байна.
Ардчилсан хувьсгал С.Цогтсайхан, Н.Ангараг, Г.Самбараазана, П.Ганзориг, Б.Галсандорж, С.Пүрэвжал нар шиг жинхэнэ эрчүүдтэй байсан тулдаа ялалтад хүрсэн юм. Тэд хувийн амьдрал, ар гэрийн аз жаргалаа Монгол орны өнөөдрийн хөгжил дэвшлээр сольсон юм. Тэд жинхэнэ эрчүүд байсан шигээ уудаг, иддэг байсаан. Болж бүтэхгүй бүхний төлөө Монгол хүн эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаа гунигийг мартах гэсэндээ уудаг л байсан.
Дэндүү зоригтой байсан шигээ дэндүү цагаахан эрчүүд байлаа. Бусдын зовлонг хараад дэргэдүүр нь алхаад гарч чаддаггүй дэндүү уяхан эрчүүд байлаа тэд. Тэдэнд амьдрал дэндүү их хүн чанар, дэндүү цагаахан сэтгэл хайрласан шигээ дэндүү богинохон нас, дэндүү даруухан алдар нэр хайрлажээ.
Түнэр харанхуйг нэгэн амьдралаараа гэрэлтүүлээд дуусах “Данко” байж тэд. Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гээд сууж байгаа “нялхас” бараа сураггүй байхад амьдралаараа дэнчин тавьсан зоригтнууд та нар минь хэний ч шахалт шаардлагагүй сэтгэл зүрхнийхээ дуудлагаар гудамжинд гарч, тэмцсэнийг чинь Монголын түүх мартахгүй. Зүтгэж тэмцэж байгуулсан Ардчилсан нийгмээ тэд харсан. Зах зухаас нь амталсан. Харин дуусан амьдарч чадаагүй. Ардчилсан хувьсгал албан ёсоор ганц баатартай.
Харин хөшигний ард үлдэж өнөөдөр бидний эдэлж яваа гэгээн жаргалын өрхний оосрыг татчихаад өөрсдөө хойно нь сууж үлдсэн Ардчилсан хувьсгалын жинхэнэ баатруудаа тайзны өмнө хүндэтгэн залах цаг нь болжээ. Тэдэнд Монгол Улсын нэрийн өмнөөс орон сууц олгож эгнэшгүй гавьяаг нь үнэлэн, хүндэтгэх ёстой.