Дайн ингэж эхэлдэг
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан аллага, энгийн аллага хоёрын хүний сэтгэл зүйд нөлөөлөх чадвар тэнгэр газар шиг ялгаатай.
2014.10.01

Дайн ингэж эхэлдэг

Лалын ертөнцөд өрнөж буй үйл явдал арабын сэтгүүлчдийн нүдээр ...

Хэрвээ Бен Ладен Нью-Йорк, Вашингтон руу “онгоцон сум” онилоогүй бол Дэлхийн худалдааны төвийг мөргөсөн тэрхүү онгоцыг дэлхий дахин харахгүй байх байлаа. Түүх өөрөөр бичигдэх байсан юм. Түүнчлэн хэрвээ Лалын дайчид сэтгүүлч Джеймс ФоуХлийг бүх хүн төрөлхтний нүдэн дээр цаазлаагүй бол дайн дэгдэж, лалынхны эсрэг 50 улсаас бүрдсэн эвсэл байгуулагдахгүй байж болох байв.

Тэгэхээр хүмүүст ямар нэгэн аллага, эсвэл алан хядах ажиллагааны дүрс бичлэгийг үзүүлвэл тэр дороо дайн дэгдэнэ гэж ойлгож болох уу? Мэдээж үгүй. Гэхдээ аль эртнээс “Аль-Кайда” Ойрхи Дорнодод аюул учруулж, лалын дайчид хэдэн мянган хүнийг алж байсан ч хэн ч тэднийг устгахаар сөнөөгч онгоц хөөргөж байсангүй. Ийм тохиолдол түүхэнд цөөнгүй. Жишээ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ Гитлерийн эсрэг холбоотон улс болсон ч жилийн дараа буюу япончууд Перл-Харборыг бөмбөгдсөнөө дараа л дайнд оролцсон. Магадгүй Япон улс Америкийн баруун эрэгт довтлоогүй бол Гитлер Европыг эзэлж, нацист Герман хожмын ЗХУ шиг Америкийн эсрэг зогсох том хүчин болох байсан ч юм билүү.

Хэдийгээр “Аль-Кайда” Ойрхи Дорнод, Дорнод Африкийг түйвээж, тэр байтугай Америкийн Элчин сайдын яамд, хөлөг онгоцонд халдаж байсан ч Барууны ертөнцөд ноцтой аюул учруулж байсангүй. Харин Бен Ладен Дэлхийн худалдааны төвийг нурааж орхитол хэрэг явдал тэс өөрөөр эргэв.

Лалын дайчдаас бүрдсэн Ирак, Левантын лалын төрт улс (ИЛЛТУ) гэгч нь “Аль-Кайда”-тай төстэй бүлэглэл. Бүлэглэлийн удирдагчид хэтэрхий бардам загнаж АНУ-ын эсрэг дайн эхлүүлэв. Үр дүнд нь дэлхийн гүрнүүдийн уур хилэнг өөр лүүгээ чиглүүлэв. Саяхныг болтол Америкийн ерөнхийлөгч бүс нутагт болж буй алан хядлагыг үл ойшоож, бусдын хэрэгт оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Обама сонгогчиддоо амласан ёсоор улс орноо шинэ дайнд татан оролцуулахгүй бүрэн эрхт хугацаагаа дуусгах бодолтой байлаа. Гэтэл сэтгүүлчийг цаазалсан дүрс бичлэг цацагдсаны дараа хөдлөхөөс өөр аргагүй болов.

ИЛЛТУ нь "Аль-Кайда"-гийн салбар болж 2006 онд Иракт үүсчээ.

Үнэндээ ИЛЛТУ бол дээрэмчдийн нэгээхэн бүлэглэл. Гэхдээ дайсан сул байлаа гээд хялбархан дайн гэж байдаггүй. Өнөөдөр хамгийн туршлагатай, “толгойтой” гэгдэх нөхдүүд ч өнөөгийн үйл явдал цаашид хэрхэн үргэлжилж, яаж төгсөхийг хэлж мэдэхгүй байна. Тиймээс АНУ аль болох олон орныг эгнээндээ элсүүлэхийг хичээж байна. Ингэснээр нэгдүгээрт амжилтанд хүрэх боломжоо нэмэгдүүлж, хоёрдугаарт өөрийн үйлдэлд олон улсын дэмжлэгийг авч, гуравдугаарт хуучин цагийн арабын улс төрчид, цэргийнхний ярьдаг шиг “дайсны цусыг овог хооронд хуваана” хэмээн найдаж байна.

Обамагийн тойрон хүрээлэгчид ИЛЛТУ-гийн хүчийг дутуу үнэлжээ. Үүнийгээ тэд Сири болон Иракад алан хядагч бүлэглэлүүд шил шилээ даран үүсэх болсны дараа ухаарав. Есдүгээр сарын 11-тэй дүйхээр үйл явдал болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ байшин мөргөх онгоцны оронд Америкийн иргэнийг харгисаар цаазалсан дүрс бичлэг цацагдав. Ийм тохиолдолд хүмүүс дайныг эсэргүүцлээ ч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дайнд оролцохоос өөр гарц Обамад байсангүй.

Обама ИЛЛТУ-гийн учрыг хурдхан олчихоод дулаан ордондоо буцаж ирэх бодолтой байсан ч санаснаар болсонгүй. Бүс нутаг алан хядагчдаар дүүрч өдөр шөнөгүй цус урссаар. Хожимдож эхэлсэн дайн удаан үргэлжлэх төлөвтэй байна.