Шинээр тавигдсан замыг сүйтгэсэн иргэнээс нөхөн төлбөр гаргуулна
Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто зам барихаар 2012 оноос ажил эхэлсэн.
Хотын баруун, зүүн захыг холбох энэхүү зам нь 7 метр өргөнтэй, 2 эгнээтэй, явган зорчигчдод зориулсан 1,5 метр өргөн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамтай байхаар зураг төсөл нь батлагдаж “ЭСТО” ХХК ажлаа эхлээд байгаа юм. Одоогоор ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Гэтэл тус зам дагуу Зайсан толгойн хойд хэсэгт иргэн Л.Баяндалай барилга барьж, тухайн барилга руу бохир усны шугам татах зорилгоор шинээр барьсан автозам доогуур ямар нэг албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр хонгил гарган ухсан байна. Үүнээс болж шинээр барьсан авто зам цөмрөх аюултай болжээ.
Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, дүгнэлт гаргаж, тус барилгын цахилгааныг таслаад байгаа юм байна. Нийслэлийн удирдлагаас автозамыг хэвийн байдалд буцаан оруулахад шаардлагатай 28 сая төгрөгийг иргэн Л.Баяндалайгаар холбогдох хууль журмын дагуу гаргуулж, замын ажлыг үргэлжүүлэн явуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн энэ үйлдлийг санаатайгаар бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэг гэж үзэн Хотын захиргаа хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.