АНУ-ын ерөнхийлөгчийг алахыг оролдсон гаж хүмүүсийн түүх
Америкийн түүхэнд дөрвөн ерөнхийлөгч алуулжээ
2014.10.08

АНУ-ын ерөнхийлөгчийг алахыг оролдсон гаж хүмүүсийн түүх

АНУ-ын нууц албаны тэргүүн Джулия Пирсон ажлаасаа халагдав. Зэвсэглэсэн этгээд Цагаан Ордонд нэвтэрсэн нь халагдах шалтгаан  болжээ. Уг этгээд дайнд яваад сэтгэцийн өвчтэй болсон, засгийн газар өөрийг нь мөрддөг гэж итгэсэн нэгэн байв. Энэ бол галзуу солиотой хүн Америкийн ерөнхийлөгчийг алах гэж оролдсон анхны тохиолдол биш юм.

Сүх аваад зугаалахаар гарав

Есдүгээр сарын 19 нд хутга ханцуйлсан эрэгтэй Цагаан Ордны хашааг давж Барак Обамагийн өргөөний гол хаалгаар нэвтэрчээ. Энэ үед түүнийг Нууц албаны ажилтнууд баривчилжээ. Түүний машинаас 800 патрон, хоёр сүх, балиус олдсон байна. Баривчилгаа бууцалдаан, нохойгүйгээр өнгөрөв. Гэвч удирдлагын зүгээс зэвсэглэсэн этгээдийг Ордны гүнд нэвтрүүлсэн хүмүүсийг хатуухан донгоджээ.

Ерөнхийлөгчид халдахыг санаархсан эрэгтэй 42 настай, Техасийн иргэн, Омар Гонсалес нэртэй, Иракт байлдаж явсан аж. Хөршүүдийн ярьж буйгаар тэр хүүхдүүдэд үлгэр ярих дуртай найрсаг нэгэн бөгөөд хэрэв бусдад асуудал гарвал туслахад хэзээд бэлэн байдаг ажээ. Гэхдээ зарим танилуудынх нь үгээр Гонсалес сүүлийн үед эрс өөрчлөгдөж, нэг хүн намайг байнга мөрдөж, гэрт маань орох гээд байна гэж ярих болжээ. Нохойгоо салхилуулахдаа хүртэл зэвсэглэдэг болов. Гонсалесын найз түрүүч Дэвид Хасахын ярьснаар Гонсалес гар утсаа шарах шүүгээнд хийдэг. Яагаад гэвэл “Засгийн газрын мөрдлөг”- өөс айж буй аж.

Омар Гонсалес

Гонсалес хэд хэдэн удаа цагдаад дуудагдсан. Зургадугаар сарын 19 нд түүнийг винтов буутай явж байхад нь баривчилсан, харин наймдугаар сарын 25 нд Ерөнхийлөгчийн хашааны ойролцоо сүх барьчихсан явж байхад нь саатуулж байв. Тэр үед сүйдтэй шуугиан дэгдэлгүй өнгөрөв. Харин сүүлийн хэргийнхээ төлөө тэр 10 жил шоронд суухаар болж байна. Зэвсэгтэй явсан учраас зүйл анги нь хүндэрдэг. Гэхдээ түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гарвал албадан эмчилж магадгүй.

Гонсалестай адил солиотой бодолдоо итгэсэн, ерөнхийлөгчөө алах зорилго өвөрлөсөн хүн Америкийн түүхэнд цөөнгүй. Гэхдээ тэр бусдаасаа ялгаатай нь зорилгодоо хүрч чадсангүй. Харин Кеннедиг алсан Ли Харви Освальд, Линкольнийг хөнөөсөн Джон Уилкс Бутын талаар тодорхой зүйл бага.

Ричард хаан

Хамгийн анх ерөнхийлөгчийг “агнахыг” оролдсон хүн бол Ричард Лоуренс. Уг явдал 1835 онд болжээ. Ричард 19 дүгээр зууны эхэнд Англид төрсөн. Түүнийг 12 настай байхад гэр бүл нь Вирджинид суурьшжээ. Дуу цөөтэй, хөдөлмөрч, хүмүүжилтэй хүүхэд байв. Насанд хүрээд будагчин болов. Хэрэв 30 насандаа хачирхалтай байдлаар өөрчлөгдөөгүй бол түүний нэр түүхийн сурах бичигт хэзээ ч бичигдэхгүй байсан юм.

Зарим судлаачид олон жил будаг үнэртсэн Ричард галзуурсан гэж үздэг. 1832 оны намар тэр ар гэрийнхэндээ Англи явлаа гэж хэлээд Вашингтоныг зорьжээ. Сарын дараа эргэж ирэхдээ хол явахад хэтэрхий хүйтэн байна гэв. Удалгүй холын аялалдаа гарахыг оролдсон ч Филадельфаас хэтэрсэнгүй. Хамаатнууддаа ярихдаа зарим хүн Америкаас гарахыг нь хориглож, Засгийн Газар төлөвлөгөөг нь нураасан гэжээ. Түүнчлэн Филадельфийн сонинд түүний тухай хэд хэдэн шүүмжлэлт өгүүлэл нийтлэгдсэн, тиймээс хувьдаа хөлөг онгоц хөлсөлж Англи явахаас өөр аргагүй боллоо гэж ярив.

Улмаар Ричард санаанд оромгүй үйлдэл гаргах болжээ. Тэр өөрийгөө III Ричард болгон өргөмжилж, хаан хүнд тохирохгүй хэмээн үзээд ажлаа хаяв. Мөнгө яаж олох вэ хэмээн хамаатнууд нь асуухад Англид байгаа хоёр эдлэн газраа барьцаанд тавьж АНУ-ын засгийн газраас их хэмжээний мөнгө зээлсэн гэжээ.

Өөрийгөө өргөмжилсөн хаан маань Конгресс АНУ-ын хоёрдугаар банкнаас мөнгө гаргуулж өрийг нь дарна гэдэгт бүрэн итгэв. Харамсалтай нь ерөнхийлөгч Эндрю Джексон тус банкны лицензийн гэрээг сунгах хуулийн төсөлд нь хориг тавьж, Ричардын төлөвлөгөө “бүтэлгүйтэх” тийшээ хандав. Тиймээс хэрэв ерөнхийлөгчийг алчихвал дэд ерөнхийлөгч Мартин Ван Бюрен банкны үйл ажиллагааг сэргээж, түүнд мөнгөтэй болох үүд хаалга нээгдэнэ гэж экс-будагчин бодсон байна.

Ерөнхийлөгчид халдахын өмнөхөн Ричардын гадаад төрх ч өөрчлөгдөв. Даруухан хувцасладаг байснаа элдвийн эрээн мяраан хувцсыг өдөрт гурав, дөрөв сольж өмсдөг болов. Хамар хашааны хүүхдүүд Ричард хаан хэмээн даажигнана. Хариуд нь тэр учиргүй баясана. Гудамж руу ширтээд хэдэн цагаар ч хамаагүй сууна.

Эндрю Джексонд халдсан нь

1835 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Ричард будгийн цэхэд ном уншаад сууж байлаа. Тэр гэнэтхэн босч ирснээ инээмсэглэж, “хэрэв үүнийг хийж чадахгүй бол хараал идэг” гэж хэлээд гадагш гарчээ. Тэр өдөр ерөнхийлөгч конгрессын гишүүн агсан Уоррен Дэвисийн оршуулгын ёслолд оролцож байв. Оршуулга дуусахын хэрд Ричард чулуун баганы цаанаас үсрэн гарч ирээд ерөнхийлөгч рүү хоёр удаа буудав. Азаар сум шүргээд өнгөрчээ.

Хошууч генерал, англичууд болон индианчуудтай байлдаж явсан Эндрю Джексон тэрхэн зуур сэхээ авч Ричардыг таягаараа цохиж унагав. Санасандаа хүрч мөнгөтэй болж чадаагүй, ерөнхийлөгчид ялагдсан Ричард үлдсэн амьдралаа сэтгэцийн эмнэлэгт өнгөрөөж 1861 оны зургадугаар сарын 13 нд нас баржээ. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийг хороох гэсэн анхны тохиолдол байв.

“Би бурхны зарлигийг дагасан”

Өөр нэгэн хачирхалтай хүн бол 1881 оны хоёрдугаар сарын хоёронд ерөнхийлөгч Джеймс Гарфильдыг буудахыг завдсан Шарль Гито юм. Энэ тохиолдлын тухай нэрт сэтгэцийн эмч, гэмт хэрэг судлаач Чезаре Ломброзо “Улс төрийн гэмт хэрэг” номондоо сонирхолтой бичсэн байдаг.

Шарлийн удмынхан тун бараан түүхтэй. Эцэг нь чөлөөт хайр дурлалыг сурталчилдаг сектийн гишүүн байсан бөгөөд Иисус Христтэй харилцдаг хэмээн ярьдаг байв. Шарлийн хоёр авга ах, хоёр нагац  эгчийнх нь хүүхдүүд сэтгэцийн өвчтэй байсан. Эх нь тархины хүнд өвчтэй, Шарль өөрөө хөгжлийн доголдолтой.

Биеийн хүчний ажил хийхгүй гэхдээ өөрийн сонин байгуулах, сектийнхнээс мөнгө салгах зэргээр оролдож, өндөр албан тушаалд томилно хэмээн хүмүүсээс мөнгө авч залилдаг байв. Тэр байтугай 200 мянган долларын цалинтай Ерөнхийлөгчийн албанд хүртэл томилно гэдэг байлаа. Мэдээж хийсэн хэргийнхээ төлөө шоронд суув. Шоронгоос суллагдаад эгчийнхээ ферм дээр очсон ч цаадахтайгаа таарсангүй. Нэгэнтээ тэр эгчээ сүхдээд алчих дөхжээ. Дараахан нь Гитог галзуу гэсэн эмч нарын дүгнэлт гарав.

Гэвч сэтгэцийн эмнэлэгт хэвтэлгүй Чикаго руу зугтав. Тэнд очоод номлогч болж орхив. Ломброзогийн бичсэнээр Шарль Бостонд хийсэн нэгэн номлолынхоо зарлалд ингэж бичжээ. “Баруунаас ирсэн бяцхан чөтгөр Гитогийн сургаалаас болгоомжил. Тэр та бүхэнд хүн төрөлхтний гуравны хоёр нь мөхөл рүүгээ ойртож буйг батална”.

Шарль Гито бурхны зарлигаар ерөнхийлөгчийг алахыг хүссэн гэжээ

Тэрчлэн Гито улс төрч болохыг оролдсон удаа бий. Ерөнхийлөгчийн сонгуулиар Джеймс Гарфилдын сурталчилгааг хийжээ. Джеймсийг ерөнхийлөгч болсны дараа Шарль түүнд захиа бичиж Вена юмуу Парис хотод суух консул болох хүсэлтэйгээ дамжуулжээ. Юу ч бүтэхгүйг ойлгоод ерөнхийлөгчийг алахаар шийджээ.

Шарль нэг хүргэндээ Бурхан түүнд ерөнхийлөгчийг алахыг тушаасан гэж ярьжээ. Хожим “Би ерөнхийлөгчийг үзэн ядаж байгаагүй. Харин ч би түүнийг хүндэлдэг байсан. Гэхдээ түүнийг ард түмний сайн сайхны тулд хөнөөх хэрэгтэй гэж үзсэн” гэжээ.

Тэр шүүх хурал дээр “Биеийн хувьд би сул дорой ч Бурхан намайг дэмжиж байгаа цагт би оюун бодлоороо хүчирхэг. Миний хийсэн бүх зүйл Бурханы зарлиг” хэмээн мэдэгджээ. Цаазлуулахынх нь өмнө сургаал хэлэх гэж ирсэн санваартанд ч гэсэн Бурхны зарлигийг дагасан учраас нүглээ наминчлах шалтгаан байхгүй гэж гэдийв.

“Итали орон мандтугай”

АНУ-ыг Их хямралаас гаргаж, фашизмыг дарахад оролцсон ерөнхийлөгч Франклийн Рузвельтийн алуурчин нь Италь гаралтай дэлхийн нэгдүгээр дайны байлдагч Джузеппе Дзангара байж болох байлаа. Халдлага 1933 онд хоёрдугаар сарын 15 нд дөнгөж сонгогдоод албан тушаалдаа очоогүй байсан Рузвельт Майамигийн “Бейфронт” цэцэрлэгт олны өмнө яриа хийж байхад болжээ. Ерөнхийлөгч азаар амьд гарав.

Джузеппе Дзангара бүх хаан, ерөнхийлөгчийг алахыг мөрөөддөг байв.

Дзангара намхан нуруутай нэгэн байв. Ерөнхийлөгчийг буудахын тулд хөл муутай сандал дээр зогссон учир сайн онилж чадаагүй аж. Тиймээс ерөнхийлөгчийг биш Чикаго хотын дарга Антон Чермакийг оножээ. Чермак гурван долоо хоногийн дараа эмнэлэгт нас барав. Чермакийн булшны дэр чулуун дээр түүний хэлсэн “Чамайг биш намайг оносонд би баяртай байна” гэсэн үгийг сийлж үлдээсэн байдаг.

Дзангараг баривчлахын өмнөхөн тэр өөр таван хүнийг шархдуулж амжжээ. Тэр цагдаа нарт капитализмыг үзэн яддаг учраас Рузвельтыг алахыг хүссэн гэжээ. “Миний гарт зэвсэг байна. Эхлээд би хаадууд, ерөнхийлөгчдийг, дараа нь бүх капиталистуудыг ална” гэж шүүх хурлын үеэр мэдэгджээ. Чермакийг нас барсны дараа түүнд цаазын ял оноож цахилгаан сандалд суулгахаар болов. Цаазын ялыг 1933 оны гуравдугаар сарын 20 нд гүйцэтгэв. Үхэхийн өмнө Дзангара түүний амьдралын сүүлчийн мөчүүд кино хальсанд буухгүй нь гэж ихэд шаналж байжээ. Тэр “Итали орон мандтугай. Кнопоо дар” гэж хэлээд амьсгал хураав.