Ойрын хугацаанд 4000 ахмадыг орон сууцанд оруулна
Ахмадын орон сууц
2014.07.02

Ойрын хугацаанд 4000 ахмадыг орон сууцанд оруулна

Ахмад настнуудад үнэгүй байр өгдөг, бага хэмжээний түрээсээс гадна хэрэглэсэн ус цахилгааны төлбөрөө төлөөд амьдардаг гэх мэдээлэл нийслэлийнхэнд бий.

Гэхдээ хаана байрладаг, хэдэн төгрөгийн түрээстэй, хэрхэн хамрагдах боломжтой, одоо амьдарч байгаа өндөр настнууд хэр аж төрж байгааг тодруулах зорилгоор энэхүү сурвалжлагыг бэлдлээ. Сүхбаатар дүүргийн XI хороо, Цагдаагийн гудамж буюу Иргэний бүртгэл мэдээллийн төвийн баруун талд гэр хорооллын дунд байрлах 15 давхар хоёр барилга бол “Ахмадын хотхон” нэртэй.

Энд өндөр настнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй нөхцлийн улмаас орон гэргүй болсон 300 өрх өнгөрсөн өвлөөс эхлэн амьдарч байна. Хоёр барилга 25-37.3 ам.метр талбайтай дандаа нэг өрөөтэй.

Нэг кв.метр талбайн түрээсийн төлбөр нь сард 3000 төгрөг, тэгэхээр доод тал нь 75 мянга, хамгийн их нь 112 орчим мянган төгрөгийн түрээстэй гэсэн үг.

Дээр нь ашиглалтын зардлаа нэмж төлнө. Орон сууцны үнээ дагаад дээрх хэмжээний талбайтай нэг өрөө байрны түрээс доод тал нь 350 мянга орчим байгаатай харьцуулбал боломжийн. Ахмадын хотхонд амьдарч байгаа хөгшчүүл ч ам сайтай байх аж. Бид тус хотхонд амьдардаг иргэдтэй уулзаж, ярилцсан юм.

Ю.Таня хүү, бэр, ачтайгаа амьдардаг, өмнө нь Яармагт айлын хашаа байшин түрээслэн амьдардаг байсан гэсэн. Одоо гэр хороололд байснаасаа өртөг багатай амьдарч байгаа гэж байв. 87 настай Ж.Долгорсүрэн гуай ч төрийн сүлдэндээ залбирч, ахмад дайчин хөгшин минь тэнгэрт хальсан ч буяныг нь эдэлж байгаагаа ярив.

Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн болохоор өвөө эмээгийндээ ач зээ нар нь ирсэн болохоор тэр хавьд хүүхдүүд олон байх аж. Тэднийг харж суусан Г.Бат-Очир гэх өвөө “хүүхээ чамд хэлэх нэг юм байна аа" гээд таягаа тулан удаан гэгч явж сандалд тухаллаа. Байр сууцныхаа талаар ярих юм болов уу гэтэл “энэ УИХ-ыг тараамаар байна, эсвэл ажлаа хиймээр юм” гэж улстөржиж байна.

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болмоор байна гэхээр нь "Ерөнхийлөгч тийм хуулийн төсөл санаачилсан байна лээ" гэвэл “ээ гялай” гээд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бяцхан улстөржсөний дараа байрандаа хэр ая тухтай амьдарч байгааг нь асуулаа. Тэрээр их сэтгэл хангалуун байгаагаа хэлж, энэ хавийн ахмадуудын хүчийг ашигламаар байгаа юм гэж санал гаргав. Ахмадын хотхонд доктор, профессор, эмч эрдэмтэн, дуучнаас эхлээд мундаг хөгшчүүл олон гэнэ.

Тэднийг зохион байгуулаад өгвөл ядаж хүүхдүүдэд ээлжлэн үлгэр ярьж өгөхөөс эхлээд бага зэргийн талбайд ногоо тарих саналтай хүмүүс ч байдаг гэсэн. Төрийн буянаар яс амар амьдарч байгаагийн хэрэг юу билээ, хэрдээ таарсан ажил хийж тус болмоор байна гэсэн хүсэлтэй байдгаа өвөө ярив. Г.Бат-Очир анх 1971 онд байранд оруулж өгөөч гэж өргөдөл гаргаж байснаас хойш 42 жилийн дараа байртай болжээ. Дараа нь 1984 онд дахин өргөдөл өгсөн гэсэн.

Ахмадын хотхонд амьдардаг айлуудын төлөөлөл болгон Г.Батхүүгийнд айлчилсан юм. Тэрээр гэргий Ж.Мөнх-Өнөрийн хамт амьдрах ажээ. Оронгуут үүдэндээ ариун цэврийн өрөөтэй, гал тогоо нь нэг буландаа байрлах сүүлийн үеийн нэг өрөөнүүдтэй ижил зохион байгуулалттай.

Хуучин цагт лам хуврага байсан болов уу гэмээр их бурхан шүтээнтэй хоёр хөгшин 40 гаруй жил дунд сургуульд багшилжээ. Гэрийн эзэн залуудаа уулчин байсан, хамгийн өндөр 6000 метрийн өндөрт авирч байсан түүхээ ярив. Ж.Мөнх-Өнөр “хөгшин хүн өвлийн хүйтэнд түлээ нүүрс болж гал түлэх хэцүү.

Байранд орж чадалгүй нүд аних юм байна гэж бодож байтал сайхан байранд оруулж өгсөн" гэж хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарыг магтав. Ахмадуудад тулгардаг нэг бэрхшээл нь дээд давхарт амьдарч байгаа заримынх нь даралт нь ихэсдэг явдал. Уг нь зохицуулаад даралт нь хэт ихэсдэг хүмүүсээ доод давхарт байгаатай нь сольж нүүлгэсэн ч ихэнх нь байнга даралт өндөр байдаг ажээ.

Хүний амьдрал эрээнтэй бараантай болохоор “Ахмадын хотхон”-д янз бүрийн үйл явдал өрнөдөг талаар зохион байгуулагч Ц.Нансалмаа ярьсан. Заримынх нь үр хүүхдүүд аав, ээжийнхээ байранд амьдрахаар булаацалдахдаа тулдаг бол хамт амьдрах хүнгүй орь ганцаараа хүн ч байдаг ажээ. Асран хамгаалах хүнгүй зургаа, долоон хүн байдаг бөгөөд тэдний зарим нь Ц.Нансалмааг өглөө бүр манай хаалгыг тогшиж байгаарай. Би цаана нь орилж чимээ өгч байя, хэрвээ чимээ гарахгүй бол энэ утас руу залгаж мэдэгдээрэй гэж захидаг гэсэн.

“Ахмадын хотхон’’-ы баруун талд дахин 132 айлын орон сууцыг бариад эхэлж. Ийм гурван барилга барих юм байна. Гэхдээ тэр хавийн айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод нөгөө хоёр барилгынхаа суурийг тавиагүй хойшлуулжээ.

Уг нь айлууд газраа чөлөөлөөд өгсөн бол 396 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирэх арванхоёрдугаар сард шинэ орон сууцандаа суурьших боломжтой байлаа. Нэг дор олон ахмад настан оршин суудаг учраас хаалга салхинд савахаас хамгаалсан шилэн хаалт хийхээс эхлээд анхаарал халамж их шаарддаг гэнэ.

Хөгжпийн бэрхшээлтэй иргэддээ зориулж налуу шат шинээр барьж, 902 дугаар байрандаа бүхтэргэнцэртэи иргэдээ оруулах зэргээр зохион байгуулалтын ажлыг “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ хариуцдаг юм байна.

Хотхоныг гэр хорооллын дунд барьсан учраас цэвэр, бохирын шугамаа 900 орчим метрийн холоос татжээ. Өнгөрсөн шөнө барилгын материал ачсан 70- 80 тоннын даацтай машинууд

худгийг нь цөмөлсөн учраас оршин суугчид усгүй жаахан зутруу, харин “Ахмадын хотхон-1" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Отгонбат амьсгаа нэлээд дээгүүр байв.