Дэлхийн улс төр- Африкийн мөнхийн дайн
Цэрэг хүүхдүүд Африкийн мөнхийн тэмцэл, тулааны салшгүй хэсэг байсаар ирсэн.
2014.09.01

Дэлхийн улс төр- Африкийн мөнхийн дайн

Африкийн хамгийн их цус асгаруулсан, хамгийн балмад зөрчлүүд дуусашгүй мэт байдгийн энгийн тайлбар нь тэдгээр нь огт дайн бишэд оршино.

Уламжлалт тодорхойлолтоор л лав дайн биш. Дайсагнагч талууд тодорхой зорилгогүй. Тэд дайсны гол хот, түшиц газрууд юм уу улсын нийслэлийг эрхэндээ оруулна гэж зүтгэдэггүй. Харин ч гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой өтгөн ой, бөглүү нутгийн бутлаг хязгаарт бөөгнөрдөг. Өнөөгийн босогчид дайсны талынхныг урвуулахыг боддоггүй. Харин хүүхдүүдийг нь хулгайлж, калашников юм уу сүх үрүүлэн алуурчин болгодог. Босогчдын үүр болсон Нигер мөрний ай саваас там гэгддэг БН Ардчилсан Конгын гүн хүртэлх нутагт өрнөж буй Африкийн бүх л зэвсэгт зөрчлийг ойроос ажвал ийм л дүр зураг харагдана.

Харин хүүхдүүдийг нь хулгайлж, калашников юм уу сүх үрүүлэн алуурчин болгодог.

Африкийн эрх чөлөөний төлөөх нэгдмэл, сонгодог хөдөлгөөний дүр зураг хэдийнэ үгүй болсон үед хагас зууны тэртээх бослогоос илүү харгис, илүү “бохир” хөдөлгөөнүүд хүчээ авсан нь энэ. Дайн шиг харагддаг ч эдгээр нь тив даяар тахал шиг тархсан ердийн л танхайрал. Африкийн 12 оронд ажилласан “Нью-Йорк таймс”-ын тоймчийн тодорхойлсноор тивийн ихэнх тулаан дайны уламжлалт тодорхойлолт шиг “цэргийн эсрэг цэрэг” бус “цэргийн эсрэг иргэн” гэсэн томъёотой. Африкийн өнөөгийн тэмцэгчид жирийн танхай этгээдүүд гэдгийг конго эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дангаараа батална.

Хэдэн зуун мянган эмэгтэйг хүчиндэж, олонхийг нь дахин хөл дээрээ зогсож чадахааргүй болтол нь занчиж, тамладаг балмад залууст юуных нь улстөр, зэвсэгт хүчний бодлого, зорилго байх вэ.

Африкийн тусгаар 53 орны бараг тэн хагас нь байнгын зөрчил, үймээнтэй эсвэл саяхан дайнгүй болсон. Бүс нутагтаа хөгжингүй гэгддэг, жуулчдаар дүүрэн байдаг Кени л гэхэд 2008 онд “тэсэрсэн”. Кени, Танзани зэрэг орныг оролцуулалгүй байнгын зөрчилтэй байдаг арваадхан оронд үймээн самуунаас болж нас бардаг энгийн иргэдийн тоог нэмбэл Африкт жилд цаг бусаар амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгад хүрнэ.

1998 оноос хойш зөвхөн Конгод л гэхэд таван сая энгийн иргэн амь үрэгдсэн гэх тооцоо бий. Тусгаар тогтнолын төлөөх сүүлийн үеийн тэмцлүүд ч хэдэн сая хүний аминд хүрсэн. Өмнөд Суданы тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн багаар бодоход хоёр сая хүнийг хөнөөсөн гэдэг. Гэхдээ чухам хэдэн хүн амь үрэгдсэнээр дайн, тулааныг тодорхойлох аргагүй.

Африкийн тусгаар 53 орны бараг тэн хагас нь байнгын зөрчил, үймээнтэй эсвэл саяхан дайнгүй болсон.

Дайны арга ухаан, зорилго, бай болон удирдагчдаас нь тухайн орны болон бүс нутгийн хувь заяа шалтгаалдаг. 1980-аад онд Угандын зэвсэгт босогчдын тэргүүн байсан Иовери Мусевени дагалдагчдаа улсынхаа зэвсэгт хүчний суурь гэдэг байв. Тэрбээр 1986 онд Ерөнхийлөгч болсон бөгөөд өнөө ч засгийн эрхэнд буй (танил бэрхшээл, танил түүх). Гэсэн ч түүний үг цаг үеийнх нь “баатар”, цэргүүддээ бүхнийг шатаахыг тушаадаг байсан Жозеф Конигийнхтой харьцуулахад “зөөлөн” юм. Эдэн шиг удирдагчдыг босогч-дагалдагчдаас нь холдуулж, хэлэлцээний ширээнээ суулгасан ч ихийг хүлээх хэрэггүй. Африкийн ихэнх хөдөлгөөний тэргүүн яам, тамгын газар юм уу засаг захиргаагаа байрлуулах газар нутаг хүсдэггүй. Цэргүүд нь хүүхдүүдийг адгуус болгож, энгийн иргэдийг санаанд багтамгүй балмадаар хөнөөдөг. Тэдэнд ердөө бэлэн мөнгө, зэр зэвсэг, танхайрах боломж л хэрэгтэй. Энэ бүхнээ олоод авчихсан үед нь яаж ч хэлэлцэх вэ.

Үнэндээ өнөөгийн Африкийн босогчидтой хэлэлцээ хийх аргагүй юм. Танхайрлыг зогсоох ганц арга нь тэдний тэргүүнийг барих юм уу хөнөөх. Африкийн олон дайн, самууныг өдөөгч босогчдын ихэнх тэргүүн дагалдагчдынхаа дунд хүртэл нэр хүндээ алдсан догшин ширүүн удирдагч байдаг. Тиймээс босогчдын тэргүүн нарыг барьж чадвал Африк тун богино хугацаанд амгалан тив болж мэднэ.

Анголын алмааз хулгайлагч зэвсэгт дээрэмчдийн тэргүүн Жонас Савимбийг эрх баригчид хөнөөсний дараа хүйтэн дайны үеийн Африкийн хамгийн ширүүн зөрчил эцэс болсон. Хуучин босогчдын тэргүүн, Ерөнхийлөгч Чарльз Тейлорыг 1996 онд баригдсаны дараа арван жил үргэлжилсэн Либерийн дайн ч мөн дууссан. Эрх баригчид болон зэвсэгт босогчид хоорондын нааштай шийдвэр гарахгүй нь тодорхой хэлэлцээ дэмий л мөнгө, цаг, амь үрсэн ажил.

Африк тив яагаад ийм байдалд хүрчихэв?

Ердөө өнгөрснөөсөө салж чадахгүйтэй нь холбоотой байж мэднэ, эсвэл африк босогчид зиндаа ахисных биз.

Хуучин цагт нэгдмэл Африкийн хүч буюу голдуу энгийн иргэд колоничлол, дарангуйлал эсвэл апартеид үзлийн эсрэг тэмцэж байсан бол өдгөө зэвсэг агссан, бэлтэй босогчид илүү ихийг халааслахын тулд хэний ч хамаагүй өөдөөс тэмцэж байна.

Гэхдээ тэдний дунд Суданы ардын чөлөөлөх армийг байгуулж, тусгаар өмнөдийн төлөөх тэмцэлдээ энгийн иргэдийг татан оролцуулж чадсан Жон Гаранг шиг чин зорилготой босогчид цөөн ч гэсэн бий. Түүний ачаар л өмнөд Суданд тусгаар тогтнолын асуудлаархи бүх нийтийн санал асуулга болохоор болсон, Дарфурын хямрал эцэс болох нь гэж олон хүн найдаж эхэлсэн. Нутгийнхан ч түүнийг бурхан мэт дээдэлдэг.

Танхайрлыг зогсоох ганц арга нь тэдний тэргүүнийг барих юм уу хөнөөх

Харамсалтай нь, Ж.Гарангийг 2005 онд нисдэг тэрэгний ослоор нас барсны дараа өмнөд Судан дахиад л бурхны гэсгээл хүртсэн газар мэт болжээ.

Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабе хүртэл нэгэн цагт эрх баригчдын эсрэг төлөвлөгөө боловсруулж суусан босогч байв.

Үндэстний цөөнх цагаан арьстнуудын тэргүүлсэн Родезияг хар арьст олонхийн захирсан Зимбабве болгосныхоо дараа Р.Мугабе улс орноо Сахаарын өмнөд хэсгийн хамгийн хөгжингүй орны нэг болгосон. Харин засаглалынхаа эхэн үед дайны жинхэнэ баатар гэх байр сууриа бататгаж, Африкийн олон чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэн нь өдгөө Африкт түүнийг шүүмжлэх улстөрчид цөөрөхөд хүргэжээ.

Шүүмжилж, эсэргүүцэхийн учир Р.Мугабе Зимбабвег хөгжлийн оргилоос гүн хавцал руу унагаачихаад буй. Өвгөн Ерөнхийлөгчийг юм уу боловсролтой, зорилготой Ж.Гарангийг өнөөгийн бодлого, баримтлалгүй босогчидтой харьцуулбал ижил төстэй юу ч олдохгүй.

Бүхэл бүтэн үед хамгийн их өөрчлөгдсөн нь дэлхий өөрөө юм.

Хүйтэн дайны сүүлч олон улсын төрийн тогтолцоог ганхааж, үймээн самууны шалтаг болсон. Сөргөлдөгч их хүчнүүдийн үндэстний ашиг сонирхлын хэм хэмжээ өөрчлөгдсөн. Үүнтэй зэрэгцэн хүчтэй байхын тулд зөвхөн зэвсэг хэрэгтэй гэсэн үзэл олон оронд түгж, зэр зэвсэгтэй болох боломж ч нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл, танхайрахыг хүсэгчдэд таатай нөхцөл бүрэлдсэн гэсэн үг.

1996 оноос хойш буюу шилүүсийн арьст гэгддэг дарангуйлагч Мобуту Сэсэ Сокогийн эсрэг босогчид нэгдсэнээс хойш Конгод хэдэн арван ийм боломж эрэлхийлэгч гарч иржээ. Мобутугийн засаглал нуран унасны дараа хэн ч орыг нь залгаагүй ба тэдгээр боломж эрэгчид бүгд л алт, мөнгө, алмааз, зэс, тугалгын хойноос улайрсан.

1996 оноос хойш буюу шилүүсийн арьст гэгддэг дарангуйлагч Мобуту Сэсэ Сокогийн эсрэг босогчид нэгдсэнээс хойш Конгод хэдэн арван ийм боломж эрэлхийлэгч гарч иржээ

Тэд бүгд “Конгын сайн сайхны төлөө…” гэсэн үлгэр ярьж байв. Мэдээж тэдний тоочдог шалтгаануудын зарим нь үнэн. Тухайлбал, овог ястан хоорондын тэмцэл болон газрын төлөөх өрсөлдөөн, дүрвэгсэд болон зэргэлдээх орнуудын хямрал зэрэг нь зөвхөн Конгын ч бус Африкийн олон дайны шалтгаан, Харин дэндүү өрөөсгөл, хувиа хичээсэн аргаар эдгээртэй тэмцдэг босогчид эрх баригчдыг чиглэсэн эсэргүүцлээрээ нийтийн өмчийг булаах дээрмээ л халхлах болсон юм.

Конгын хэдэн арван зэвсэгт хөдөлгөөнүүд сүүлийн 10-15 жилийн хугацаанд 70 сая эгэл конгочуудын өмч хөрөнгө, улсын санг дээрэмдэж, өөрсөддөө болон зэр зэвсэг авахад л зориулжээ.

Африкийн дайн биш дайны хамгийн сэтгэл үймрүүлсэн, аймшигт жишээ Бурхны эсэргүүцэгч хүчин хэмээх 1980-аад оны хууль, засаггүй хойд Угандын зэвсэгт хөдөлгөөний түүх юм.

Газрын тосоор баялаг Нигер мөрний бүлэглэлүүдийн адил тус хөдөлгөөн анхандаа ядуурлыг бууруулна, үндэстний цөөнхүүдийн нутаг Ачолийн бүс нутгийг хамгаална зэрэг тодорхой зорилготой байв. Хиймэл үс тавьсан, хэлэмгий, идэр залуу тэргүүн Ж.Кони нь бурхны үндсэн арван номлолыг биелүүлэгч, зөнч гэгдэн олныг татжээ.

Харин тун удалгүй бүгдийн итгэлийг алдсан юм. Тэрбээр хамгаална хэмээсэн ачоличуудыг өөрийн гараар хүйс тэмтэрч, 1.6 сая орчим хүнийг орон гэргүй болгосон. Ж.Конигийн байлдагчид өмнөх шигээ бурхны тухай ярихаа больж, хойд Угандын олон тосгон сууринг чихгүй, уруулгүй хүн, тасарсан rap, хөлөөр дүүргэжээ.

Ж.Кони өдгөө дэлхийн хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан хүний нэг болж, хойд Угандын зовлон зүдгүүр Судан, Конго, Төв Африкийн БН Улсын зааг нутгийг дэлхийн хамгийн аймшигт газрын нэг болгоод буй.

1990-ээд онд Угандын төр нэг юм өндийж, түүний солиорлыг эцэслэсний дараа Бурхны эсэргүүцэгч хүчнийхэн зүгээр л явж оджээ. Ж.Кони өдгөө дэлхийн хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан хүний нэг болж, хойд Угандын зовлон зүдгүүр Судан, Конго, Төв Африкийн БН Улсын зааг нутгийг дэлхийн хамгийн аймшигт газрын нэг болгоод буй.

Цэрэг хүүхдүүд Африкийн мөнхийн тэмцэл, тулааны салшгүй хэсэг байсаар ирсэн. Ж.Конигийн хөдөлгөөн гэхэд л газар нутаг булааж байсангүй. Харин 30 мянга хүүхдийг гэр бүлээс нь булааж цэрэг болгожээ. Конгын босогчид ч мөн адил.

Тус улсын нутаг дахь бүх зэвсэгт зөрчилд оролцогсдын гуравны нэг орчим нь 18-аас доош насныхан. Утга учиргүй үймээн самууныг үргэлжлүүлэхийн тулд учир мэдэхгүй хүүхдүүдийг цэрэг болгох нь шинэ Африкийн дайны тактик. Олныг сэтгэл зүрх, оюун санаагаар нь эзэмдэхийн оронд хүчээр зэвсэг бариулдаг энэ арга Африкийн олон зөрчилд ялагч тодордоггүйн мөн нэг шалтгаан. Автамхай, үнэнч, айхыг мэдэхгүй, хамгийн гол нь хэзээ ч тасрахгүй хангамж зэрэг давуу шинж нь хүүхдүүдийг идэр насныхнаас илүү эрэлттэй болгодог.

Мөнхийн дайнуудын шинэ эринд Сомали хүртэл өөр харагдах болов. Африкийн хамгийн үймсэн улс гэгддэг ч дуусашгүй үймээн, зөрчилдөө ороогдсон хөрш орнуудтай нь харьцуулахад тус улсад жинхэнэ дайн болж буй.

Өнгөц харахад, Сомали дотоодын хэт үзэлтнүүдийн зөрчлөөс өндийж чадахааргүй сөхөрсөн мэт боловч тулаан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (гэхдээ хүчин мөхөс) Засгийн газар болон исламын хатуу дэгт засаг тогтоох гэсэн хэт үзэлт босогчдын бүлэглэл “Аль-Шабаб” хоорондын зөрчил юм.

Тулааны хуулиар бол Африкийн хамгийн “зөв”, тодорхой ялагч, ялагдагчтай байж чадах цорын ганц дайн Сомалид л болж байна.

Харин даамжирч, сунжироан нь Сомалийн хуучин босогчидтой холбоотой. “Аль-Шабаб” шиг эрх баригчидтай тэмцэх хүртлээ хүчирхэгжиж чадаагүй хуучин бүлэглэл, хөдөлгөөнүүд 1991 онд Сомалийн сүүлийн жинхэнэ засгийг нураасан бөгөөд өнөө ч өөр хоорондоо тэмцдэг атлаа нэг нь эрх баригчдын өмнө хүчин мөхөсдөхөд ямар хөдөлгөөн байхаас нь үл хамааран тусалдаг.

Африкийн ганц жинхэнэ дайныг улиг болсон танхайрал, эмх замбараагүйтэл болгохгүйн тулд тэдгээр хөдөлгөөнийг дарах хэрэгтэй юм. Харамсалтай нь, “Эрх баригчдыг хөнөөж л байвал…” гэсэн хандлага жирийн сомаличуудын дунд ч газар авч мэдэхээр байгаа нь Сомалийн дайны хамгийн том аюул. Харин Конго зэрэг хэдийнэ “өвчилсөн” орнуудаас сомали маягийн шинж тэмдэг илэрч эхэлсэн нь үүнээс ч аймшигтай.

Харин Конго зэрэг хэдийнэ “өвчилсөн” орнуудаас сомали маягийн шинж тэмдэг илэрч эхэлсэн нь үүнээс ч аймшигтай.

Хуучин босогчид болон армийнхны сэргэлтээс гадна өнөөгийн бүрэн эрхт засгийг хамгаалах үүрэгтэй зэвсэгт хүчнийхэн өөрсдөө төрийн эргэлт зохион байгуулдаг нь Африкт байнга давтагддаг үзэгдэл. Саяхны Гвинеягийн цэргийн эргэлт, Мадагаскарын үймээн, Нигерийн хямрал ч цочирдмоор зүйл биш.

Ж.Конигийн армиас саяхан зугтсан гэх Фло нэрт эмэгтэй 15 жил Угандын босогчдын боол байжээ. Тэрбээр “Нью-Йорк таймс”-ын тоймчтой уулзахдаа Бурхны эсэргүүцэгч хүчин чухам юуны төлөө, яах гэж тулалдаж байсныг ойлгодоггүй гэж ярьсан байна.

Африкийн олон зөрчил, хямралыг түүний адил хэдэн сая африкчууд хэзээ ч ойлгоогүй. Хаа хүрэхээ мэдэхгүй, бут, ширэнгэ дундуур хэдэнтээ эргэлддэг босогчдоос холдож, харих замаа олохыг л эгэл иргэд, хулгайлагдсан хүүхдүүд мөрөөдөж байгаа.