Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн (ҮАБЗССХ)-гийн захирал Д.Ганбат
2014.06.11

Цөмийн энергийн газар Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана

Монгол Улс гадаад бодлогодоо үндэсний ашиг сонирхлыг дээдлэх, дэлхийн бүх улстай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх болон энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтад өөрийн боломжийн хэрээр идэвхтэй хувь нэмэр оруулах зорилт тавьдаг.

Тэгвэл өнөөдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн (ҮАБЗССХ)-гийн захирал Д.Ганбат  нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь  УИХ-аар батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг чиглэл болгон олон улсын харилцаа, цөмийн энергийн салбарын хүрээнд мэдээлэл солилцох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, семинар, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах зэргээр хамтран ажиллахад оршино.

ҮАБЗССХ нь ЦЭГ-тай хамтран Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох ажлын хүрээнд “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр олон улсын гэрээнд нэгдэн орохтой холбогдсон судалгаа” сэдэвт төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн зорилго нь Цөмийн энергийн салбарт үйл ажиллагаа явуулж буй орнуудын бодлого, эерэг болон сөрөг тал, бэрхшээл, эрсдэлийг судалсны үндсэн дээр эдгээр баримт бичигт нэгдэх явдал нь Монгол Улсад ямар боломж, эрсдэл учруулахыг үндэсний аюулгүй байдлын зүгээс судалж, дүгнэлт гаргахад орших юм.

Дашрамд дурдахад энэ сарын 24-25-ны өдрүүдэд ОУАЭА-ийн Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран цөмийн энергийн салбартай холбогдолтой олон улсын эрх зүйн баримт бичиг, нэгдэн орсон улсын хүлээх үүрэг зэрэг сэдвээр семинар зохион байгуулах юм байна.