Т.Лхагвадорж: Засгийн газар “гэрэл” гаргаад өгвөл бизнесмэнүүд замаа олчихно
“Wolf petroleum” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Т.Лхагвадорж
2014.08.04

Т.Лхагвадорж: Засгийн газар “гэрэл” гаргаад өгвөл бизнесмэнүүд замаа олчихно

Сүхбаатар, Ховд аймагт нефтийн хайгуул хийж буй “Wolf petroleum” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Т.Лхагвадоржтой газрын тосны салбар болоод Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

ГАЗРЫН ТОСНЫ НИЙТ НӨӨЦИЙН 10- 15 ХУВИЙГ Л ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ

-“Wolf petroleum” компани Сүхбаатар талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2013 оны нэгдүгээр сард байгуулсан. Хайгуулын ажлын үр дүн хэр байна?

-Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш нэлээн ажил хийгээд байгаа ч өрөмдлөг хараахан хийж амжаагүй байна. Нэг өрөм тавихад л дор хаяж 2-3 сая ам.доллар зарцуулах учраас одоогоор хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, газар дээрх хайгуулын судалгаа хийгээд байгаа. Ямар ч судалгаа, шинжилгээгүй, дураараа өрөм тавиад хэрвээ амжилтгүй болбол 100 хувийн эрсдэл учрах тул өмнө нь нэлээн сайн судалгаа хийж, өрөмдлөгийн цэгүүдийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй байдаг юм. Манайх хэдийгээр залуу компани ч гэсэн ажилдаа нухацтай хандах үүднээс “MHA” хэмээх АНУ-ын туршлагатай зөвлөх компанийг төслийн удирдагчаар хөлсөлж ажиллуулж байгаа. Тэд хайгуулын бүх ажлыг удирдаж, Монголын компаниудаар гүйцэтгүүлж, мэдээллүүдээ АНУ-д боловсруулдаг.

Мөн чичирхийллийн судалгааны зориулалтаар гүехэн хэмжээний өрөмдлөг хийж, түүнээс авсан дээжүүдээ АНУд аваачиж судлаад, тос илрэх боломжуудыг, тос гарвал хэр чанартай тос гарах вэ гэдэг талаас нь дүн шинжилгээ, боловсруулалт хийгээд манайд тайлангаа өгдөг юм. Тэгэхээр ирж байгаа мэдээлэл, тайлангууд хөндлөнгийн, 100 хувь бие даасан, бид ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй гэсэн үг. Гарсан үр дүнд бид нэлээд сэтгэл хангалуун байгаа. Хэдийгээр өрөмдлөг хийгээгүй ч нэлээн хэмжээний, магадлалаар нь үзвэл нэг тэрбум баррель тосны нөөц байх боломж байна. Чухам тэрхүү тосыг олж өрөмд өнө гэдэг компанийн туршлага, технологийн ур чадвар, санхүүгийн боломжоос л хамаарна.

-Урьдчилсан байдлаар 460 саяас 2.2 тэрбум баррель нефтийн нөөцтэй байх магадлалтай тухай мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарч байсан. Тухайлбал, сая таны хэлсэнчлэн нэг тэрбум баррель нефть гэдэг нь Монголын бусад ордтой харьцуулахад хэр их нөөц вэ?

-Ер нь нөөцийг нь тогтоосон тосны 10- 15 хувийг л олборлох боломжтой гэж үздэг. Тухайлбал, “Петрочайна” компани өнгөрсөн жил 4.5 сая баррель газрын тос олборлож, энэ онд дунджаар таван сая баррелийг олборлох төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Жилд таван сая баррелийг олборлоно гэж үзэхэд нэг тэрбум баррель тосны нөөц нь 1000 жилд олборлохуйц гэсэн үг.

Гэтэл Ойрхи Дорнод болон бусад улсын газрын тосны томоохон орд, компаниудын тос олборлодог бүтээмжтэй харьцуулахад энэ маш бага.

Яагаад гэвэл газрын тос олборлодог дундаж компанийн нэг өдрийн олборлолтын хэмжээ л дөрөв, таван сая баррель байх жишээтэй. Гэтэл манайд үүнийг нэг жилд олборлож байна. Нэг талаасаа энэ нь өчүүхэн бага тос мэт боловч нөгөө талаас бидэнд маш их боломж, ирээдүй бий. Тийм учраас нөөцөө нарийвчлан сайн тогтоох учиртай.

Газрын тосны тухай хууль батлагдахыг хүлээж хойшилсон

Бидний гол зорилго бол зөв цэгүүдээ олж өрөмдөх, тосоо илрүүлэх, тос илэрлээ гэж бодоход ямархуу чанартай байна вэ гэдгийг тогтоох. Зарим тос өтгөн, чанар муутай байвал Ойрхи Дорнодын тос шиг олгойдоод гарахгүй, соруулж авах зэрэг өөр бусад технологи хэрэглэж, илүү зардал гарах жишээтэй.

БНХАУ-ын төрийн өмчийн “Петрочайна”-гийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй учраас тосны чанарыг мэдэхэд хэцүү. Манайх тос олвол Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орлогынхоо 50 хувийг Засгийн газарт өгнө. Тийм болохоор улсын төсөвт орж ирэх орлогын хэмжээ өндөр болох боломжтой.

-Нөөцийг эцэслэн тогтоож, баталсны дараа олборлолтын хэмжээгээ тогтоох уу?

-Энэ бол өрөмдлөгийн амжилтаас л шалтгаална. Маш их цаг хугацаа шаардах ажил л даа. Тухайлбал, Оюутолгойгоор жишээ авч үзье. 162 өрөм тавьж, 163 дахиа өрөмдөж байж, амжилттай болж зэсийн арвин нөөц илрүүлсэн шүү дээ. Тийм учраас нэг талаас аз сорьсон асуудал, нөгөө талаас компанийн мэргэжилтнүүдийн туршлага, ур чадвараас шалтгаална.

-Хэзээ өрөмдөх вэ?

-Хамтрах түншээ бид нэлээд судалж байгаа. Хэдийгээр дэлхий даяар нефть, өрөмдлөгийн маш олон компани байгаа ч чадварлаг, өрөмдлөг зөв хийх чадвартай, санхүүгийн боломжтой түнш олох төвөгтэй байна.

ХАМАГ ЮМАА ХЯТАД РУУ ТАВИАД ТУУЧИХ БОДОЛГҮЙ БАЙНА

-Хөрөнгө оруулагчид Монголын нефтийн ордыг хэр сонирхож байна?

-Сонирхол байна. Гэхдээ олборлосон нефтээ нийлүүлэх зах зээлийг нэлээд судалж байна. Манай зах зээл нэгдүгээрт Монгол Улс, нефть бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгаа ч маш жижиг зах зээл.

Дээр нь нефть боловсруулах үйлдвэр одоо хүртэл баригдаагүй. Тэгэхээр олборлосон нефтээ хаашаа тээвэрлэх вэ гэдгийг хөрөнгө оруулагчид сонирхдог. Манай хойд хөрш ОХУ нефтийн нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт тооцогддог.

Харин БНХАУ газрын тосны нөөцтэй ч гэсэн маш их хэмжээгээр импортолдог. Тэгэхээр урд хөршид дэлхийн жишигт хүрсэн үнээр борлуулна гэдэг том ажил. Импортын тийм том зах зээлд өрсөлдөнө гэдэг бол нэлээд ухаан зарах асуудал л даа.

-БНХАУ-тай ойр, тийш дэд бүтэц сайн хөгжсөн гэсэн давуу тал танай ордод бий шүү дээ.

-Сүхбаатар аймгийн нутагт байрладаг Сүхбаатар талбайгаас Хятад руу дэд бүтэц сайн хөгжсөн. Гэхдээ бид хамаг юмаа Хятад руу тавиад туучих бодолгүй байна л даа. Одоогийн нөхцөл байдлаас авч үзэхэд аль болох дотоодын зах зээлээ бүрэн хангах шаардлага үүсээд байна.

-Танай компани Сүхбаатараас гадна өөр хоёр талбайд үйл ажиллагаа явуулдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хараахан байгуулаагүй байх аа?

-Засгийн газартай хамтарсан хайгуулын судалгааны гэрээ гэж бий. Тэр гэрээг байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна.

Тэгэхээр урд хөршид дэлхийн жишигт хүрсэн үнээр борлуулна гэдэг том ажил.

Таван жилийн хугацаанд хайгуулын өрөмдлөгөөс бусад хайгуул, судалгаа хийх боломжтой. Хэрвээ бид өрөм тавьж, илүү өргөн хүрээтэй хайгуулын ажил хийхийг хүсвэл Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлт тавих боломжтой. Өмнө нь хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй байсан л даа.

Яагаад гэвэл зарим компани хайгуул хийж, эрсдэлээ даагаад Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулъя гэхээр Засгийн газрын гэрээ байгуулах явц нь 2-3 жил, түүнээс ч удаан үргэлжлэх тохиолдол гарч байсан.

Тийм учраас тодорхойгүй хугацаанд гэрээний нөхцөлийг хэлэлцэнэ гэдэг бол ямар ч хөрөнгө оруулагчийн тэвчээрийг барсан асуудал. Харин шинээр хууль баталж, 180 хоногийн хугацаанд асуудлаа шийдэх болсон нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, цэгцтэй, эрсдэлээ үүрч байгаа хүмүүс нь ажлын болон санхүүжилтийн хуваариа бодолцоход ч арай дөхөм болсон. Тийм учраас чухам хэзээ өргөдлөө өгч, гэрээгээ байгуулах вэ гэдгийг хэлэлцэж байгаа. Ойрын хугацаанд багтааж Бүтээгдэх үүн хуваах гэрээ байгуулна.

-Энэ хоёр талбай хаана байрладаг вэ?

-Жинст нь Баянхонгор, Говь-Алтайн нутагт, Баруун-Урт гэдэг талбай нь Сүхбаатар аймгийн нутагт байрладаг.

-Одоогоор таамаг нөөц тогтоох боломжтой юу?

-Нөөц тогтоох түвшинд хараахан хүрээгүй байгаа. Газрын тос агуулсан байх боломжтой геологийн хурдсуудыг илрүүлсэн. Талбайн хэмжээ нь маш том. Манай Сүхбаатар блок гэхэд 23 мянган ам км. Жинст талбай 41 мянган ам км газрыг хамардаг. Тийм том талбайг хамарсан хайгуул хийнэ гэдэг маш том ажил.

ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭНЭЭР НЭЛЭЭД АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛСОН

-Удаан хүлээлгэсэн Газрын тосны тухай шинэ хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж байна. Таны бодлоор хэр сайн хууль болсон бэ?

-Хууль шинэчлэгдсэнээр илүү тодорхой орчин үүслээ гэж харж байна. Хөрөнгө оруулаад Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хэдий хугацааны дотор байгуулж болох вэ, хэдэн хувийн татвар төлөх вэ зэрэг зохицуулалтгүй орхигдсон байсан хэд хэдэн асуудлыг тодорхой болгож өгсөн. Үүгээрээ давуу талтай.

-Есдүгээр сард нефтийн салбарыг хамарсан томоохон хурал Монголд анх удаа болно. Тэр хурлаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

-Газрын тосны салбар асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, өгөөж нь түүнээсээ хэд дахин өндөр байдаг онцлогтой. Түнш, хөрөнгө оруулагчид хайж буй манай компанийн хувьд тэр хуралд оролцох бэлтгэлээ хангаж байна.

Гаднаас хөрөнгө оруулах сониохолтой байгууллагууд ч тэр хурлыг их асууж, сураглаж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хавар төлөвлөсөн байсан ч Газрын тосны тухай хууль батлагдахыг хүлээж хойшилсон. Нэг хурлаар бүх асуудлыг шийдэхгүй. Гэхдээ дэлхийн зах зээлд дутмаг байгаа Монголын нефтийн салбарын мэдээллийг ил болгож, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нөлөөл өхөөрөө өндөр ач холбогдолтой.

“ГЭРЭЛ ГАРГААД ӨГЧИХ, ХҮМҮҮС ЗАМАА ОЛЧИХНО”

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буураад байна. Монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчныг Та хэрхэн дүгнэх вэ? Хөрөнгө оруулагчийн хувьд Та алдсан хөрөнгө оруулалтаа буцаахын тулд Засгийн газар ямар алхам хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Бид алдаж, онож байж, өнөөдөр арай тогтворжоод байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд дөнгөж 25 жил болж байна.

Тиймээс ашигт малтмалын баялаг нөөц илрүүлээд цээжээ дэлдэж, шинэ баяны зан гаргах үе бидэнд байсан. Хөрөнгө оруулалтын орчноо таатай болгож байснаа “Та нар хэрэггүй, бид хаанаас ч мөнгө олно” гэж цээжээ дэлдээд хөөчихсөн. Олон нугачааг давж, өнөөдөр туршлага суух шатандаа явж байна л даа.Гэхдээ хөрөнгө оруулалтын орчноо засаж сайжрууллаа ч, хөрөнгө оруулалт тэр бүр амархан эргэж сэргэхгүй.

Одоо ингээд харахад хөрөнгө оруулах сонирхлоо манай хоёр хөрш хамгийн түрүүнд илэрхийлж байна. Магадгүй тэд ийм байдлыг хүлээж байсан байж ч магадгүй. Дэлхийн эдийн засаг ороо бусгаа байдалтай байна.

Гэхдээ мөнгө хаашаа ч алга болоогүй, нэг гараас нөгөөд дамжин, зах зээлд эргэлдсээр байгаа. Тийм учраас хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс эдийн засгийн хямрал нүүрлэсэн ийм цаг үед хаана боломжтой нөхцөл байна, тэр нь хэр хугацаанд тогтвортой байна, өгөөж нь өндөр байх уу гэдэг үндсэн шалгуураар л хөрөнгө оруулах газраа сонгоно шүү дээ.

Гэхдээ хөрөнгө оруулалтын орчноо засаж сайжрууллаа ч, хөрөнгө оруулалт тэр бүр амархан эргэж сэргэхгүй.

Олон улсын хэмжээний том гэрээ байгуулснаар, эсвэл Оюутолгойг хөдөлгөснөөр бүх зүйл сайжирна гэж байхгүй. Хамгийн гол нь хувийн бизнесүүдэд бизнес эрхлэх орчныг тодорхой, тогтвортой болгож өгөөд, татвараа аваад сууж байх нь Засгийн үүрэг болж байна. Ийм зүйлийг хангаад өгчихвөл богино хугацаанд биш ч, ойрын 2-3 жилийн дотор хөрөнгө оруулалт сэргэх болов уу гэж үзэж байна. Өчигдөрхөн “Bloomberg” суваг үзэж байхад “Гэрэл гаргаад өгчих, тэгээд хүмүүс замаа олчихно” гэдэг үг маш таалагдсан. Яг үүн шиг Засгийн газар гагцхүү тэр гэрлийг л гаргаж өгөх хэрэгтэй байна.

-Эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж ярих боллоо. Танай компанид эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байна вэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Төлөвлөж байсан томоохон хэмжээний ажлуудаа хойшлуулж, байдлыг харзнаж байгаа. Гаднаас орж ирэх байсан мөнгөний урсгал, хөрөнгө оруулалт ч хойшлоод байна. Түүнээс болоод улсад өгөх татвар ч буурч байгаа дүр зураг харагдаж байна.

Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл маш суларсан.

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нээлттэй арилждаг учраас энэ нь илт мэдрэгддэг. Нэг тэрбум баррелийн нөөц илр үүллээ гэж мэдэгдээд байхад Австралийн хөрөнгийн биржид хувьцааны үнэ өсөхгүй л байна шүү дээ.

-Энэ оны эхэн үеийнхтэй харьцуулахад өнөөдрийн байдлаар Австралийн хөрөнгийн биржид “Wolf petroleum”-ын хувьцааны ханш өссөн үү, буурсан уу?

-Байнга буурч байгаа. Одоогоор зогсонги байдалтай байна. Анх 20 центээр зах зээлд гарч байсан ч одоо таван цент хүрэхгүй, үнэлгээ нь дөрөв дахин уначихаад байна.

Гэхдээ бид бууж өгөхгүй. Нефтийн нэлээд нөөцтэй орд байна, санхүүжүүлэх хүсэлтэй газрууд ч цөөнгүй байна. Гагцхүү хууль зүй, техник, боловсон хүчний талаас нь судлах ажил хугацаа шаардаж байна.

-“Wolf petroleum” Монголоос өөр хаа нэгтээ үйл ажиллагаа эрхэлдэг үү?

-Үгүй. Монголд төвлөрсөн компани. Үүнээс гадна манай хувьцааны дийлэнхийг нь Монголын иргэд худалдаж авсан. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй ч монгол компани гэсэн үг.