Хурандаа генерал сюй цайхоу айлчилж байна
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Сюй Цайхоу тэргүүтэй цэргийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг БХЯ-нд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул жагсч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр угтан авлаа. Дараа нь хурандаа генерал Сюй Цайхоу, сайд Ж.Энхбаяр нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож хэлэлцээ хийлээ. Мөн энэ чиглэлээр хамтран ажиллах баримт бичигт манай талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар гарын үсэг зурав.
Хурандаа генерал Сюй Цайхоу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нарт бараалхаж, маргааш Бага баян дахь цэргийн амралтын байрлалд баригдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энхийг сахиулагчдын нөхөн сэргээх, сувилах “Энхийн төлөө” цогцолбор төв, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах юм.
Хашиж буй албан тушаалынхаа хувьд БНХАУ-ын дээд удирдлагад 4 дүгээрт ордог эрхэм хурандаа генералыг дагалдан тус улсын ЗХЖШ-ын дэд дарга, дэслэгч генерал Вэйфөнхө, Бээжингийн Цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Фанфөнхуй, Армийн бүлэглэлийн командлагч, хошууч генерал Лю Жэнли, Өвөр Монголын Цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Хайлаас нарын 10 гаруй генерал хүрэлцэн иржээ.