Бичиг үсэгт маруухан алиалагч парламентын гишүүнээр дахин сонгогдов
Франсиско Эверардо Оливейра Силва
2014.10.07

Бичиг үсэгт маруухан алиалагч парламентын гишүүнээр дахин сонгогдов

Бразилийн парламентад “Уурт” хочтой алиалагчийг дахин сонгов

“Уурт” (Тирирака) хочтой алиалагч Франсиско Эверардо Оливейра Силва (Franscisco Everardo Oliveira Silva) Бразилийн парламентад дахин сонгогджээ. Тэрээр 4,76 хувийн санал (нэг саяас илүү) санал авсан байна. Силва Сан-Паула мужаас нэр дэвшсэнийг сонгуулийн төв хорооны сайт дээрээс харж болно.

Циркэд ажиллаж, дараа нь телевизийн хошин нэвтрүүлэг хөтөлдөг байсан, эдүгээ 49 настай Силва улс төрийн карьераа 2009 оноос эхэлжээ. 2010 оны парламентын сонгуулиар түүнд хамгийн олон буюу 1,3 сая сонгогч саналаа өгчээ. Тэр сонгуулийн өмнөх кампанит ажилдаа “Үүнээс дор байж таарахгүй” гэсэн лоозонг уриа болгож парламентын гишүүд чухам юу хийдгийг олж мэднэ хэмээн сонгогчиддоо амлажээ.

Санал хураахаас хэдхэн хоногийн өмнө Силваг бичиг үсэг мэддэггүй байж магадгүй хэмээн сэжиглэж байв. Сэтгүүлчид түүнээс хэдэн асуулт уншихыг хүсэхэд сандарч, даалгаврыг биелүүлж чадаагүй ажээ. Шүүхийн шийдвэрээр сонгуулийн дараа Силва уншиж чаддаг эсэхээ шалгуулав. Хэдийгээр тэр текстийн агуулгыг ойлгож байгаа ч тун тааруу бичиж байлаа. Бразилийн хуулийн дагуу зөвхөн бичиг үсэг огт мэдэхгүй хүн сонгогдож болохгүй.

Силва дөрвөн жил парламентад суухдаа нэг ч удаа үг хэлээгүй аж. Гэхдээ тэр хамгийн сахилга баттай гишүүн байж хурал тасалдаггүй байв.

Уншигч таньд Силвагийн кампанит ажилдаа ашигласан рекламны роликийг сонирхуулья.

Бразилийн сонгуулийн хуулинд зааснаар нэр дэвшигчид ямар ч нэрээр бүртгүүлж болдог. Үүний ачаар 10 дугаар сарын таванд болсон сонгуульд Барак Обама, Осама Бин Ладен, Иисус Христос гэсэн нэртэй хүмүүс өрсөлджээ. 

Хятадад 162 000 төрийн албан хаагчийг халав

Урд хөршид 162 000 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан тухай Хятадын төв хэвлэл «Жэньминь жибао» сонинд бичжээ. Эрх баригчид төрийн байгууллагуудад "хэрэв байдал энэ хэвээр үргэлжилвэл төсвөөс олгодог санхүүжилтыг хасна" гэсэн сануулга өгчээ.

Өнгөрсөн зургадугаар сард Хятадын аюулаас хамгаалах яамны сайд, Хятадын коммунист намын хуучин гишүүн Чжоу Юнкана (Zhou Yongkang)-ийг авилгын хэргээр баривчилснаар Хятадын шинэ удирдагчийн авилгатай тэмцэх ажил эхэлжээ.

Сүүлийн арваад жилд Хятадад хийгдсэн эдийн засгийн шинэчлэлийн явцад төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон Засгийн Газрын харъяа байгууллагуудад олон тооны шинэ газар, хэлтсууд бий болжээ. Ингэснээр тухайн байгууллагын дарга нар онцын ач холбогдолгүй албан тушаалд хамаатан садан, найз нөхдөө томилох болсон байна. Томилогдсон нөхдүүд ажилдаа бараг ирдэггүй мөртөө цалин авч, улсын унаа хөлөглөдөг байв.

Ашиггүй орон тоо бөглөөчдийг халах компанит ажлын үр дүнд албаны машины тоо 120 мянгаар багасчээ.

Хятадад авилгын эсрэг кампанит ажил 2012 онд төрийн эрхэнд “тавдугаар үеийн удирдагчид” гарсан даруйд эхэлсэн юм. Хятадын шинэ дарга Си Цзиньпин түшмэлүүдээсээ тансаг хэрэглээ, зугаа цэнгээ, томилолтын зардлаа танахыг шаардаж, үнэтэй бэлэг авах явдлыг хязгаарлав.