Уул уурхайн орлогоос үүсгэсэн хуримтлалыг хүн амд тэнцвэртэй хуваарилах зохицуулалтыг дэмжлээ
2014.09.04

Уул уурхайн орлогоос үүсгэсэн хуримтлалыг хүн амд тэнцвэртэй хуваарилах зохицуулалтыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн хамт хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээс сонгон хувь хишиг хүртэх болсон. Улмаар 2010 онд иргэн бүрт 120 мянга, 2011 онд сар болгон 21 мянган төгрөг олгосон билээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сан төсөв хооронд өглөг үүсгэж, байгуулагдсан цагаас хойшхи нийт өр нь 1126 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ алдагдлыг Засгийн газрын бонд гаргах, урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх замаар шийдвэрлэж ирсэн юм.

Энэ хэвээр цааш үргэлжлүүлбэл хүүхдийн мөнгө, төр хариуцах ЭМД-ийн шимтгэл, өр төлбөрөө төлөх санхүүгийн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, нэгдсэн төсвийн төлөвлөлт, Засгийн газрын өрийн удирдлагад хүндрэл үүсгэх, төлөгдөх ёстой өглөг он дамжин хууль зөрчигдөх зэрэг хэд хэдэн эрсдэл Хүний хөгжил санд тулгараад байна.

Иймд уул уурхайн салбарын орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал гэж үзэн хууль санаачлагч Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна.  

Оновчтой бүтэц, зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ баялаг өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар тогтлоо.