Монгол улс хөрөнгө оруулагчдыг дахин дуудлаа
“Дисковер Монголиа-2014” чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.
2014.09.05

Монгол улс хөрөнгө оруулагчдыг дахин дуудлаа

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид хэлэв.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг ”Монгол улс Хятадтай транзит тээврийн гэрээг байгууллаа. Гуравдагч зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлох далайн боомт, транзит тээврийн хөнгөлөлттэй үнийг урд хөрштэйгээ тохирч чадсан нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад маш чухал” гэв.

Монгол улсын нутаг дэвсгэрийн 72 орчим хувьд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хязгаарласан. Харин .үлдсэн газар нутгаас эхний ээлжинд 15-20 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байгааг Уул уурхайн сайд хөрөнгө оруулагчдад мэдээллээ.

Энэ үеэр Монголын төр, хувийн хэвшлийнхэн болон иргэний Нийгмийн төлөөлөл хамтран “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа.

Уг тунхаг бичгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн салбарт хариуцлагатай салбарт, хариуцлагатай, ил тод, нээлттэй, байгаль орчныг дээдэлсэн үйл ажиллагааг эрхэмлэж явахаа бататгалаа.

Монгол Улсын Ашигт малтмалын хууль 2006 оноос хойш аажмаар хөрөнгө оруулагчдад хатуурхаж эхэлсэн гэдгийг судлаачид хэлдэг. Харин Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа Монголд батлагдаж байсан Ашигт малтмалын хуулиудын онцлог, тус бүрдээ энэ салбарт хэрхэн нөлөөлж байсан талаар танилцуулга хийсэн юм. Чуулганы үеэр ярьсан бас нэг сэдэв Монголын хөрөнгө оруулалттай холбоотой байлаа.

“Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа.

“МIВG” компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин сүүлийн гурван жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар илтгэл тавьсан юм. Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн онтой харьцуулахад л 70 гаруй хувиар буурчээ. Мөн тэрбээр хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхийн тулд Оюутолгой төслийг урагшлуулах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

Гэсэн хэдий ч албаны хүмүүс цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой гэв. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд олон хууль, тогтоомжийг баталж, экспортын зах зээлд ч бас томоохон улс төрийн шийдлүүдийг хийж чадсан.

Тийм учраас энэ жилийн төгсгөл, ирэх жилээс хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой” гэлээ.

“Дисковер Монголиа-2014” чуулга уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарын эрх зүйн орчин, алт болон нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын урсгал, шийдэл, геологи, хайгуулын эрх зүйн орчин зэрэг олон сэдвээр ярилцах юм.

Монгол улсын нутаг дэвсгэрийн 72 орчим хувьд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хязгаарласан.

Гэхдээ олон улсын чуулга уулзалт гэхэд “Дисковер Монголиа”-д оролцогчдын цар хүрээ, нэр хүнд тун хангалтгүй байгаа нь харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарыг сонирхох нь нэгэнт буурчээ. Жилийн жилд энэ уулзалтаар шинэ төсөл, хөрөнгө оруулалтуудын талаар ярьдаг байсан бол энэ удаад танилцуулах шинэ төсөл ч алга байлаа.

Зохион байгуулах хорооны дарга П. Очирбат, МонголынУул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн, “Groundwater solutions  ” төслийн гидрогеологич Лукас Вуүд, “Атлас Копко Монгол ” компанийн ерөнхий захирал Андерс Берглунд нарын байр суурийг сонирхлоо.

П.Очирбат: Хөрөнгө оруулагчид эргэлзэх хэрэггүй

Ашигт малтмал, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төр, орон нутаг, иргэдийн оролцоо тэнцвэртэй байх хэрэгтэй. Энэ салбарын эрхзүйн орчин тодорхойгүй хэсэг хугацааг өн- гөрөөсөн. Гадны хөрөнгө оруулагчдын эргэлзэж байсан асуудлуудад төр өөрийнхөө үзэл бодол, хариултыг өгч байгаагаараа онцлог.

Н.Алгаа: Итгэл үнэмшил нэмэгдэнэ

Засгийн газрын бодлогод өөрчлөлт орсныг харах болно. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Өргөс авсан мэт бүх зүйл маргааш зүгээр болчихно гэж байхгүй.

Өргөс авсан мэт бүх зүйл маргааш зүгээр болчихно гэж байхгүй

Мөн лицензийг ил тод олгох, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх ёстой. Түүнчлэн хүнд суртал буурах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон сайн талуудыг гадныхан харах болов уу

С.Дамдинсүрэн: Гурван талт тунхаг бичигт нэгдлээ

Өмнө нь бид энэ уулзалтад оролцдоггүй байлаа. Бид хамгаалж, тэд ухдаг гэдэг байдлаар ханддаг байсан. Өнөөдрийн уулзалтын үеэр гурван талт тунхаг бичигт нэгдлээ. Нэг гараараа олборлож байсан ч нөгөө гараараа нөхөн сэргээлт хийдэг байх зарчмыг хэвшүүлэх хэрэгтэй. 

Андерс Берглунд: Нааштай үр дүн гарахгүй

Одоогийн байдлаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид харзнасан байдалтай байна. Энэ нь эрх зүйн орчинтой шууд холбоотой. Бид үлдэж байгаагийн учир нь маш олон харилцагчтай.

Одоогийн байдлаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид харзнасан байдалтай байна.

Энэ удаагийн хурлын үр дүнг нааштайгаар харахгүй байна. Их зүйлийг хүлээх хэрэггүй. Учир нь тодорхой зүйл ярихгүй байна.

Лукас Вүүд: Бизнесээ өргөжүүлэхээр оролцож байна

Манай төсөл геологи хайгуулын ажил хийдэг. Одоогоор 10 хүн ажиллаж байна. Бид бизнесээ өргөжүүлэн хүмүүстэй холбоо тогтоохоор ирсэн. Энэ  жил  өмнөх  жилүүдтэй харьцуулахад оролцогч цөөн байна. Гэхдээ бид тогтвортой ажиллах болно