Ж.Бат-Орших: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Энэ удаад даатгалын компаниудын төлөөлөл Даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихтой ярилцаж, хуулийн хэрэгжилт компаниудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
2014.10.01

Ж.Бат-Орших: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө. Энэ удаад даатгалын компаниудын төлөөлөл Даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихтой ярилцаж, хуулийн хэрэгжилт компаниудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.

-Жолоочийн даатгалын хууль хэрэгжээд гурав дах жилдээ явж байна. Энэ хугацаанд хэдий хэмжээний хохирлыг иргэдэд олгосон бэ. Хуулийн хэрэгжилт хэр амьдралд үр өгөөжтэй болсон гэж бодож байна?

Манайд зам тээврийн осол маш их гардаг. Жилд 300-400 хүн нас бардаг бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй хохирогчид ерөөсөө нөхөн төлбөрөө барагдуулж чаддаггүй байсан. Даатгал байхгүй учраас ийм байдалтай байсан. Тиймээс жолоочийн даатгалын хуулийн үндсэн гол үзэл санаа нь ямар ч гэсэн хохирогчийг хохиролгүй болгоход чиглэж байгаа.
Манай аж ахуйн байгуулагууд, иргэд жолоочийн даатгалын хуулийг маш сайн ойлгодог болчихсон. Сүүлийн гурван жилийн байдлаас харахад даатгалын компаниудад хураамжийн орлого нь 15 тэрбум байгаагаас 10 тэрбум нь буцаагаад нөхөн төлбөрт зарцуулагдаж байна. Энэ маш том үзүүлэлт. Даатгалын байгууллагын орлого, нөхөн төлбөрийн харьцааг гаргаж, хэрвээ 50-иас дээш хувьтай байвал тухайн даатгал даатгуулагчид үр өгөөжөө өгч байна гэж үздэг. Харин манай улсын хувьд 70 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт.

Эхний жил хүмүүс татвар шиг санаад сайн ойлгохгүй байсан бол одоо хамрагдалтын түвшин маш өндөр байгаа нь хуулийн хэрэгжилт ямар байгааг харуулна.  Нийт жолооч нарын бараг 90-иэд хувь нь даатгуулсан. Миний бодлоор хууль маань даатгалын компаниудад үр өгөөж өгөхөөс илүүтэй даатгуулагчдад үр өгөөжтэй болж байгаа.

-Та хуулийн хэрэгжилт даатгалын компаниудад үр өгөөж өгөх нь тааруу байна гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу. Зарим компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

Хуулиараа нөхөн төлбөрийн дээд хэмжээг даатгалын тохиолдолд суудлын автомашин 5 сая, том оврын автомашиныг 10 сая гээд заасан нь жилд хэдэн ч удаа авч болохоор байгаа. Суурь хураамж нь 33 мянган төгрөг. Тэгэхээр энэ нь даатгалын компаниудад хүндээр тусч байгаа. Даатгалын компаниуд ямар төрийн байгууллага биш, ашгийн төлөө ажилладаг аж ахуй нэгж шүү дээ.

Даатгалын компаниуд ямар төрийн байгууллага биш, ашгийн төлөө ажилладаг аж ахуй нэгж шүү дээ.

Ашигтай ажиллахыг бодно. Жолоочийн хариуцлагын даатгалыг хийх зардал их байгаа юм. Манайх шиг өргөн уудам газар нутагтай улсын хувьд алслагдмал сум бригад, айл өрхөөр явж хийхэд бензин шатахуун, томилолт, бичиг хэрэг гээд зардал үнэхээр их.

Манай иргэд даатгалын компаниудыг ашиг олж байна гэж боддог. Гэтэл тэр нь ашиг биш. Нөхөн төлбөрийн сан, зуучлагч төлөөлөгчдийн ажлын хөлс, нөөцийн сан руу гээд олон зүйл рүү орлогоо шилжүүлдэг учир ашиггүй. Жолоочийн харуицлагын даатгал дээр тооцохоор алдагдалтай байгаа юм. Тийм учраас хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Тэгэхээр хураамжийн хэмжээг нэмэх ёстой гэсэн үг үү. Гэхдээ жолоочийн хариуцлагын даатгалын хууль бол хохирогчийг хамгаалах, ард иргэд рүүгээ чиглэсэн албан журмын хууль шүү дээ?

Ер нь хуулинд тоо тавих дэмий. Амьдрал дээр болж байна уу, үгүй юу гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ манай их хурлын гишүүд ард иргэдийн амьдралыг бодоод даатгалын хураамжийг нэмэх сонирхолгүй. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллахыг бодно биз дээ. Манай жолооч нар хэт анхаарал болгоомжгүй машин барьдаг. Зориудаар мөргөж байгаа юм шиг л замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг.

Бүр согтуугаар машин барьж, урсгал сөрж орж ирээд мөргөдөг. Тэр хүн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд бас даатгал өгч байгаа. Гэхдээ Иргэний хуулиараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх даатгалын компаниудад байдаг ч иргэнтэй хөөцөлдөөд, мөнгө нэхнэ гэдэг бол их хэцүү юм билээ. Тиймээс зарим талаар даатгуулагч нарын өөрсдийнх нь хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Дүрэм зөрчөөд л байж болохгүй.

Албан ёсны зөвшөөрөл авсан даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна.

Хуулийн хэрэгжилт, үр дүнг тооцох ажлын хэсэг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороон дээр гарчихсан байгаа. Юу нь болж байна, болохгүй байгаа гэдгийг тогтоож, сайжруулах талаар санал гаргана. Үүнд даатгалын мэргэжлийн оролцогчид ч гэсэн саналаа өгөхөөр ярилцаж байгаа.

-Гадаад улс орнуудад Жолоочийн даатгалыг мөн хуулиар албан журмаар зохицуулдаг. Хураамжийн хэмжээг манайх шиг хатуу зааж өгдөг юм болов уу. Хэрхэн зохицуулдаг бол?

Тариф нь маш өндөр. Нас хүйс, жолоочийн туршлага, машины үнэ, марк гээд маш нарийн зааж өгдөг. Бүхэл бүтэн ном байдаг. Гадаадад машин 10 хоногоор түрээслэхэд 800-900 долларыг даатгалд төлдөх жишээтэй.

Даатгалын зорилго нь хүний хохирлыг эдийн засаг талаас нь нөхдөг бизнес боловч өөрсдөө чадвартай байхын тулд тодорхой хэмжээний сантай байх ёстой. Сан нь бүрдэхгүй бол явсаар байгаад даатгалын компаниуд өөрсдөө дампуурахад хүрнэ шүү дээ.  

Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нар нь даатгал хийлгэдэг. Гэтэл манайд тээврийн хэрэгслээ дагаж хийлгэсэн. Хуулийн төсөл их хурлаар анх ороход гишүүд ард түмнээ бодоод, маш олон айл өрх нэг машинтай учраас гэр бүлийн гишүүн бүрээр даатгах хэцүү гээд тээврийн хэрэгслээр нь даатгасан. Энэ нь ч ард иргэдэд сайн туссан.

Хууль олон талын ач холбогдолтой. Даатгалын талаарх ойлголтыг тодорхой түвшинд бий болгож, хөдөө гадаагүй мэддэг болсон. Төр засгийн зүгээс даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулж, дэмжих чиглэлд олон ажил хийж байгааг хэлэх хэрэгтэй.

-Хураамж, нөхөн төлбөрийн харьцаанаас гадна хуулин дээр өөрчлөлт оруулах ямар санал байгаа вэ?

Ер нь нөхөн төлбөрийг ямар ч тохиолдолд олгохоор хуулинд тусгачихсан. Би хүний машин мөргөөд, хүн бэртээсэн бол даатгалаас нөхөн төлбөр өгнө гэсэн үг. Эсвэл даатгалгүй хүн байвал Албан журмын даатгалын сангаас өмнөөс нь нөхөн төлж, дараа нь төлбөр авахаар байгаа. Тиймээс миний бодлоор хуулинд өөрчлөлт оруулж, даатгалгүй хүн өөрөө тэр мөнгөө төлөх хариуцлага хүлээж, харуицлагажуулах хэрэгтэй. Дэг журам сайжирч, замын осол буурна.

-Ярилцсанд баярлалаа.