С.Сугар: Жолоочийн хариуцлагыг даатгах утгатай атлаа  машиныг нь даатгаад байгаа нь шүүмжлэлтэй
Албан журмын даатгагчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын менежер С.Сугар
2014.10.09

С.Сугар: Жолоочийн хариуцлагыг даатгах утгатай атлаа машиныг нь даатгаад байгаа нь шүүмжлэлтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилт, ач холбогдол, тулгамдсан асуудлыг хөндлөө.

Энэ удаад Албан журмын даатгагчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын менежер С.Сугартай хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байгаа талаар ярилцлаа.

-Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжээд хоёр жил гаруй  хугацаа өнгөрч байна. Иргэд, байгууллагын тодорхой түвшинд ойлголттой болж, хууль маань даатгуулагчдад үр нөлөөгөө өгч  байна уу. Дархан аймагт байдал ямар байна вэ?

Жолоочийн хариуцлагын даатгал сайн дурын хэлбэртэй байсан үетэй харьцуулахад  дэвшил гаралгүй яах вэ.  Замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарсан ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг даатгалын харилцаатай уялдуулж төрөөс ард иргэдээ амьд явах, аюулгүй орчинд амьдрах баталгааг бий болгож албан журмаар даатгаж, гарсан хохиролд нөхөн төлбөр заавал олгодог эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдэг том дэвшил шүү дээ.

 Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг статистик тоо мэдээллийн талаас харвал уг хуулийн үйлчилж  байгаа хугацаатай харьцуулахад ажлийн эхлэл сайн байна. Даатгуулагчид  даатгалын ач холбогдол, үр нөлөөг нь ойлгуулах,  тэдэнд  үйлчилгээг шуурхай үзүүлж итгэл үнэмшилтэй болгох асуудал чухал  байна.

-Ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдож байна уу?

Даатгагч, даатгуулагч хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааны явцад цөөнгүй асуудал гардаг. Тухайлбал даатгалын тохиолдлын газарт цагдаа очоогүй, хоёр жолооч газар дээрээ хэн нь буруутайгаа ойлголцож тохиролцоод хохирлоо барагдуулж, дараа нь даатгалын байгууллагаас эргүүлэн авч болох заалт байхад, даатгалын  байгууллага заавал цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаарддаг. Даатгагч даатгалын тохиолдол гарсан газар дээр очоогүй атлаа ослын улмаас гарсан хохирлын нөхөн төлбөр олгохгүй байх зэргээр хохирлыг заавал барагдуулна гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

Мөн жолооч хохирлыг өөрөө хариуцахаар хуулийн хүндэтгэх шалтгаан гэдгийг хуулинд тодруулж өгөх шаардлагатай. Ямар шалтгаануудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хэлэх вэ гэдгээ тодруулахгүй бол маргаан гарах гээд байдаг. Жолооч тухайлбал даатгалын тохиолдол гарахад түүнийгээ даатгагчид мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл сүлжээгүй хөдөө алс газар тохиолдвол яах вэ гээд асуудал гарна. Тиймээс хуулинд зарим зүйлийг улам нарийвчлан тусгах хэрэгтэй.

-Та бүхэн жолооч нартай ойр ажилладаг болохоор тэдний саналыг сонссдог байх. Тэд ямар санал гаргаж байна?

Хуулийн  нэр нь Жолоочийн хариуцлагыг нь даатгах утгатай юм шиг атлаа өмчлөгчийн тээврийн хэрэгслийг нь даатгаад байна гэсэн шүүмж саналыг даатгуулагчид их ярьдаг.  Өөрөөр хэлбэл жолооч өөрийн жолооны ангиллын эрхээрээ тухайн ангиллын ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох, тэгснээрээ жинхэнэ ёсоор жолоочоо хариуцлагажуулах зорилго нь хангагдах юм гэсэн санал их гардаг.

-Жолооч нар даатгалын хураамжийн хэмжээг нэмэх асуудал яригдвал хүлээн зөвшөөрөх болов уу?

Даатгалын хураамжийг нэмж ашиг олох гэхээсээ илүү жолооч нарыг замын хөдөлгөөнд осол зөрчилгүй оролцуулж байх урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг сайжруулах хэрэгтэй. Жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх, жолооч бэлтгэх чанарыг сайжруулах, аюул осол гарах обьектив, субьектив  олон хүчин зүйлийн нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь бодит ажил чухал.

Гэхдээ нөгөө талаар хяналт шалгалтыг ажил хэрэгч бүтээлч тасралтгүй явуулан,  хууль дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлын үр нөлөө муу байна.   Ер нь замын хөдөлөгөөнд хууль дүрмээ чанд баримтлан оролцохгүйгээс осол зөрчил гардагаас биш  гадны давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болсон нь хэдэн хувь байдаг бол. Үүнийг судалж, зохион  байгуулах ажлаа тэр зүгт чиглүүлбэл үр нөлөө нь илүү гарах болов уу. Ялангуяа даатгалын компаниуд алдагдал хүлээж байна гэж суухын оронд зам тээврийн ослоос сэргийлэх ажилд оройлон оролцвол цаад утгаараа нөхөн төлбөр өгөх нь ч багасна шүү дээ.

-Хуулинд өөрчлөлт оруулах ямар санал байна вэ?

Хуулинд ТББ-ын хяналтын тогтолцоог огт тусгаж өгөөгүй. Үүнийг тодорхой заалтаар хуулинд оруулж өгөх шаардлага байна. Мөн төр захирагаа, хууль сахиулагч байгууллагуудтай хариуцах харьцааг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх нь зүйтэй юм.

Холбоо нь төр, захиргааны байгууллага, цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай даатгагч  даатгуулагчдын эрх ашгийг хаамгаалах, тэдний санал хүсэлт, гомдлыг барагдуулахад шийдвэрлэх үүрэг хаируцлагатай өргөн хүрээнд оролцдог учраас эдгээр байгууллагуудтай харилцах эрх үүргийг нь хуульчилж тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 Жолоочийн хариуцлагын даатгалын албан журмын болгож хуульчилсан нь төрөөс ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд жолоочийн үйлдлээс болж үүссэн хохирлыг нөхөн төлөх баталгаа бий болгосон төрөөс хүн үрүүгээ хандсан ач холбогдол бүхий хууль юм. Тийм ч учраас энэ төрлийн даатгалаар даатгагч их ашиг олохыг урьдал болгоогүй байж болох талтай.

- Зарим талаар энэ хууль албан журмын заавал даатгаж байгаа учир ямар ч тохиолдолд нөхөн төлбөр өгдөг байх ёстой гэдгийг хэлж байсан. Заримдаа өгөхгүй байгаа тохиолдолд байгаа гэсэн. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол өгөхгүй гэх байдал компаниудын дунд байна. Энэ үнэн үү?

Жолооч согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ даатгалын тохиолдол гарагж бусдад учруулсан хохиролд нөхөн төлбөр олгодогүй байх нь хохирогчийн буруу биш шүү дээ.  Харин согтуугаар замын хөдөлгөөнд оролцож зөрчил гарагсан жолоочтой хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан даатгагч хохирлыг барагдуулаад тухайн жолоочоос нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилж авч болох юм.

Үүнтэй уялдаж даатгагч болон даатгалын сангаас хохирлыг олгоод буруутай этгээдээс нөхөн төлбөрийг эргүүлэн барагдуулах гэрээ байгуулах, гэрээнд төлбөр барагдуулах хугацаа, барьцаа барих, гэрээгээр хүлээсэн хугацаанд төлбөрөө барагдуулаагүй  нөхцөлд барьцаа хөрөнгийг  борлуулж барагдуулах зэргийг хуульчилж  баталгаажуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Тэгэхгүй бол даатгалын компани , даатгалын сан алдагдал хүлээж буруутай этгээд завших нөхцөл бүрдэх талтай байна.

Тиймээс хуулинд жолоочийг хариуцлагажуулах хэрэгтэй.