С.Бямбацогт: Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ?
ИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй” гэж дүгнэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна
-Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн үг маань сүүлдээ суларсаар эдийн засгийн уналтыг зогсоох гэдэг байдлаар их л бөөрөнхий юм болж дуусах нь.
Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ гэдэгт хариулт олдоггүйтэй адил бас эдийн засгийг эрчимжүүлэх эсэхэд мөн л хариулт байхгүй болох юм байна. Харин буруутан нь УИХ болох юм байна гэж Ерөнхий сайдын үгнээс ойлголоо. Өнгөрсөн хугацаанд 29 хуулийн төсөл өргөн барилаа, их л цөөхөн нь батлагдлаа, та нар л баталсангүй гэж Ерөнхий сайд хэллээ.
Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна гэсэн ойлголт авлаа. Харамсалтай байна. Өргөн барьж байгаа хуулийн төсөл нь чанарын шаардлага хангаж байна уу, иргэдийн амьдралд нэмэртэй юу гэвэл тийм биш байна. Газрын тухай хуулийн төслийг улстөрчид мушгин гуйвуулж иргэдэд буруу ойлголт төрүүлж байгаа учраас татаж авлаа гэсэн. Үгүй ээ, бид буруу ойлголт төрүүлээгүй.
Өргөн барьсан хуулийн төсөлд байгаа “Мал аж ахуйн бэлчээрийг эзэмшүүлнэ. Гадаадын хөрөнө оруулалттай компанид газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдана” гэж тусгасан байсныг л бид эсэргүүцсэн. Газар тариалангийн талбайг хувьчилж болохгүй гэдэг асуудлыг л бид ярьсан. Ингэж өөрсдөө битгий мушгин гуйвуулж бай.
Хоёрдугаарт, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдээс10 хувийн татвар авчихаад 90 хувийг буцаан олгоно гэсэн төсөл Засгийн газар өргөн барьсан. Ингэж аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал гаргаж, төрийн дарамт үзүүлэх хэрэггүй, үүний оронд шууд нэг хувийн татвартай болгоё гэж хэлэлцүүлгийн үеэр 53 гишүүний 35 нь дэмжсэн. Гэтэл Засгийн газраас УИХ аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнгүй, түүн дотроо УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг унагалаа гэж хангалттай ташаа мэдээлэл цацлаа.
Манай бүлгийн гишүүд нэг хувийн татварын хуулийн төсөл өргөн барьсныг харин Ерөнхий сайд та дэмжээд өгөөрэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төсөл нь жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд чиглээгүй. Тэгсэн мөртлөө авлига авсан, гадаадад оффшор данстай хүмүүсийг өршөөх, нотлох баримтыг устгах, энэ тухай мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг 5-50 сая төгрөгөөр торгох заалт оруулж ирсэн учраас бид эсэргүүцэж байгаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Газрын тухай хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. Монголын газар нутгийг худалдчих юм байна гэсэн зохион байгуулалттай кампанит ажил өрнөсөн учраас Засгийн газар хуралдаанаараа ярилцаад буцаан татахаар болсон.