Б.Анхбаяр: ДААТГАЛ авдаг шигээ өгдөг байх ёстой
Албан журмын Даатгал хийлгэсэн л бол ямар ч тохиолдолд нөхөн төлбөр өгөх ёстой
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө.
Энэ удаад даатгалын зуучлагч компаниудын төлөөлөл Зуучлагчдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Анхбаяртай хуулийн хэрэгжилт компаниудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
- Даатгалын салбарт хичнээн жил ажиллаж байгаа вэ?
2007 оноос хойш даатгал зах зээл дээр тасралтгүй 7 жил ажиллаж байна.
-Жолоочийн даатгалд зуучлагчид яг ямар үүрэгтэйгээр оролцдог вэ?
Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийнхөө явцад бий болгосон эрсдэлийг бууруулах, ирээдүйгээ төлөвлөх боломжийг бий болгодог зүйл бол даатгал хэмээх санхүүгийн арга хэрэгсэл юм.
Даатгалын харилцаанд нэг талаас өндөр мэдлэг, туршлагатай даатгалын компанийн мэргэжилтнүүд нөгөө талаас даатгалын талаар ерөнхий мэдлэгтэй багш, эмч, инженер зэрэг хүмүүс даатгуулах бөгөөд тэдэнд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй бөгөөд шаардлагатай мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, мэргэжлийн зөвлөх нь даатгалын зуучлагч юм.
Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилтэд зуучлагч компаниуд даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, иргэдэд зөв мэдээлэл өгөх, даатгалын гэрээг хуульд заасны дагуу хийх зэрэг үүрэгтэйгээр оролцож байна.
-2011 онд батлагдсан Жолоочийн хариуцлагын даатгалын хууль бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа гэж боддог вэ. Эхэндээ нийгэм сөрөг талаас нь их харж байсан.
Жолоочийн албан журмын даатгал нь даатгагч даатгуулагч хоёрыг хооронд нь холбогч гүүр даатгал юм. Даатгалын ач холбогдолыг мэдэхгүй иргэдийг хуулийн хүчээр даатгах бөгөөд тэд эхэндээ дургүйцэх боловч тодорхой хугацааны дараа зарим хэсэг нь эрсдэлд орж даатгалаас нөхөн төлбөр авах замаар даатгалын ач холбогдолыг ойлгоцгооно. Цаашлаад ач холбогдолыг ойлгосон иргэд сайн дурын даатгалд хамрагдаж эхэлнэ ингэж л албан журмын даатгал ДААТГАГЧ ДААТГУУЛАГЧ ХОЁРЫГ ХОЛБОГЧ ГҮҮР болдог юм.
Жолоочийн даатгалын хууль 2011 онд батлагдаж 2012 оноос эхлэн хэрэгжээд одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд иргэд, олон нийт хуульд дургүйцэх шатнаас ач холбогдолыг ойлгох шат руу шилжиж байна. Цаашлаад бүгд даатгалын ач холбогдолыг ойлгоод өөрсдийн бүхий л эрсдэлээ даатгуулдаг болчихвол улс нийгмийн эрсдэл тэр хэмжээгээр багасах болно ш дээ.
-Тэгвэл зуучлагчдын зүгээс Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг нийгэмд зөв ойлгуулах талаас нь хэрхэн ажилласан гэсэн үг вэ. Та энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?
Даатгалын хуулийг анх даатгалын компаниуд төлөөлөгчдөөр дамжуулан хийж байх үед хуулийг буруу суртачилах, даатгал гэрээг буруу хийх зэрэгээр даатгуулагчдыг ихээр хохироож байсан. Нөгөө талаас заавал даатгал хийлгэх ёстой хүмүүс төлөөлөгч иргэдэд багахан мөнгө өгч даатгалын хураамжийг төлөхгүй байх, даатгалын үйлчилгээг захын худалдаа мэтээр иргэдэд харуулж салбарын нэр хүндийг унагах зэрэгээр даатгагчдад асар их хэмжээний хохирол учируулж байсныг даатгалын зуучлагчид компаниуд ажиллаж эхэлснээр арилгасан юм.
Даатгуулагчдад даатгалын компаниудыг нэг цэгээс харьцуулах сонгож ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр жолоочийн даатгалыг худалдан авах боломжийг зуучлагч компаниуд бий болгож өгсөн.
- Цаашид хуультай холбоотой сайжруулах асуудал юу байна вэ. Таны саналыг сонсохыг хүсч байна?
Бид нэгэнт л даатгагч, даатгуулагч хоёрыг холбосон гүүр даатгал хийж байгаа учир иргэд хохирсон л бол хохирлын нөхөн төлбөрийг олгох өөрөөр хэлбэр жолоочийн даатгал хийлгэсэн л бол ямар ч тохиолдолд нөхөн төлбөр авах ёстой. Зөв биз дээ заавал даатгалын хураамж авч байгаа юм чинь заавал нөхөн төлбөр өгөх ёстой тийм үү.
Тэгж байж даатгал хэрэгтэй гэдгийг хүмүүс ой тоондоо ортол ойлгоно.
Гэтэл нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл “Жолоочийн даатгалын хууль”-д байна.
Иргэд даатгуулахдаа жолоочийн тоог хязгаарлаж буюу жолоочийн нэр зааж даатгуулж даатгалд төлөх төлбөрөө тодорхой хувиар хөнгөлүүлж байна. Гэтэл энэ үнэн хэрэгтээ хөнгөлөлт биш даатгалын нэр хүндийг унагах, нөгөө талаар иргэдийг хохироох нөхцөл болоод байна. Хэрэв болдог бол жолоочийн даатгалын гэрээг жолоочийн тоог хязгаарлахгүй буюу тухайн тээврийн хэрэгслийг унаж яваа дурын жолоочийн бусдад учруулсан хохирлыг төлдөг байхаар өөрчлөх саналтай байдаг.
2011 онд Жолоочийн даатгалын маш зөв хууль батлагдсан боловч жолоочийн тоо хязгаарлагдсан нөхцлийг буруу гарсан гэж боддог. Тиймээс өөрчлөх шаардлагатай гэсэн саналаа дахин хэлье.
- Зарим тохиолдолд нөхөн төлбөр өгөхгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ.
Жолоочийн тоог хязгаарлаж даатгадагтай холбоотой. Нөхөр Анхбаяр Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй гэж бодоод жишээ нь дээр тайлбарлая.
1-р нөхцөл: 5 сая төгрөгийн даатгалын хамгаалалтыг 53460 төгрөгийн хураамж төлж жолоочийн тоо хязгаарлахгүй нөхцөлөөр авна. Энэ тохиолдолд Анхбаярын Приусийг дурын жолооч унаж яваад бусдад хохирол учруулсан хохирлыг даатгалын компани бүрэн төлнө.
2-р нөхцөл: 5 сая төгрөгийн даатгалын хамгаалалтыг 29700 төгрөгийн хураамж төлж жолоочийн тоо хязгаарлан гэрээндээ тодорхой тооны жолоочийн нэр заасан нөхцөлөөр авна. Энэ тохиолдолд Анхбаярын Приусийг өөрөө болон нэр заасан жолооч унаж яваад бусдад хохирол учруулсан хохирлыг даатгалын компани бүрэн төлнө. Харин нэр заагаагүй жолооч жолоодож яваад бусдад учруулсан хохирлыг төлөхгүй.
1-р тохиолдол: Дурын жолооч Приусийг барьж яваад зам тээврийн ослын улмаас бусдад хохирол учруулахад түүнийг нөхөн төлөх учир энэхүү осолд холбогдсон бүх сүбьект сэтгэл хангалуун байх бөгөөд даатгал ямар их ач тустайг олгоно. Энэ тохиолдолд жолоочийн даатгал ГҮҮР барьж чадна.
2-р тохиолдол: Хүмүүс ихэвчлэн гэр бүлийн гишүүдээ нэр зааж бичүүлдэг гэтэл найз нөхөд, ах дүү, ажлын газрын хүн гуйж унах тохиолдол ихээр тохиолдох бөгөөд тэдний осол гаргах магадлал өндөр байдаг. Гэрээнд нэр заагаагүй жолооч Приусийг барьж яваад зам тээврийн ослын улмаас бусдад хохирол учруулсан нөхцөлд тэрхүү хохирлыг даатгалын компани олгохгүй учир энэ осолд холбогдсон сүбьектүүд даатгал хэрэг болоогүй тухай ам дамжин буруу зөрүү ярьж даатгалын салбарын нэр хүнд унана. Энэ тохиолдолд жолоочийн даатгал ГҮҮР биш ХАНА барих болно.
Жолоочийн албан журмын даатгалаар даатгагч даатгуулагч хоёрыг холбогч гүүр барихыг зорьж байгаа болохоос тусгаарлах хана баримааргүй байна.