Х.Тэмүүжин сайд Эдийн засгийн өршөөлийн хууль гарах цаг болсон гэв
УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.
Байнгын хорооноос "Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын бааз, суурийг өргөтгөх чиглэлээр Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх" гэсэн санал орж ирж, гишүүдийн дэмжлэг авлаа.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эдийн засгийн өршөөлийн хууль гарах цаг нь болсон гэдгийг хэллээ.
"Эдийн засгийн Өршөөлийн хууль нь Монгол улсад зайлшгүй авах ёстой арга хэмжээ болоод байгаа юм. Энэ эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолтой холбоотойгоор асуудлууд ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсэж байна вэ гэхээр монгол улсад эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн тодорхой хэсэг нь далд хэлбэрт явагдаж байна. Өөрөөр хэлбэл хууль бус, зөвшөөрөгдөөгүй гэсэн үг. Тэр мөнгөөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, ил гарах юм бол хууль хүчний байгууллагууд шууд орж ирээд хөрөнгө оруулалтыг нь үгүйсгэж, боймлодог, ажлын байрыг нураадаг нөхцөл байдал байна. Тийм учраас бид одоо гаднаас хөрөнгө оруулалт татахаас гадна дотроо байгаа, нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, айдасгүй болгохгүй бол эцсийн дүндээ баялаг бүтээгчид маань хуримтлал үүсгэсэндээ, бизнес эрхэлсэндээ, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгож байгаадаа өөрөө гэмт хэрэгтэн буруутгах нөхцөл байдал руу орж эхэлж байна. Дээр нь манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран, дайрдаг болж эхэлж байна. Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим нэг бизнес, улстөрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж эхэлж байна. Бид одоо хуулийн шинэтгэл хийж байгаа бол одоо нэг зураас татья. Энэ зурааснаас өмнө энэ хуулиуд үйлчлэхгүй, одоо дүрмээрээ тогльё гэсэн цэгээ гаргаж өгөхгүй бол үнэхээр саармаг үр дагаварууд үүсэж байна"