"Студи 4" ярилцлага
2014.06.02

Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхэд эргэлт буцалтгүй ажиллана

 UBS телевийн "Студи 4" нэвтрүүлэгт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцлоо.

- Саяхан Олон улсын цөмийн энергийн агентлагийн Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Акуна Монголд ирээд явсан. Таван чиглэлээр асуудал яригдсан гэж сонслоо. Чухам юу ярив? Танай газарт ямар дүн тавив?

Манай Цөмийн энергийн газар нэгдүгээрт цөмийн технологи нэвтрүүлэх, хоёрдугаарт цацрагийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Олон улсын цөмийн энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газар олон улс хоорондын асуудлыг хариуцдаг. Тус газрын Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан Оскар Акуна гэдэг хүн миний урилгаар айлчлаад явлаа. Айлчлал амжилттай болсон. Акуна хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Эрүүл мэндийн яамны хүмүүстэй уулзаж таван үндсэн асуудлыг ярилцсан.

Өнгөрсөн хугацаанд бид цөмийн технологийг нэвтрүүлэх төслүүд дээр хамтарч ажилласан. Хийгдсэн төслүүдэд үнэлгээ өгсөн, хэрэгжиж буй төсөлтэй танилцсан, ирээдүйд хэрэгжих төслүүдийн талаар ярилцсан. Нийтдээ таван төслийн асуудал яригдаж байна. Нэгдүгээрт хүний эрүүл мэндтэй холбоотой төслүүдэд үнэлгээ өгч сайн дүн тавьсан ...

Урантай холбоотой асуудал Цөмийн энергийн тухай хуулиар, Тагнуулын байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хараа хяналтан дор яригддаг. Тиймээс уран олборлоно гэдэг бусад ашиг малтмалын асуудлаас тусдаа явдаг.

Миний бодлоор хайгуул хийгээд олсон болгоноо ухаж төнхөөд байх хэрэггүй. Зөвхөн цөөн тооны стратегийн орд газартай байхад л болно. Ялангуяа ураны олборлолтыг маш бага талбайд хийдэг.

- Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх конвенцид нэгдсэн. Цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласан. Гэхдээ үүнийгээ НҮБ-аар баталгаажуулна гэдэг том ажил. Цөмийн том гүрнүүд болох хоёр хөрш маань ч хүлээн зөвшөөрсөн. Харин үүнийгээ улам баталгаажуулах ямар ажил хийгдэж байна вэ?

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болсон таван орон Монгол улс бол цөмийн зэвсэггүй улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь нэг талаас дипломат замаар улс орны аюулгүй байдлыг хангана гэсэн манай гадаад бодлоготой нийцдэг. Монгол улсын энэ байр суурь бусад улс ийм статусыг бэхжүүлэхэд том түлхэц, үлгэр жишээ болж байна гэдэг нь сая Ерөнхийлөгч Хятадад айлчлах үеэр харагдлаа.

- Бид нүүрс олборлох, түүнийг хааш нь тээх, юугаар тээх талаар ярьсаар байгаад зургаа, долоон жил болчихлоо. Гэтэл Хятадад нүүрсний зах зээл хумигдчихлаа. Харин одоо уран олборлох эсэх талаар маргасаар л байна. Яг нүүрс шиг хий маргалдсаар бас нэг эдийн засгийн салбарын үүд хаалгаа хаачих вий гэсэн айдас байна.Энэ талаар та юу гэж бодож байна?

Нэг л зүйлийг би бодож байна. Эх орноо хөгжүүлье л гэж. Юун түрүүнд цөмийн энерги Монгол хэрэгтэй үгүй юу, хэрэгтэй бол чухам юу нь хэрэгтэй вэ гэж боддог. Бодлого, хууль нь гарчихсан энэ салбарыг хөгжүүлэхэд эргэлт буцалтгүй ажиллана. Элдвээр хэлүүлэхэд айгаад байх юм алга. Яагаад гэвэл ачаа үүрэх гэж энэ ажлыг авсан болохоос айж зугатах гэж ирээгүй.