Уул уурхайн яам ”ЭЗЭН-100”-ын хүрээнд 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ
Эргэж сэргэх 106 лицензийн асуудлыг тодорхой болгосон байна
2014.08.27

Уул уурхайн яам ”ЭЗЭН-100”-ын хүрээнд 90 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ

Уул уурхайн яамнаас уламжлал болгон "Ил тод уул уурхай" сэдвийн хүрээнд хийдэг мэдээллээ өнөөдөр хийлээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батхүү, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын албан тушаалтнууд хэвлэлийн хуралд оролцлоо. 

Энэ наймдугаар сар тус яамны хувьд маш их ачаалалтай сар болжээ. Урд хөршийн төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зурагдах гэрээ хэлцэл, УИХ-аас баталж гаргасан хуулийн хэрэгжилтийг хангах, энэ хүрээнд эргэж сэргэх 106 лицензийн асуудлыг тодорхой болгох зэргээр нэлээд ачаалалтай ажилласан сар болсон гэдгийг мэдээллийн эхэнд дурьдсан юм. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлын онцлох сэдэв нь БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпиний айлчлал болон Оюутолгойн эргэн тойрондох татварын маргаантай асуудал байлаа. Д.Ганхуяг сайд энэхүү айлчлалыг түүхэн хэмээн тодотгосон юм. 

Тэрбээр, “Айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүн дотор Геологи уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ хэлцлүүд зурагдсан. 

Ерөнхийлөгч гэрээ хэлцэлд тусгагдсан ажлууд “Хүрэх зорилт, гарах үр дүн, хариуцах эзэн, хэрэгжих хугацаа тодорхой байх учиртай" гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Хоёр улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэл, эдийн засгийн дунд хугацааны хөтөлбөр, далайд гарцгүй орны хувьд хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал. 
Бид машинаар нүүрсээ тээвэрлэдэг байдлаас болж сүүлийн 5-6 жилд маш их алдагдал хүлээж байсан.

Төмөр замтай холбогдсон гэрээ хэлцлүүд, далайн боомт чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон

Одоо энэ бүхнийг шийдэх гарц оллоо. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлцлүүд, далайн боомт чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон” хэмээлээ. 

Түүнчлэн, Эрдэс баялаг эрчим хүчний дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулахаар талууд тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. 

Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай асуудлаар Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын Хөгжлийн банкны хэлэлцээр хийгджээ. Өнгөрсөн хаврын чуулганаар баталсан хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгааг мэдээллийн үеэр илүүтэй онцолж байсан юм.

Оюутолгойн гэрээ хэлцэл эрчимтэй яригдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 30 гэхэд Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудлыг хоёр тал ярилцаж шийдэлд хүрэхээр болжээ. Үүнээс гадна олон улсын арбитрын шүүхэд маргаантай байгаа асуудлыг хэтэрхий дөвийлгөх хэрэггүй гэсэн юм. Татварын маргаантай асуудлыг шийдэхээр хоёр тал ярилцаж байгаа юм байна. 

Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийн биелэлт Уул уурхайн яаманд 90 хувийн биелэлттэй байгаа бөгөөд шатахууны жижиглэнгийн үнийг тогтмол барьж чадсан, алтны борлуулалт сар тутамд нэмэгдэж байгаа сайхан мэдээг Д.Ганхуяг сайд уламжиллаа.