Д.Батсүх: Баахан ТУЗ хуралдуулдаг, цалингаа нэхсэн хүмүүс л байдаг
“Эрдэнэсант” АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Батсүх
2014.09.02

Д.Батсүх: Баахан ТУЗ хуралдуулдаг, цалингаа нэхсэн хүмүүс л байдаг

“Эрдэнэсант” АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Батсүхтэй төрийн өмчит компанийг үр ашигтай авч явах ямар байдаг талаар ярилцлаа.

-Төрийн өмчит компанийг алдагдалтай ажиллаж байна гэж шүүмжилдэг. Танай компани алдагдалтай ажиллаж байна уу. ТӨХК удирдаад явж байгаа хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

Манай салбарын хувьд улсын болоод олон улсын шинж чанартай замын засвар арчлалтыг хариуцдаг. Замын компаниуд ер нь алдагдал гаргаад сүйд болдоггүй ч үр ашиг багатай ажиллаж байна.

Юун түрүүнд төрийн өмчит компанийн хувьд техникийн шинэчлэлд хамрагдах шаардлагатай. Бусад хувийн компаниуд сайн чанартай техник оруулаад ирчихсэн. Харин ТӨК бол хоцрогдсон технологиор замаа засч нөхөж байгаа юм.

Түүнчлэн Төсвийн хуулийн хүрээнд ажилчдаа бага цалингаар ажиллуулахад хэцүү байдаг.  

-Үр дүн багатай гэдгийг тайлбарлахгүй юу?

Нэгдүгээрт өнгөрсөн жилүүдэд манай улс чанарын шаардлага хангахгүй

“Эрдэнэсант” АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Батсүх

замуудыг хүлээж авсан. Түүнийг нөхөж, засч арчилж яваа компаниудын технологи нь шаардлага хангахааргүй хоцрогдчихсон.

-Танайх нийт хичнээн ажилчидтай вэ?

Манайх 40 гаруй ажилчидтай. Эрдэнэсант ТӨХК маань Улаанбаатараас Арвайхээрийн чиглэлийн замыг хариуцдаг.

-Төрийн өмчит компанийг удирдахын зовлонтой тал нь юу вэ. Хүндрэл бэрхшээл тохиолддог уу?

Ер нь аливаа санал санаачилга гаргаж бизнес төлөвлөгөө хийлээ гэхэд яам, салбарын хэмжээнд танилцуулах гээд олон шат дамжлагыг дамжсаар яваад хасагдаж, танагдан хэрэгжүүлэхэд хэцүү болдог.

-Та жишээ нь компанийн захирлаар ажиллаад ямар шинэ санаачилга гаргасан бэ. Хэрэгжүүлсэн зүйл байгаа болов уу?

Ямар ч байсан төрийн өмчит компани дэргэдээ туслах үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй гэсэн санаачилга гаргаад явж байгаа.

Жишээ нь замын компани өвөл ажил багатай үедээ хажуудаа орчин үеийн төхөөрөмж бүхий мужаан цех ажиллуулаад хүмүүсээ ажилтай байлгах боломжтой. Ийм эрх нь ТӨК-д нээлттэй байдаг.

Түүнээс гадна улсын хэмжээнд яамны зүгээс шинэ техник технологи, төхөөрөмж худалдаж аваад АЗЗА-нууддаа бага үнээр түрээслээч гэсэн санал гаргасан явж байгаа.  

Ноднингоос эхлээд манай компани замыг нөхөхгүйгээр урт метрээр шууд хөрсийг нь боловсруулаад, одоо байгаа машиныг ашиглаад 100 ширхэг нүх нөхөх зардлаар 100 метр замыг шинэчилсэн.

Тийм учраас удахгүй яамны удирдлагуудад VELO CITY гээд шинэ технологийг танилцуулах гэж байгаа.  Хэрвээ ийм машинтай болчихвол дөрвөн хүний бүхэл өдөржингөө хийх ажлыг нэг машин хоёр минутын дотор хийх боломжтой болно.

-Ер нь төрийн өмчит компани байхын давуу тал юу вэ. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг утгаараа ашигтай ажиллах ёстой?

Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн давуу тал гэхээс илүүтэйгээр хариуцлага, үүргийн асуудал нэгдүгээрт тавигдана. Улсын болон олон улсын шинж чанартай зам гүүрийг хариуцаж байгаа учраас үүргээ ухамсарлах хэрэгтэй. Харин энэ хүрээнд  төрийн зүгээс хэрхэн дэмжиж байна вэ гэдэг асуудал гарна.

Олон улсын судалгаагаар Засгийн газрын дэргэд “Зам засвар арчлалт, замын төлбөр хураамж” гэсэн төсөл явж байгаа. Энэ хүрээнд манай улс замдаа  тодорхой хэмжээний хөрөнгө оруулдаг ч засвар арчлалтандаа дэлхийн жишгээс 5 дахин бага мөнгө зарцуулж байгаа нь муу үзүүлэлт гэдгийг гаргасан.

Энэ нь нэг талаар замын төлбөр хураамж бага, ашиглалт муутай холбоотой. Жил бүр зам завсар арчлалтын төсөв дандаа багаар батлагддаг. Гэсэн мөртлөө замын хураамжаас авч буй мөнгөний талыг нь л засвар арчлалт руу оруулдаг юм.  

Нэг үгээр хэлбэл АЗЗА-нууд бага мөнгөөр хоцрогдсон технологиор зам засч байна гэсэн үг.  Дээрээс нь 1960 оны стандартаар өдийг хүртэл явж байгаа нь харамсалтай.  

-Зарим хувийн компаниуд улс замаа  муу арчлах гэж зүтгэхийн оронд хувийнханд шилжүүлввэл үр ашигтай гэж байсан?

Замын салбар АЗЗА-ны хувьд ашиг харсан компани биш. Төрийн өмчит, үйл ажиллагааны доголдолгүй ажиллах, цалин хөлс нь хэвийн байх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа. Хувийн компани шиг ашиг хуваарилах асуудал байхгүй.  

Хувийн компаниуд аль болох өөрийн болгох янз бүрийн сонирхол байж болно. Гэхдээ одоохондоо хувийн компани хувийн зам бариагүй нөхцөлд  улсын замыг хувийн компани арчлана утгагүй.

ТӨК-иуд нэгдүгээрт хүн, технологи, замдаа анхаар гэж хэлмээр байна.

Харин концессоор ч юм уу, өөрийн зуун хувь хөрөнгө оруулалттай замаа барьчихаад хураамжаа аваад арчлаад явах нь өөр асуудал.  ТӨК-ийг хэн ч удирдсан бай хариуцлагатай байх хэрэгтэй. Одоогийн ТӨК-иудаа үр ашигтай байлгахын тулд ухаалгаар зоригтой, шийдэмгий бодлого гаргах хэрэгтэй.

-Танай ажилчдын дундаж цалин хэд вэ?

Дундаж цалин 300 мянган төгрөг. Өнгөрсөн хавар би Ийгл телевизээр энэ асуудлыг хөндөж ярьж байсан.  ТӨК-иуд нэгдүгээрт хүн, технологи, замдаа анхаар гэж хэлмээр байна.

Ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарья гэж төр засагт хэлмээр байна. Би хэдийгээр Ардчилсан намын нэг хэсэг ч гэлээ ажил хэрэгч шүүмжлэлийг хэлнэ.  

-Төрийн өмчит байгууллагуудын удирдлага ямар байх ёстой вэ. Сэтгэлгээний онцлог болон менежментийн талдаа асууж байна л даа?

Төрийн компанийн менежментийг сайжруулахын тулд асар олон зүйлийг шинэчилж өөрчлөх шаардлагатай.

Менежментийн удирдлага нь төсөв санхүүгээр дамжиж хэрэгждэг учир Төсвийн тухай хуулийн хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Тухайлбал аливаа компаниуд гүйцэтгэлээс нь санхүүжүүлнэ гэдэг. Ямар ч төлөвлөгөө менежментийн дэвшил хөрөнгө зарж байж эрсдэлгүй үр ашгаа хүртдэг.

Гэтэл болсон болоогүй ажил хийчихээд араас нь мөнгийг нь хөөцөлдөж авах нь үр ашиг гарах нь юу л бол. Мэдээж зах зээлийн нийгэмд үйлчилж байгаа төсвийн хууль том ч гэлээ, төсвийн зарцуулалтыг эерэг зөв хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудын чиг хандлагыг харахад удирдлагууд,  дарга нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулдаг. Манай ТӨК-иудад тийм зүйл байгаа юу?

Байхгүй. Ямар ч байсан манай салбарт дорвитой хийгдэж байгаа зүйл байхгүй. Баахан ТУЗ хуралдуулдаг, цалингаа нэхсэн хүмүүс л байдаг. Тэд нараас дэвшилттэй санаа оноо ярьдаггүй.

Зүгээр ус ч болохгүй, тус ч болохгүй байж байдаг.  Уг нь ТУЗ гэдэг бол жинхэнэ үр ашгийн талаас нь чиглүүлэх ёстой ш дээ. Бодлого боловсруулаад явдаггүй.

Ярилцсанд баярлалаа.