Эрүүл мэндийн сайд Н.Удвал ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.10.01

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр тус яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм. 

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн, ахиц дэвшил гаргасан ажлуудынхаа талаар товч танилцуулсан. Ахмадууд бидний үед хийж чадаагүй шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл мэндийн яам хийж байна хэмээгээд салбарын шинэчлэлд ахмадууд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын сайныг биш саарыг түүж, сөргөөр мэдээлж байгаад сэтгэл эмзэглэж байдгаа ч ахмадууд хэлж байсан юм. Сайд ахмадуудын хэлсэн үг, санаа бодлыг анхаарч үзнэ гэдгээ уламжлаад, гарын бэлгээ гардууллаа. 

Цаашид ахмадуудтайгаа ажлын туршлага солилцох, 3 үеийн уулзалт зохиох, явган аялал зохион байгуулах олон ажил хийхээр төлөвлөөд байгааг ч дуулгалаа.