Д.Ганхуяг: Улаанбаатарын утааг арилгахад метан хийн төсөл ихээхэн нэмэр болно
Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар тоймлон мэдээллээ. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 226 ажлын хэсэг гаран ажилласнаас 130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж, одоогоор 96 ажлын хэсэг ажиллаж байгаа аж.Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 77, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 7 ажлын хэсэг, бусад яамтай хамтарсан 12 ажлын хэсэг ажиллаж буй юм байна. Энэ үеэр Уул уурхайн сайдаас БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал болон цаг үеийн асуудлаар сонирхлоо.
-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар ямар ямар гэрээ хэлэлцээ байгуулав?
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөр түвшний түүхэн айлчлал болж өндөрлөлөө. Айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Үүн дотор геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал ач холбогдолтой юм.
Бид нүүрсээ сүүлийн 5-6 жилд авто машинаар тээвэрлэж байгаагаас төмөр замын зөрүүгээс жилд нэлээд хэмжээний орлого алдаж, энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон.
-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны хувьд ямар асуудал шийдэгдэв?
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай “Гашуун сухайт” ХХК, БНХАУ-ын "Шэнхуа" групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр, SNG төслийг дэмжих санамж бичиг” УАБ-ын зөвлөмж, Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажиллах асуудлыг ярилцаж тохирлоо.
Мөн Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай санамж бичиг, Монгол Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр, Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг байгууллаа.
-Хэдий хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор болсон бэ?
Нийт 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр, 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу худалдан авалт өгөхөөр болсон.
Эдгээр гэрээ хэлэлцээрээр Уул уурхайн яамны удлирдлагын хүрээнд хэлэлцүүлэг хийж, нэг ойлголцолд хүрэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээний ойлгомжтой төлөвлөгөө гаргаж биелүүлэх, бодлого, хууль хөтөлбөр боловсруулахдаа ашиглаж ажиллана.
-Цуцалсан 106 лицензийн эздийг хэрхэн шалгаруулах вэ?
Монгол Улсын шүүхээс 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмалын газрын удирдлага хууль зөрчиж өргөдлийн дарааллаар олгосныг тогтоон, уг шийдвэрийг хүчингүй болгосон. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гурван шатны шүүхээс сонгон шалгаруулалтаар олгохыг даалгасан.
Засгийн газрын 216-р тогтоолоор “Сонгон шалгаруулалтын журам”-ыг 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр батлан гаргасан. Сонгон шалгаруулалт явуулах талбайд өмнө нь лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтад үндэслэн тогтоож “босго үнэ” буюу сонгон шалгаруулалтад оролцогчдод гарааны ижил нөхцөл олгож, түүнээс дээш үнэ болон аж ахуйн нэгжийн чадвараар өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулалт явуулах юм.
Харин бусад аж ахуйн нэгжийн хувьд санал болгосон нийт үнийг төлөх шаардлагатай. Энэ тохиолдолд өмнөх лиценз эзэмшигчид “босго үнэ”-тэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлнө.
-Шүүхийн шийдвэр гарах үед 18 лиценз хүчингүй болсон асуудал яригддаг?
Иймд нийт 88 лицензийн хүрээнд асуудлыг хуулийн дагуу авч үзнэ
Тийм. Иймд нийт 88 лицензийн хүрээнд асуудлыг хуулийн дагуу авч үзнэ. Эдгээр лицензийн тодорхой хэсэгт “урт нэрт” хууль болон бусад эрх зүйн үндэслэлээр хязгаарлалтад орсон байдалтай байгаа. Эхний ээлжинд “босго үнэ” нь баталгаажих, талууд харилцан тохиролцсон 14 тусгай зөвшөөрлийг багцлан сонгон шалгаруулалт зарлаад байна.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийг удахгүй дүгнэнэ. Танай яамны хувьд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын биелэлт хэдэн хувьтай байна вэ?
-Эдийн засгийн эрчимжлийг нэмэгдүүлэх ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх 15 ажлыг хяналтдаа авч гүйцэтгэсэн, 90 гаруй хувийн биелэлттэй байна.
Тухайлбал, шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна.
Шинэчлэлийн Засгийн газар, УУЯ байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байгааг онцлон тэмдэглэж байна.
-Оюутолгой компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж та мэдэгдлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь ямар учиртай вэ?
Хувь нийлүүлэгчдийн хооронд шийдлээ хүлээж буй техникийн шинжтэй хоёр асуудал байгаа. Нэг нь, Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудал. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан.
Ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл байна
Ажлаа эхлэхийн тулд "Оюутолгой" ХХК ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Хоёрт, татварын маргаантай асуудал.
Энэ бол ТЕГ, Оюутолгой ХХК хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг. Хоёр тал ойлголцлоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг 9 сарын 30-ны дотор шийдвэрлэхээр “Эрдэнэс Оюутолгой” компани, “Рио Тинто” группийн холбогдох албаныхан идэвхтэй хамран ажиллаж байна.
-Монгол Улсын хэмжээнд нийт хичнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа вэ?
Улсын хэмжээнд 2014 оны наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 2782 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж буй юм.
-Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төслийн ажил ямар шатандаа явна?
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд Солонгос улсын төрийн өмчит “Ko Gaz Corporation” компанитай хамтран Тавантолгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг энэ сарын 12-ны өдөр хийсэн. 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусна.
Метан хий хэд хэдэн онцлогтой. Илчлэг чанар нь нүүрснээс 2.5 дахин их, нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин хямд үнээр ашиглах боломжтой, байгальд үзүүлэх хортой нөхцөл бага. Улаанбаатарын утааг арилгахад метан хийн талаар хэрэгжүүлэх энэ төсөл ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа.
Гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.