Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.06.25

Монгол Атомын цахилгаан станцыг ашиглаж л таарна гэж эрдэмтэд хэлэв

“Уран дэлхийг сөнөөх хүйтэн зэвсэг байсан үе бий.

Гэхдээ одоо дэлхийг аврах энхийн гал болчхоод байна” гэдгийг Монгол Улсын зөвлех инженер, доктор Ц.Түдэв хэллээ. Тэрээр өчигдөр Цөмийн энергийн газраас зохион байгуулсан “Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинарт оролцсон юм. Энэ удаагийн семинарт ШУА, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас гадна цөмийн физикчид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр уг арга хэмжээний үөэр ярихдаа “Манайх батлагдсан нөөцөөрөө дэлхийд 13-т жагсдаг.

Уран олборлоно гэхээр хүмүүс мөнгөтэй л холбож ярих юм. Үнэндээ цөмийн технологийг хөгжүүлэх нь дэлхий нийтийн асуудал.

Адаглаад атомын цахилгаан станцтай манай хоёр хөршид ямар нэгэн осол болоход монголчууд мэргэжлийн зүгээсээ юу хийх ёстойгоо мэддэг байх ёстой. Дээрээс нь Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ олон улсад зарласнаар НҮБ-аас манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд баталгаа гаргаж өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид цэрэг зэвсгээр биш дипломат яриа хэлэлцээрээр тусгаар тогтнолоо хамгаалах гадаад бодлогын чиг баримжаатайгаа харуулсан. Гэтэл энэ салбарыг мэдэхгүй хүмүүс нийгэмд буруу ойлголт өгч, иргэдийг айдаст автуулж, улс төрийн пиар хийх боллоо. Иймээс энэ салбарыг мэддэг, судалдаг эрдэмтдийг цуглуулан дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Манай улсад цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул хийх 58 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Гадаад, дотоодын компанид бид хариуцлагатай ажиллаж, хуулийн дагуу ажиллахыг шаарддаг. Монгол цөмийн зэвсэггүй улс, хог шаарыг нь булшлахгүй гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбар хариуцаж байгаа би ч хариуцлагатай мэдэгдсэн. Үүгээрээ олон улсын өмнө хариуцлага хүлээж байгаа.

Гэтэл ураны талаар ойлголтгүй яваа хүмүүст худал мэдээлэл өгч, мунхруулахыг оролдон хуулийн дагуу ажиллаж байгаа компаниудын ажлыг хийлгэхгүй байна. Улаанбадрах хордлоо гэж шуугисан. Бид газар дээр нь мэргэжлийн хүмүүстэй очиж ажилласан байгаа. Хордсон гээд байгаа айлд нь би өөрөө очиж хоолыг нь идэж, цайг нь ууж хоносон. Зүгээр л байна” гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлэг оролцсон эрдэмтэд уран олборлох, атомын цахилгаан станцтай олох нь эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчинд хөнөөл багатай гэдгийг тодотгон хэлж байв.

Тухайлбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор, доктор С.Даваа, “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглана гэсэн төрийн бодлого угаасаа байж байгаа. Одоогийн Засгийн газар цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлыг жаахан царцаасан. Гэхдээ ашиглахгүй, бүр болиулна гэж хуульд өөрчлөлт оруулсан зүйл алга.

Цөмийн эрчим хүч чинь яс ярьвал ногоон эрчим хүчинд ордог. Нүүрс шатаадаг станцаас 45 дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг. Тийм учраас дэлхий нийтэд тулгараад байгаа хүлэмжийн хийг багасгахын тулд атомын цахилгаан станцыг ашиглая гэж ихэнх улс үзэж байгаа. Монгол Улс мөнхөд орших юм бол үүнтэй тулгарч таарна.

Тэр үед уранаа, цөмийн эрчим хүчээ ашиглахын тулд одооноос боловсон хүчнээ, техник хэрэгсэл, шийдлээ боловсруулах хэрэгтэй. Японд болсон ослын дараа улс орнууд атомын цахилгаан станц ашиглахаа болъё гээгүй. Одоогийн байдлаар ердөө гурван улс л ашиглахаас татгалзсан. Харин бусад улс аюулгүй байдлыг нь улам сайжруулж ашиглана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

Харин ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлох, “Дулааны цахилгаан станцаас гарч буй утаа, үнснээс гарч буй цацраг идэвх цөмийн цахилгаан станцынхаас олон зуу дахин өндөр гэдгийг наад захын хэмжилт, тооцоо гардаг.

Уран олборлохгүй байна гэдэг цацраг идэвх ялгарахгүй гэсэн үг биш. Уран байгаль дээр задарч цацраг идэвх ялгаруулж байгаа. Бид цээжний рентгэн зураг авахуулахад хүртэл цацраг туяанд өртдөг шүү дээ. Ийм учраас цөмийн энергийг зөв бодлогоор, хатуу хяналтын дор ашиглах талаараа одооноос бэлдэж байх хэрэпгэй. Дэлхийн бусад улсын адил цөмийн эрчим хүчийг ашиглах сонголт бидэнд ирж л таарна” гэв.

МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, доктор Б.Мөнхбатын хувьд, “Дэлхийн нийт ураны 64 хувь орчмыг Казахстан, Канад, Австрал улс олборлодог. Олборлосон ураны 45 хувийг газар доор уусгах аргаар гаргаж авдаг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд зарлагатай арга гэж үздэг. “Арева” компани ийм технологиор олборлодог гэсэн. 1993 он хүртэл ураны олборлолт буурсан ч эргээд эрчимтэй өссөн байгаа. Манай улс уран олборлож гадаад улсад зарах нь зөв болов уу гэж боддог” гэсэн юм.