Ө.Эрдэнэбаяр: Алдааг нь хэлсэн хүнийг ад үзэж, гаж хүн болгож хараад байгаа нь өнөөгийн нийгмийн гамшиг юм
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө.
Энэ удаад даатгалын хохирол үнэлгээчдийг төлөөлүүлж Хохирол үнэлгээчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяртай хуулийн хэрэгжилт компаниудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Та хэзээнээс даатгалын хохирлын үнэлгээг хийж эхэлсэн бэ.
Би 1999 оноос хойш даатгалын хохирол үнэлгээг хийж эхэлсэн. Манай улсад даатгалын хохирол үнэлгээ гэж байхгүй байхад бидний хэдэн нөхөд энэ ажлыг эхлүүлж байлаа. 2004 оноос даатгалын тухай хууль, даатгалын Мэргэжлийн оролцогчийн тухай хууль гарч СЗХ-оос тусгай зөвшөөрөл авсан компани хийхээр хуульчлагдахад миний захирлаар ажилладаг “Итгэлт-Эстимэйт” ХХК анхны тусгай зөвшөөрөлийг авч байсан. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл авсан 19 компани байдгаас 10 нь үйл ажиллагаа тогтмол явуулж байна.
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар даатгалын тохиолдол үүсгэж, хохирол гаргалаа гэхэд хохирлыг нь ямар зарчмаар үнэлж байгаа вэ. Хэр бодитой байдаг вэ?
Монголдоо л тохирсон үнэлгээ байдаг. Ер нь даатгалаас нөхөн төлбөр аваад зуун хувийн сэтгэл ханамжийн баталгаа авч байгаа нь тун цөөн. Учир нь даатгуулж байгаа үнэтэйгээ холбоотой. Өөрөөр хэлбэл хураамжийн хэмжээ бага байна гэсэн үг. Хуулинд даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо ард иргэдийн амьжиргааны түвшин, цалингийн хэмжээ, худалдан авах чадварт тааруулсан учраас яах ч аргагүй.
-Хохирол үнэлгээг юунд тулгуурлаж хийдэг вэ. Санхүүгийн Зохицуулах хорооноос журмаар зохицуулдаг уу?
Үнэлгээ хэмжээ хязгаартай. Даатгалын нөхөн төлбөр даах чадвар бага байхад түүнээс илүү хэтрүүлж үнэлвэл даатгалын компаниуд дампуурна. Даатгал байхгүй болж, хүмүүс нөхөн төлбөрө авч чадахгүйд хүрнэ гэсэн үг.
Албан журмын даатгал дээр гарсан хохирлыг бүрэн тооцох учиртай ч хураамжийн хэмжээ бага учраас жишээ нь шинэ Sonata машинтай хүн машинаа шүргэлдүүлээд гупер, гэрлээ хагалуулсан байхад үнэлгээгээр хуучин гупер, гэрэлний үнийг л тавьж байгаа. Гуперийг шинээр солихгүй засна, будна. Монголд л ийм болохоос биш бусад улс оронд машины сэлбэгийг дандаа шинээр сольдог. Хуучин байсан ч шинээр сольж өгдөг.
Тэр хугацаанд ажлаа алдсан, янз бүрийн хохирол учирсан бол тэрийг нөхөж өгдөг. Гэхдээ манайд хорь, гучхан мянган төгрөгөөр даатгуулсан хүн ойлгомжтой. Үүгээрээ би хуулийн ач холбогдлыг бууруулахыг хүсээгүй юм шүү. Ач холбогдол мэдээж өндөр. Манай даатгалын хөгжилд маш их том түлхэц, хувь нэмэр оруулсан. Гэхдээ л ядуу хөрсөн дээр үүссэн учир цаашид сайжруулах шаардлагатай.
Энэ шаардлага нь даатгалын хураамжийг хамгийн эхлээд нэмэгдүүлэхэд хүргэнэ. Хураамжийн хэмжээг нэмэгдүүлж чадвал олгож буй нөхөн төлбөр ч дагаад өснө. Хохирогчдын сэтгэл ханамж сайжирна.
-Албан журмын даатгалтай холбоотойгоор амьдрал дээр ямар асуудал тулгарч байна вэ. Үнэлгээний 10 компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Хэр бодитой үнэлж байна вэ. Даатгалын компаниудын зүгээс хохирол үнэлгээчдийг үнэлсэн үнэлгээнээсээ хувь авдаг учир заримдаа хэт өндөр үнэлэх гээд байдаг гэсэн шүүмжлэлийг хэлж байсан?
Яг л манай харддаг сэрддэг монгол сэтгэхүй яваад байгаа юм. Хэт өндөр, доор үнэлсэн асуудал байхгүй. Хохирлын хэмжээ их байх тусам тэр хэрээр үнэлгээ өсч, хөдөлмөр их зарцуулагдаж, хариуцлага ч нэмэгддэг юм.
Манай даатгалын компаниуд буруу ойлголттой. Манай даатгагч нар өртөг зардлаа хэмнэж менежментээ сайжруулж ашигтай ажиллахаа бодохгүйгээр ямар нэгэн аргаар ахиухан даатгалын орлого цуглуулаад түүнээсээ яавал бага нөхөн төлбөр өгөх вэ гэж улайрдаг болчихсон.
-Хохирол үнэлэгч нарын хувьд хараат бусаар ажиллаж чаддаг уу. Даатгалын тохиолдол гарлаа гэхэд хохирогч хүн бол аль болох өндрөөр үнэлүүлэх, компаниуд бага үнэлэх сонирхолтой байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын дэнсийг хэрхэн олж ажилладаг вэ?
Хамгийн гол нь ёсзүй шаарддаг. Бусдын нөлөөнд ордоггүй байх ёстой. Ёсзүйг сахихын тулд хувь хүний ноён нуруу, төлөв түвшин байдал, аливаад голч ханддаг, шулуун шударга чанар гээд их олон зүйл нөлөөлдөг.
Дараагийн нэг зүйл нь мэдлэг чадвар. Маш өндөр мэдлэгтэй байх ёстой. Мэдлэггүй хүн буруу зөрүү үнэлж байгаагаа мэдэхгүй. Тиймээс хохирол үнэлэгч нарт харьцангуй өндөр шаардлага тавьдаг. Хохирол үнэлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгдөг.
Тодорхой яривал даатгалын хохирол үнэлэгчдийг хуулинд заасан үндсэн үүргийг нь хэрэгжүүлүүлж, эрхийг нь эдлүүлэхгүй байгаа.
Дашрамд хэлэхэд СЗХ эрх олгох асуудалд туйлийн хариуцлаггагүй хандаж байгааг би удаа дараа шүүмжилж байгаа ч удирдлагууд нь ерөөсөө тоохгүй байгаа. Тухайлбал өөрийн гэсэн мэргэшсэн үнэлгээчингүй компанид хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл олгочихсон. Нөгөө талдаа төрд алба хааж байгаа хүмүүс үндсэн философио үл тоомсорлодог болчихлоо.
Би ард түмний төлөө байх ёстой, би шударга байх ёстой, би олонхийн төлөө байх ёстой гэдгээ улан дороо гишгэж, юман чинээ бодохоо байчихсан. Үүний оронд би тал алдахгүй байх ёстой, амьдралаа залгуулж баян чинээлэг байх ёстой гэсэн буруу философиор яваад байна. Харин энэ алдааг нь хэлсэн хүнийг ад үзэж, бусдын жишгээр явдаггүй гаж хүн болгож хараад байгаа нь өнөөгийн нийгмийн гамшиг юм даа. Гэхдээ миний хувьд, манай холбооны хувьд энэ асуудлыг орхихгүй. Мөнхийн тэмцэлтэй байгаа.
-Одоо цаашид Жолоочийн хариуцлагын даатгалын хуулинд анхаарах ётой, өөрчлөх ёстой зүйл юу байна вэ?
Хууль гарснаар сайжирч, цэгцэрсэн зүйл их бий. Гэхдээ болохгүй зүйлээ л сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь гарсан хуулийг хэрэгжүүлэх асуудал байгаа юм. Хамгийн харамсмаар нь Улсын их хурлаас хууль батлачихаад байхад хэрэгжүүлэх байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд СЗХ ийм зөрчлийг илт гаргаж байна.
-Тодорхой ярина уу. Уг нь амжилттай хэрэгжиж байна гэж мэдэгдсэн шүү дээ?
Тодорхой яривал даатгалын хохирол үнэлэгчдийг хуулинд заасан үндсэн үүргийг нь хэрэгжүүлүүлж, эрхийг нь эдлүүлэхгүй байгаа.
Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хохирлын үнэлгээг хохирол үнэлэгч нараар бүрэн тогтоолгохгүй байгаад анхаарах хэрэгтэй. Даатгалынхан өөрсдөө тохиролцоод яаж ийгээд нөгөө хүнээ мунхруулаад бага үнээр үнэлж, хохирлыг нь өгөөд байгаа.
Үүнийг нь ч Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчихсөн. Хэрвээ жижиг зөрчил байвал хүнийг чирэгдүүлэхгүйгээр тохиролц гэчихсэн. Үүний цаана нөхөн төлбөрийг нь бага өгөх гэсэн санаархал байгаа.
Манай монголчууд зах зээлийн харилцаанд сураагүй дадаагүй учраас 10 мянгаар даатгуулсан чинь надад 100 мянган төгрөг, зүгээр сууж байхад өгчихлөө гэж өрөөсгөл ойлгож баярлаад байгаа юм. Гарсан хохирлоо бүрэн төлүүлж авахыг сайн ойлгодоггүй. Нөгөө талд нь даатгуулагч нарынхаа мэдлэггүйг далимдуулаад хуулиа завхруулсан зүйл хийгээд байгаа.
Уг нь даатгалын тохиолдол гарахад сайн ойлгуулж, яах ёстой байсныг нь зөвлөх учиртай. Миний бодлоор өнөө маргаашаа өнгөрөөсөн, тав гурван төгрөгний ашиг бодсон, даатгалын хөгжлийг удаашруулсан зүйл хийж болохгүй гэж бодож байна.