108 дахь намар
Ирэх сарын нэгэн бол Олон улсын ахмадын өдөр
2014.09.16

108 дахь намар

"Ээжээ хүмүүс ирлээ" гэхтэй зэрэгцэн “Алив тэр дээл..." гэсээр удалгүй нөгөө өрөөнөөс бараг зургаан настай хүүхэд шиг жаахан биетэй, өврөөрөө дүүрэн одон тэмдэг гялалзуулж цэнхэр дээл өмсч, ягаан алчуур зангидсан эмээ орж ирлээ. Зочид сандралдан босоход эмээ харин өөдөөс "Эмээ нь ингээд суучихъя. Хүүхдүүд минь тайван суугаад цайл" гэснээ таягаа тулан зогсоод сандал тавьж өгөхийг хүлээв.

Ирэх сарын нэгэн бол Олон улсын ахмадын өдөр. Тиймээс Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан Монголын хамгийн өндөр настан болох өнөө жил 108 нас хүрч байгаа Налайх дүүргийн иргэн Довдонгийн Надмид гуайнд очсон юм. Эмээд Ахмадын чөлөөт холбооны хүндэт тэмдэг болох Тусгаар тогтнолын одонг гардуулахад нулимс унаган "Алтан дэлхий дээрээ хүүхдүүд минь амар тайван сайхан аж төрж, урт наслаарай" хэмээн хоолой зангируулан хэлсэн юм. Монголчууд 108 гэсэн тоог бэлгэшээж хүндэлдэг.

Өндөр настай хүний урдуур хөндөлдөн явах сэтгэлгээ бидэнд байдаггүй учраас настай буурайг хараад хүндлэлийн дээд гэдэг үг санаанд орж байлаа. Амьдралын өдөр бүрийг хөг эгшиг гэж үзвэл монголчууд бидний хамгийн ахмад настантай ярилцаад суусан цаг мөч маань хамгийн удаан уянгалсан ая биз ээ.

"Эмээгийнх нь сонсгол, хэл яриа зүгээр ээ. Харин хараа л жаахан муудаад байна. Сүүлийн үед өвдөхгүй юм ч алга. Өдөр бүр л тариа хийлгэх юм. Хэдэн хүүхдийнхээ үйлийг үзэж байна даа" хэмээн эмээ нулимс унагана.

Надмид гуай Дорнодынх. Халх голын дайны үед бага залуухан охин

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол - Манжийн хилийн орчимдох уул ажээ. 1939 он

нутагтаа аав, ээж, эрэгтэй дүүгийнхээ хамт аж төрдөг байж. Энэ талаараа их тод дурсах аж. "Дайны үед чинь орос дарга нар манай тэр хавиар их явдаг байлаа. Тэдний эхнэрүүд нь ч гэсэн дайнд явна аа, хөөрхий. Манайд ирээд л хүйтэн цай ууна. Би ч жаахан охин учраас нөгөө гадаад хүмүүсийг их сонжиж харна аа. Сүүлд нөгөө хэлмэгдэлтийн үе боллоо.

Лам нарыг ачааны машинд ачаад л аваад явчихна. Гүй ээ мөн хэцүү үе байсан даа" хэмээн ярилаа. Нутгаа та санах юм уу гэсэн асуултад маань "Одоо ч тэнд очоод таних мэдэх ч хүн алга. Нутгаас минь өөр зүйл үлдээгүй дээ" гээд л санаа алдлаа.

Эмээ хэдэн сарын хэдэнд төрснөө мэдэхгүй. Ямартаа ч 108 дахь намраа үдэж буй. Овоо том болсон байхад нь, ээж нь нутгаасаа хот руу нүүж, эмээ одоогийн Засгийн газрын байрны хойно Бактери судлалын хүрээлэнд ажилд ороод хүүхдүүдэд вакцин хийдэг ажилтай болж. Удалгүй Төр хурхын сувилалд гүү саагчаар ороод, хань болох Очиртойгоо танилцжээ.

Тэднээс дөрвөн сайхан хүүхэд гарсны нэг нь хүү,  гурав нь охин. Амьдрал дандаа баяр жаргалтай байх биш эмээ хагацал үзэж, хоёр охиныг нь ханьтай нь аваад явчихаж. Одоо тэр бага охиныдоо амьдарч, үр ач нар нь түүнийг өргөн асарч байна. Хүү нь насаараа төмөр замд ажиллаад тэтгэвэртээ гарсан, найман сайхан хүүхэд ханьтайгаа амьдардаг гэдгийг эмээ хэлж байлаа.

Эмээ "Урт наслах ч сайхан гэхээсээ илүү хэцүү юм" хэмээн хэлээд дахиад л нулимс унагав. Эмээгийн хамгийн том охин нь мөн л найман хүүхэд төрүүлжээ. Тэдний хамгийн том хүү нь эмээгийн ёстой л амины ганц байж. Эмээг өвдөхөөр нь эмнэлэг аваад л давхина, байнга л эргэж тойрно. Гэтэл тэр сайхан үрийг нь хорвоогийн жам бас л эмээгээс салгаад аваад явчихжээ.

Том охины маань том хүү өнгөрсөн гуравдугаар сард бурхан болчихсон. Тэр муу хүүгээ л их санах юм даа" гээд дахиад л нэг дусал нулимс унагав. Хажуугаас нь бага охин Төрмөнх нь "За, ээж минь тайван. Хамаагүй юм ярьж болохгүй шүү" гэхэд, эмээ "Яадаг юм би ярина. Өөр надад ярих хүн олдох биш" хэмээн хэдэрлэв. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг үнэн ажээ. Эмээгийн сэтгэл санаа нь хиргүй тунгалаг. “ Хааяа энэ хүүхнийхээ хийж өгсөн хоолыг би бас голно оо. Тэгэхээр эд нар “өөрөө хийж ид” гэдэг юм. Эмээ нь мөчөөгөө өгөхгүй хийсэн ч яадаг юм гээд хэлчихдэг. Авчирч өгсөн чихрийг нь ч гэсэн голно. Сайхан ааштай байхаараа гарч ороод л нарлаад л суудаг юм. Ааш муутай үедээ цаашаа харж хэвчихээд босохгүй ээ, эмээ нь" гээд инээв.

Буурай дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар нэгдэл байгуулагдахад адуу авч мал дээр гарчээ. "Хөгшин маань морь уяна. Би гүүгээ саана. Хүүхдээ гаргаад гурав хоноод л нөгөө мал хуйндаа

гардаг байлаа. Жирэмсэн байхдаа морь унаад л давхина. Одоогийн хүүхдүүдэд тийм юм алга аа. Чанар нь муудаад байх шиг байна" хэмээн хуучиллаа. Очир гуайнх Хоолтын давааны өвөр бэлээр нутагладаг байж. Ач, зээ нар нь одоо хэр нь мал ахуйтай тэр хавиар нутагладаг ажээ. "Адуучин удмаа дагаж байгаа юм байлгүй дээ. Хүүхдүүд маань морь уяад олон шагнал аваад л байх юм" хэмээн эмээ ярив.

Уншигч та нэг зүйлийг дахин санах хэрэгтэй болов уу. Эмээ одоо 108 настай. Монголын хамгийн өндөр настан. Гэтэл тэр бага залуу байхаасаа эхлээд өдгөөг хүртэлх миний мэдэх гэж асуусан бүхий л зүйлийг сав саруул санаж байна билээ. Тэр дунд нэг сонирхолтой зүйлийг хуучилсан нь "Би Сүхбаатар жанжинтай их ойр байсан. Тэднийх хорины баруун урд захад байдаг. Эхнэр нь Янжмаа. Жанжин эхлээд бурхан болоод Янжмаа сүүлд бурхан болсон юм шүү. Би тэднийг сайн танина. Харин одоо бол хэдэн хүүхэдтэй байсныг нь санадаггүй. Хорины хавиар их хужаа нар байдаг байсан" хэмээн ярилаа. Эмээгийн яриа нь одоогийн Амгалан орчим хуучин Амгаланбаатар хот болов уу гэж таамаглав. Түүнээс жанжин хэр өндөр хүн байв даа гэхэд "Тэр үеийн хүмүүс чинь одоо бодоход их биерхүү байсан юм байна. Гэхдээ жанжин тийм ч өндөр хүн биш байсан. Гэхдээ бас намхан биш шүү" гэснээ "Хүн өтлөхөөрөө жаахан болчихдог юм байна. Эмээ нь энэ хүүхнээсээ арай намхан. Нэг их тарган биш байсан" хэмээн ярилаа.

Төрмөнх эгч одоо 60 гарч яваа. Эмээгийн бага охин. Хэрэв хамгийн том эгч нь амьд сэрүүн байсан бол 90 шахаж байх нь. Тэрээр ээжийнхээ талаар "Ээж маань өөртөө л их анхаарал тавьдаг хүн дээ. Хоол идсэн ч тааруулна. Их хоолыг хоёр хуваагаад л иднэ. Эм уусан ч цаг алдана гэж байхгүй. Даралтаа ихэсч, багасахыг ер андахгүй. Тэгээд л эмээ ууна, тариагаа хийлгэнэ. Өнгөрсөн гурван сард дүү маань бурхан болсноос хойш бие нь илт муудаж байна. Хамаг үе мөч нь өвдөөд өмнө нь хийдэг байсан тариандаа өвчин нь намдахаа байгаад одоо бүр хүчтэй тариа хийлгэж байгаа. Залуудаа их л ажилсаг, хурдан шалмаг эмэгтэй байсан даа" хэмээн ярив.

Ээжийнх нь бие өвдөх гэхээрээ л даарч гал түлсэнгүй хэмээн бухимдана. Тэр бүрд нь л гал түлж, ээжийнхээ ая тухыг тааруулах гэж чадлынхаа хэрээр л мэрийх аж. Ээжтэйгээ өтлөх энэ насны жаргал гэлтэй. Тэр л жаргалыг амьдралынхаа 60 гаруй жил эдлэж яваа Төрмөнх эгчид атаархмаар. Сайхан буурайтай ярилцаад л суумаар. Эсвэл зүгээр л хажуугаас нь хараад суухад л халуун дулаан ээжийн хайр мэдрэгдэх шиг. Хол ойрын хүнтэй хууч хөөрөх дуртай эмээ маань "Миний хүүхдүүд нэгэнт ирчихсэн юм чинь яарахгүй биз дээ" гээд л дахин дахин сандрана..

Энэ амьдрал цаг хугацааны  өмгөөлөгчгүй хуулиар зохицуулагддаг юм хойно хууч яриагаа ардаа үлдээгээд явах цаг ч болж. Гарыг минь атган "Эмээдээ дахиад ирээрэй" гээд үлдсэн энэ сайхан бууралд дахин дахин очмоор...