Уран 2030 он хүртэл “моод”-ноос гарахгүй
“Дэлхийн ураны эрэлт 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа”
2014.06.25

Уран 2030 он хүртэл “моод”-ноос гарахгүй

 “Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” семинарийг Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУАийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС хамтран өчигдөр зохион байгууллаа.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Дэлхийн ураны эрэлт 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа” гэв. Тэрбээр Япон улс буцаад цөмийн энергиэ ашиглаж буйгаар жишээ татан “Иймээс манай улс уран олборлоход бэлтгэх, үйл ажиллагааны аюулгүйн дүрэм, хяналтаа сайжруулах нь зүйтэй” гэв. Өдгөө уран олборлолтоор дэлхийд тэргүүлдэг 19 орон бий гэнэ.

Казахстан, Австрали, АНУ, БНХАУ, ХБНГУ зэрэг тэдгээр улс 2012 оны байдлаар 58.3 мянган тонн уран олборложээ. Үүний 88 хувийг дэлхийд томд тооцогдох найман компани олборлосны 15 хувь нь Францын төрийн өмчит “Арева”-д ногдож байсан аж. “Арева”-гийн охин компани “Кожеговь” нь Дорноговь аймагт Дулаан-Уул, Зөөвчийн-Овоо ордыг илрүүлэн, туршилтаар уран олборлосон.

Тэнд хүн, амьтан хордсон, эсэх талаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлохоос тодруулахад, “Бага хэмжээгээр туршилтын олборлолт хийсэн. Ер нь мутацид орох, цацрагаас болж мал үхэхээр зүйл болоогүйг Цөмийн судалгааны төв тогтоосон” гэж хариуллаа. Бид хүнсний бүтээгдэхүүн, хөрснөөс ч цацраг авч байдаг гэнэ.

2011 оны байдлаар Монгол Улс 126.2 мянган тонн ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт эрэмбэлэгдэж байжээ.

(Зарим судлаач дээрх тоог 135 мянган тоннд хүрсэн гэж байв) Энэ нь дэлхийн нийт ураны нөөцийн ердөө 1.9 хувь юм байна.

Гэхдээ ойрын жилүүдэд манай улс батлагдсан нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд 3-5 дугаарт жагсах боломж бийг Н.Тэгшбаяр дуулгасан. Тэгвэл 2012 оны байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэгцээтэй ураны 86 хувийг улс орнууд олборлож байгаа гэх мэдээллийг МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, дэд профессор, доктор Б.Мөнхбат өгөв.

Тэгэхээр Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлд шаардагдах үлдэх 14 хувийн хэрэгцээг хангах нэг “тоглогч” болоход анхаарах хэрэгтэй гэнэ. 1993 оноос хойш дэлхийн ураны олборлолт эрс нэмэгдэхийн сацуу хэрэглээ ч мөн адил өсчээ. Одоогоор дэлхийд жилд 60 мянга орчим тонн уран олборлож байгаа бол ойрын хугацаанд дээрх тоо 96.5 мянгад хүрэх тооцоотой аж.

Дэлхийн зах зээл дэх ураны үнийг хамгийн хямдаар тооцож үзсэн ч нэг кг шар нунтгаас 27.55 ам.долларын ашиг олох боломжтой гэж байна. Улс орнуудын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 50 хувь өсөх төлөвтэйг МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор, доктор С.Даваа дуулгав.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа дэлхий нийтийн ураны хэрэглээ төдийлэн багасаагүй гэнэ. Тухайлбал, АНУ, Франц тэргүүтэй томоохон улс аюулг үй ажиллагаагаа сайжруулахад анхаарах болсноо мэдэгдсэн байна. Уран олборлосноор НҮБын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орон болон атомын цахилгаан станцтай 30 орчим улстай түншлэх ач холбогдолтойг семинарт оролцогчид хэлж байв.

Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсад 28 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмал хайх 143 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед улсын төсөвт 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлж байжээ. Өдгөө 13 компани 58 тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. Тэд төсөвт 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт юм. Манай улсад хуулийн дагуу бизнес эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа хүм үүстбодит байдлыг ойлгуулна гэдгээ Цөмийн энергийн газрын удирдлагууд дуулгав.